Орос улс Сирийн асуудлаар Өрнөдтэй хамтран ажиллаж, Украины зөрчлийг зохицуулбал түүнийг “Их найм”-д буцааж оруулж болох юм гэж Германы Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер “Bild” сонины сурвалжлагчтай ярилцахдаа мэдэгдсэн байна. Эдгээр болзлыг хангачихвал тэргүүлэх гүрнүүдийн хооронд болдог яриа, маргаандаа Оросыг оролцуулахгүй байх сонирхол Өрнөдөд байхгүй гэж тэрбээр хэлжээ.Түүний хэлснээр бол Сири дэх дайнд удаан хугацаагаар оролцоод байхыг Орос хүсэхгүй, зөрчлийг түргэхэн шиг зохицуулчихаад энэ байдлаас гарах бодолтой байгаа аж. Ойрхи Дорнод дахь үйл явдлаас үүдэн олон сая лалын шашинтантай Орос улсад ноцтой аюул заналхийлж буйг дутуу үнэлж болохгүй гэж Германы сайд үзэж байна.
2014 оны гуравдугаар сараас АНУ болон Европын холбоо, бусад улс Оросын эсрэг хэд хэдэн удаа хориг тавиад байгаа юм. Түүнд ялангуяа эрчим хүч, санхүү, батлан хамгаалах салбарт үйл ажиллагаа явуулдаг Оросын компаниуд хамрагдсан. Зарим хувь хүн ч үүнд багтсан юм.Франц, Их Британи, Орос, АНУ, Герман, Япон, Итали, Канад улсуудыг нэгтгэдэг “Их найм”-аас Оросыг гаргаснаар 2014 оны гуравдугаар сараас яриа хэлэлцээний энэ талбар оршин байхаа больсон. “Их долоо” хэмээх олон улсын клуб 1998 оноос Оросыг эгнээндээ оруулж “Их найм” болсон юм.