Бээжин хотын нисэх онгоцны “Столица” хэмээх гол буудал амралтын өдрүүдэд умард нутагт нь их цас орсны улмаас түр зогсоогоод байсан үйл ажиллагаагаа өчигдөр өглөөнөөс сэргээв. Зарим нислэгийг ухрааснаас цаг нь нэлээд зөрж буй ч онгоцнууд нисэж, буусаар байна. Цас их орж, хүйтэрсэн тул Бээжин хот, Хэбэй муж, Өвөрмонголд цаг уурын байдал нэлээд хүндэрсэн аж. Бээжинд хурдны зарим замыг хаажээ. Тэгвэл алс баруун зүгийн Финландад өнгөрсөн баасан гаригт хаялж эхэлсэн цас бямба гаригт үргэлжлэн орсноос 60 мянган айл цахилгаангүй болсон байна. Цасны зузаан Финландын төв хэсэгт 12 см хүрсэн аж. Дээр нь унасан цасыг даалгүй модод ойчсоноос зам харгуй бөглөрсөн байна. Хельсинки хотод машин мөргөлдөж, хүний амь ч хохирчээ.