Сирийн Ерөнхийлөгч Башар Асад өнгөрсөн ням гаригт Хятадын “Phoenix TV” телевизийн сурвалжлагчтай ярилцахдаа АНУ тэргүүтэй эвсэл тус улсад алан хядах ажиллагаатай нэг жил тэмцэхдээ олсноос илүү амжилтад Орос улс хоёр сарын дотор хүрлээ гэж мэдэгджээ. Энэ хугацаанд Сирийн байдал сайжирч буй гэж тэрбээр хэлсэн байна. “АНУ тэргүүтэй эвслийн нэг жилийн ажиллагааны үр дүнд алан хядагчид газар нутгаас маань эзэлж авсан хэмжээ л нэмэгдэх шив. Оросууд орж ирснээр харин тус бүлэглэлийн дайчид ухарч, олон мянгаараа Сириэс Турк болон бусад улс руу, зарим нь бүр Европ руу зугтсан нь үгүйсгэх аргагүй баримт” гэж Башар Асад хэлсэн байна.
Энэ сарын 20-нд Оросын Ерөнхийлөгч Путин Батлан хамгаалах яамныхаа удирдлагын илтгэлийг сонсоход сүүлийн дөрөв хоногт алан хядагчдаас хэдэн зууг устгасан мэдээтэй байв.Оросын цэргийнхэн Сирийн Засгийн газрын дайчидтай хамтран ажиллаж буй аж. Асадын хэлснээс үзвэл Сирийн арми бүх фронтоор давшилтад орсон байна. Сиричүүдийн хооронд “Москва-3” яриа хөөрөө хийхэд Дамаск бэлэн гэж Асад мэдэгджээ. Венад ярилцаад сонгууль явуулах, шинэ Үндсэн хууль батлахаар шийдсэн юм билээ. Тэгэхдээ эцсийн эцэст шийдвэрийг сиричүүд өөрсдөө гаргах ёстой. Тиймээс ярилцах шаардлагатай байна гэж Асад хэлсэн байна.Сирид иргэний дайн эхэлснээс хойш хэдэн жил болоход Ерөнхийлөгч Асад хилийн дээс ер алхаагүй байтал өнгөрсөн сарын 21-нд түүнийг Москвад ирсэн тухай мэдээлэл түгсэн нь шуугиан тарьсан юм.
Башар Асад аравдугаар сард Ираны телевизийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа “Улс орныг маань хямралаас гаргахад тус болох юм бол огцроход бэлэн. Тэгэхдээ энэ шийдвэрийг Сирийн ард түмэн гаргах ёстой” гэж хэлж байсан юм.Түүний үзэж буйгаар Өрнөдийн орнууд нэг гараараа Сирийн дүрвэгчдийг буудаж, нөгөө гараараа тэднийг тэжээж байгаа гэлээ.