Энэ сарын 14-ний шөнө Парист үйлдсэн алан хядах ажиллагаанд оролцогчдын нэг Салах Абдесламыг баривчлах ажиллагааг Бельгийн хууль сахиулах байгууллагынхан Брюссель хотноо 19 удаа явуулж, 12 хүн баривчилжээ. Зэвсэг болон тэсэрч дэлбэрэх бодис олоогүй гэнэ.
Уг ажиллагааг өнгөрсөн ням гаригийн үдэш эхлүүлжээ. Харамсалтай нь саатуулсан хүмүүсийн дотор мөнөөх Салах Абдеслам байсангүй. Түүний садангийнх нь хүний гэрт очоод ч энэ этгээдийг олоогүй аж. Зарим баримтаар бол Салах Абдесламыг BMW унаад давхиж явахыг нь харсан гэх дүүрэгт тусгай ажиллагаа явуулаад ч нэмэр болсонгүй. Нөхцөл байдлаас үзвэл түүнийг Герман улсын зүг явсан гэж таамаглаж болохоор байгаа юм байна. Сүүлийн долоо хоногт Бельгид 30 гаруй удаа тусгай ажиллагаа явуулж, 20 гаруй хүн баривчилжээ. Тэднээс таваас бусдыг нь байцаагаад явуулсан байна.
Парист үйлдсэн алан хядах ажиллагааг Абдельхамид Абауд гэгчийг зохион байгуулсан гэж үзэж буй бөгөөд түүнийг Францын хүчнийхэн устгасан юм. Энэ сарын 18-нд явуулсан ажиллагааны явцад бас гурван хүний амь үрэгдсэн. Парист үйлдсэн алан хядах ажиллагааг АНУ-ын нутаг дэвсгэр дээр давтагдах боломж бүрэн бий гэж үзэж буй аж. Химийн зэвсэг хэрэглэн алан хядах ажиллагаа үйлдэж болохыг Францын Батлан хамгаалахын сайд Жан-Ив Ле Дриан үгүйсгэхгүй байна