Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон Сирийн байдал хийгээд Сири, Иракт “Исламын улс” бүлэглэлтэй тэмцэх арга хэмжээний талаар Францын Ерөнхийлөгч Франсуа Олландтай ярилцахаар өчигдөр Парист очив. Франсуа Олландтай энэ долоо хоногт хийхээр төлөвлөж буй дипломат яриа хэлэлцээнүүдийн эхнийх нь энэ бөгөөд цаашдаа Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель нартай уулзах аж. Кэмерон, Олланд нарыг алан хядах ажиллагаа болон “Исламын улс”-тай хийх тэмцэлд хамтран ажиллах асуудалд голлон анхаарна гэж Даунинг-Стритийн албан ёсны төлөөлөгч урьд нь мэдэгдэж байсан юм.
Ирак, Сирид “Исламын улс”-д цохилт өгч буй 65 улсын эвсэлд Франц орж буй юм. Парист болсон аллагын дараа Франц улс бөмбөгдөхөө ихээхэн эрчимжүүлж буй юм. Тэгвэл Британи улс парламентаасаа зөвшөөрөл аваагүй тул Сирид “Исламын улс”-ын эсрэг эвслийн хүчний явуулж буй ажиллагаанд оролцохгүй байгаа. Гэлээ ч Францад дэмжлэг үзүүлэхээр хөлөг онгоцоо Сири рүү илгээгээд буй. Зөвшөөрөл авахаар Английн Засгийн газар парламентдаа дахин хандахаар төлөвлөж байгаа аж. Хоёр долоо хоногийн дараа “Исламын улс”-ын байрлалд цохилт өгч эхлэхийг Их Британийн канцлер Жорж Осборн үгүйсгэхгүй байна.