Улаанбаатарт өдрөөс өдөрт өндөр сайхан барилгууд сүндэрлэсээр, дөрвөн уулын дунд нийслэлчүүд дээшээ л “цойлсоор” байна. Барилгын компаниуд ч сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмж ашиглан өрнө гэдгийг яралзуулж, хормын зуурт 9-10 давхар барилга барьчихдаг болсон гэхэд хилсдэхгүй.
Өндөр сайхан барилгууд сүндэрлэж, улсын нийслэлд өнгө нэмж буй нь сайшаалтай ч, тэнд ажилладаг барилгачдын амь нас, эрүүл мэнд гүйцэтгэгч, захиалагч компанийн удирдлагуудад огт хамаагүй байдаг гээд хэлчихэд гүжирдсэн болчихгүй биз. Удахгүй барилга барих ажил нийслэлд ч, орон нутагт ч эхэлнэ.
Үүнийг дагаад хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын журам зөрчигдөж, хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хэрэг шил шилээ дараад л гарах болно. Ийм аюулаас урьдчилан сэргийлэх ажлаа холбогдох байгууллагууд нь эртхэн хийгээсэй гэсэн үүднээс манай сонин энэ удаагийн “Дугаарын онцлох сэдэв”-ээрээ барилгын аюулгүй ажиллагааны талаар хөндөж байгаа юм.
Төрийн хяналт шалгалтын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага нь гэнэтийн шалгалт хийх боломжгүй, очихоосоо өмнө заавал мэдэгддэг. Шалгалт ирэх тухай мэдэгдэл авсан барилгын компаниуд “нүглийн нүдийг гурилаар хуурна” гэгчээр хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчөөгүй, хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа мэтээр харагдуулж чаддаг.
Гэвч хяналт шалгалтынхны бараа далд ороо ч үгүй байхад осол гарч, хүний амь үрэгдэх тохиолдол нэг бус удаа гарсан. Баянзүрх дүүрэгт барьж буй христийн шашины нэгэн сүмийн барилгад шалгалтаар очсон улсын комиссын байцаагч “гурилдсан” шатнаас нь унаж амиа алдсан тохиолдол бий.
Уг нь барилгын компаниуд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаандаа төсвийнхөө хоёрхон хувийг зарцуулах ёстой байдаг юм билээ. Гэтэл олох ашгаа илүүд үзэж, гарах эрсдэлийг үйл ойшоон, ажилчдаа боол мэт үздэгээс л хүний амь нас, эрүүл мэндийг хохироож байна.
Барилгын компанийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын инженерээр ажиллаж байсан нэгний ярьж буйгаар ажилчдадаа хямд үнэтэй хамгаалах малгай, бүс, бээлий тавьж өгдөг гэнэ.
Өглөө ажилдаа гарахад нь хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өгсөн мэтээр хоосон цаасан дээр гарын үсэг зуруулаад шалгалт ирэх үед нөхөж бичин наадаг гээд дандаа л нүд хуурсан ажил хийдэг байна.
Хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын зардлаа нэмэхийг барилгын компанийн удирдлагаасаа шаардахад “Чи наагуураа зохицуул” гээд халгаадаггүй гэж ярьж байх юм. Тэгэхээр хямд зардлаар ашиг олж л байвал тэнд ажиллаж буй барилгачдын амь нас, эрүүл мэнд хохирох юу ч биш бололтой.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл 2012 оны есдүгээр сарын 10-нд “Барилгын захиалагч байгууллагууд болон гүйцэтгэгч компаниуд, тэдгээрийн эзэд төрийн хууль тогтоомжийг зөрчих, дур зоргоороо авирлах, үл тоомсорлох, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны наад захын дүрэм, журмыг биелүүлдэггүй байдал хавтгайрч, газар авснаас хүний амь нас хохирсон осол эндэгдэл гарсаар байна.
Нийслэлийн Засаг дарга миний бие 2012 оны есдүгээр сарын 7-нд “Зөвшөөрөлгүй эхэлсэн барилгын ажлыг зогсоох тухай” А/557 дугаар захирамж гаргасан бөгөөд үүний дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа нийт барилга байгууламжийн ажилд ашиглагдаж буй машин, механизм, тоног төхөөрөмж, өргөх байгууламжуудын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны арга технологи, шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгах, гэрчилгээжүүлэх ажлыг нэн даруй зохион байгуулахыг барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлж байгаа бүх шатны байгууллагын удирдлагууд, компаниудын эздэд үүрэг болгож байна.
Хариуцлагагүй байдлаас үүдэж иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдлыг цаашид гаргуулахгүй байх, үүнийг таслан зогсоохын төлөө Нийслэлийн Засаг даргын зүгээс шийдвэртэй бүх арга хэмжээг авч, буруутай албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэн, шаардлагатай гэж үзвэл барилгын тухайн гүйцэтгэгч компанийн барилга барих тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авч шаардлагаа эрс өндөржүүлэн ажиллах болно” гэж мэдэгдсэн билээ.
Ийн мэдэгдсээр байтал нөгөө барилгын компаниуд нь бахь байдгаараа, осол эндэгдэл гаргасаар байгаа юм. Зөвхөн 2015 онд л гэхэд хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын хууль, журам зөрчигдсөнөөс 23 удаа осол гарч, 14 хүн амиа алдаж, 13 хүн эрүүл мэндээрээ хохирч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эгнээг тэлсэн гэх харамсалтай тоо баримт байна.
Хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон зарим барилгын компанид төр төмөр нүүрээ харуулах ёстой атал хэрэгжихгүй, харин ч үргэлжлүүлэн босгочихдог. Цөөн хэд нь араг яс шиг хэрзийсэн карказууд босгосон нь байшин ч болохгүй арзайж байгаа нь ч бий.
Хууль хяналтын байгууллагаас үйл ажиллагааг нь зогсоосон учраас ийм карказуудын ирээдүй бүрхэг байгаа гэдэг. Захиалагч талынхан барилгаа ийм байдалд хүргэхгүйн тулд гүйцэтгэгч талынхандаа хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлаа чанад сахихыг сайтар шаардах хэрэгтэй санагдана.
Г.РАВЖАА
ИНФОГРАФИК

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
Аюул зайлуулагч
Хан-Уул дүүрэгт, баригдаж байсан барилгын гаднах дүүжин өргөгчийн трос тасарч, дээр нь байсан гурван залуу шаттайгаа унан, хоёр нь газар дээрээ амьсгал хураасан осол хэдэн жилийн өмнө гарч байв. Гэтэл энэ үед хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах үүрэгтэй инженер нь согтуу байсан гэдэг. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг үл ойшоосноос болж нэг үе бараг өдөр бүр барилгын осол гардаг байв.
Зөвхөн ашиг харж, мөнгө хөөсөн хүмүүс энэ салбарынхны нэр нүүрийг ингэж сэвтүүлж байгаа ч, нийгмийн хариуцлагаа ойлгож, ажилчдынхаа амь бие, эрүүл мэндэд санаа тавьдаг нь цөөнгүй бий. Тухайлбал, “Номин констракшн энд девелопмент” компанийнхан олон жилийн турш осолгүй ажиллаж байна.
Тус компанийн төслийн менежер Б.Ган-Эрдэнэ “Манайх жил бүрийн дөрвөөс аравдугаар сар хүртэл хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм мөрдөх аян зохион байгуулдаг. Мөн манай компани Хөдөлмөрийн аюулгүй байдлын (ХАБ) тусгай албатай. Үүний үр дүнд ойрын жилүүдэд зөрчил гараагүй” хэмээн ярив.
Өчигдөр өглөөний нар ургахаас урьтан босож, Туул голын хөвөө, Маршалын гүүрний дэргэд байрлах “River garden” хотхоныг зорилоо. Энд “Номин констракшн энд девелопмент” компанийнхан “River garden 2”, “Time square” 1, 2 төслүүдээ хэрэгжүүлж байгаа юм. Бид “Time square 1” хотхонд баригдаж буй барилгын ойролцоо ирэв.
Энэ хотхоны дийлэнх хэсэг ашиглалтад орсон бөгөөд заримынх нь барилга угсралтын ажил нь дуусчээ. Тус хотхоны 508 дугаартай барилгын ажлыг “Эрдэнэт-Орчлон” компани гүйцэтгэж байгаа аж. Өглөөний 07.30 цагаас компанийн ажилчид барилгын талбай руу цувж эхэллээ.
Ажлын хувцсаа өмссөн залуус хоёр гурваараа ирж хашааны үүдэнд зогсох манаачид үнэмлэхээ үзүүлэн дотогш орно. Биднийг үүдэнд очиход барилгын туслах инженер Б.Одонгарав гэх залуу ирж, харуулаас дотогш оруулахыг хүсэв. Харуул хариуд нь хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтнаас зөвшөөрөл авч байж оруулна гэлээ.
Энэ хооронд компанийн ажилчид гүйцэд цугласан бөгөөд энэ өдрийн ажлын бэлтгэл болох зааварчилгаа авахад бэлэн болжээ. Хэсэг зогссоны дараа бидэнд хамгаалалтын малгай, хэрэгсэл өгч, барилгын талбай руу оруулав. “Эрдэнэт-Орчлон” компани “Номин констракшн энд девелопмент”-тэй олон жил хамтарч буй бөгөөд уг төсөлд 200 гаруй хүн ажиллаж байгаа гэнэ.
Тус компанийнхан даваа гариг бүрийн өглөө ажилчдадаа хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалт хийдэг юм байна. Харин өчигдөр лхагва гариг байсан тул өглөөний дасгалаа хийсний дараа хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах инженер О.Улаанхүү зааварчилгаа өглөө. Тэрбээр хэд хоногийн өмнө ойролцоох барилгын гадна ажиллаж байсан мужаан шатнаас унаж хүнд бэртсэн тухай сонссон байна.
Мөн мужаан тухайн үед бэхэлгээгүй байсныг ч мэджээ. Тиймээс барилгын гадна өндөрт ажиллахаар болбол заавал бэхэлгээ, бүс ашиглах хэрэгтэй гэв. Өчигдөр гурван хүн барилгын гадна ажиллахаар төлөвлөсөн байжээ. О.Улаанхүү инженер компанийн нярваас гурван бүс авч, сайтар шалгаад барилгачдад өглөө.
Барилгын норм, стандартын дагуу 1.3 метрээс дээш өндөрт ажиллаж буй тохиолдолд хамгаалалтын бүс зүүх шаардлагатай болдог аж. Ингэхдээ тусгай туршилт давсан, зориулалтын бүс ашиглах ёстой гэнэ. Мөн өндөр дээр ажиллахад шатаа зөв угсарсан эсэхийг ч шалгалаа.
Үүнээс гадна барилгачид төмөр хөрөөдөж байхдаа хамгаалалтын шил зүүгээгүйгээс болж нүүр, нүдээ гэмтээх тохиолдол их гардаг гэнэ. Иймд хамгаалалтын шил зүүхийг мөн сануулснаар барилгачид ажилдаа орсон юм. О.Улаанхүү “Хүмүүс барилга дээр өдөр бүр осол гардаг гэж боддог.
Гэтэл тогтсон стандарт, нормоо мөрдөж ажиллаж чадвал осолгүй байж болно. Гэхдээ л үргэлж анхааралтай байх хэрэгтэй. Энэ бол хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерүүдийн үүрэг юм” хэмээн ярив.
Манай улсад мөрддөг стандартын дагуу бол 50-80 хүнд нэг хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер ногддог аж. Гэтэл манайд 100- 200 хүнд нэг ногддог байна. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтангүй, эсвэл мэргэжлийн бус хүнтэй компани ч олон бий. Харин “Эрдэнэт-Орчлон”-д ХАБ хариуцсан гурван инженер ажилладаг аж. О.Улаанхүү энэ ажлаа арав гаруй жил хийж буй туршлагатай нэгэн.
Тэрбээр “Гурван метрийн өндөртэй хоёр шон дээр хөндлөн банз тавиад дээгүүр нь гар гэвэл 100 хүнээс 80 нь алхаад гарна. Дараа нь энэ дээгүүр гарч болох уу гэж асуухад бүгд үгүй л гэдэг. Хүн хэзээ ч зөрчил гаргаж болзошгүй гэдэг нь эндээс харагдаж байна. Тиймээс барилгачдадаа байнга заавар өгч, сануулж хэлдэг” хэмээн ярив. ХАБ-ын инженер нь ажлаа мэддэг, барилгачид үгийг нь дагадаг учраас л энэ компанийн ажилчид ослоос ангид байж чаддаг болов уу.
Н.САНЖАА
БАЙР СУУРЬ
Барилгын осол цөөрөхгүй байгаа нь юутай холбоотой болон яавал ийм зөрчил гаргахгүй байх талаар холбогдох хүмүүсийн байр суурийг сонирхлоо.
Б.НЭМЭХБААТАР (Монголын барилгын үндэсний ассоциацын гүйцэтгэх захирал, “Заг” компанийн захирал)
ОСЛЫН ДИЙЛЭНХ НЬ БАРИЛГЫН КОМПАНИУДТАЙ ХОЛБООТОЙ
-Барилгын ослын 90 хувь нь компаниудтай шууд холбоотой. Барилгын олон компани хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаагаа хангадаггүй, норм стандарт мөрддөггүй. Осол гарч буй нь нэгдүгээрт, компанийн ажилчид, мэргэжилтнүүдээ сургаагүй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны нөхцөл бололцоогоор хангадаггүй, хоёрдугаарт, мэргэжлийн бус компаниудад барилгын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл олгож байгаатай холбоотой.
Зарим томоохон компани аюулгүй ажиллагаанд ихээхэн анхаарч, ажилчдаа зориулалтын хувцас, хамгаалах хэрэгслээр хангаж байгаа. Мэдээж холбогдох байгууллагууд барилгын компаниудын үйл ажиллагаанд хяналт тавина. Гэхдээ МХЕГ бүх компанид хүрч ажиллаж, хянаж чадахгүй байж мэднэ. Барилгын компаниуд ажилчнаа яаж хамгаалах, осол гаргахгүй байх гээд, аюулгүй ажиллагаандаа өөрсдөө л илүү анхаарах ёстой.
М.БАТБААТАР (Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч)
ХАРЬЯАЛАЛГҮЙ АЖИЛЧДЫГ ХӨДӨЛМӨР
ХАМГААЛЛЫН ХЯНАЛТЫН КАРТТАЙ БОЛГОНО
-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шинэ хуулиар тухайн барилгыг бариулж буй хөрөнгө оруулагч, захиалагч, ажил олгогч болон ерөнхий, туслан гүйцэтгэгчид хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаагаа хариуцахаар болсон. Ингэснээр захиалагч тухайн барилга бариулах хөрөнгийн хэмжээгээрээ ажилчдын хөдөлмөр хамгаалалд хариуцлага хүлээх юм.
Харин барилгын ерөнхий болон туслан гүйцэтгэгчид ажилчдын хувцас хэрэгсэл, хамгаалах бүс, ажлын байран дахь аюулгүй байдлыг хангах санхүүжилт гаргадаг болж байгаа. Осол гаргасан компаниудын нэрсийг зарлаж, удаа дараа зөрчил гаргасных нь тусгай зөвшөөрлийг цуцлах ёстой.
Тэгтэл 2013-2015 онд хүний амь хохироосон 56 компани үйл ажиллагаа явуулж байхад дөнгөж нэгийнх нь тусгай зөвшөөрлийг цуцалсан нь удирдлага, хяналтын тогтолцоо ямар байгааг харуулж байна. Дээрээс нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны тухай ярьж эхлэнгүүт мэргэжлийн бус маш олон компани энэ талын сургалт, сурталчилгаа явуулж эхэлсэн.
Гэвч үр дүн гардаггүй. Тиймээс Хөдөлмөрийн яамтай хамтраад сургалтын байгууллагуудыг гэрчилгээтэй болгоно. 2013 оноос хойш гарсан барилгын ослын 90 хувь нь ямар ч харьяалалгүй, хөдөлмөрийн гэрээгүй, бригад хэлбэрээр ажилладаг хүмүүстэй холбоотой байна. Тодруулаад үзтэл, үндсэн ажилчинтай компаниуд маш цөөн. Олонх нь бригадын ажилчидтай.
Тэдний нийгмийн даатгал төлдөггүй, хөдөлмөрийн гэрээ ч байгуулдаггүй юм байна. Янз бүрийн осол гарч, цагдаа шүүхдээ тулахаар тухайн хүн өөрөө хариуцлага хүлээх болчихдог. Үүнд барилгын компаниуд гаршчээ. Үүнийг шахаж шаарддаг, хянадаг байгууллагууд муу ажиллаж байгаагаас хүмүүс хохирч байна.
Тиймээс МХЕГ, НДЕГ-тай хамтраад бригадын ажилчдыг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хяналтын карттай болгоно. Ингэснээр барилгачдыг хаана, ямар компанид харьяалагдаж буйг хянах боломж бүрдэнэ.
О.БАТЦООЖ (“Финанс лайн” ХХК-ийн гэрээт ажилтан, өрлөгчин)
БАРИЛГЫН КОМПАНИУД ГҮЙЦЭТГЭЛЭЭ Л БОДНО УУ ГЭХЭЭС АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗААВАР, ЗӨВЛӨМЖ ЯГШТАЛ МӨРДҮҮЛДЭГГҮЙ
-Барилгын компаниуд ажлын хувцас, хамгаалалтын хэрэгслээр хангаагүйгээс осол их гардаг. Тухайлбал, ажлын хувцас нь урагдаж цоороогүй, 2.5 тоннын даацтай, төмөр гутал, хамгаалалтын бүс, малгай гээд энэ бүхэн байж бид ажлын талбарт гарах ёстой. Газраас 1.5 метр өндөрт, барилгын захын ирмэгээс 2.5 метр дотор хамгаалалтын бүсээ заавал зүүнэ гэхчилэн аюулгүй ажиллагааны зааврууд бий.
Ажиглаад байхад, сүүлийн үед барилгын компаниуд гүйцэтгэлээ л бодно уу гэхээс ажилчдадаа аюулгүй ажиллагааны заавар, зөвлөмж ягштал мөрдүүлэхгүй байна. “Энийг уншаад гарын үсгээ зурчихаарай” гээд нэг цаас шидчихээд явчихдаг. Зарим нь юун дээр гарын үсэг зурж байгаагаа ч ойлгодоггүй. Барилга барьж байхад давхар бүрт тавцан байх ёстой.
Краны тэвш рүү элс, цемент, шавар, шохойгоо зөөхдөө түүгээр дамждаг юм. Гэтэл тавцан суурилуулаагүйгээс нөгөө шуудайтай элс, шавраа тэвш рүү шиднэ. Ингэх үед осол их гардаг. Мөн барилгынхан подем гэж ярьдаг, хүн зөөвөрлөдөг шат бий. Тэр нь хаалттай, барилгаас 10-20 см зайтай дээш, доош явдаг юм. Давхар бүрт зогсож, хаалт онгойлгоход 10-20 см зай таглардаг учир аюулгүй.
Харин хаалтгүй үед завсраар нь хүн унасан тохиолдол олон гарсан шүү дээ. Түүнээс хойш л барилгын компаниуд подемоо хаалттай болгосон байх. Бас салхивчны нүх буюу агааржуулалтын хоолой гэж том аюул бий. Уг нь карказ босоход л таглаж бөглөөд, агааржуулалтын системээ суурилуулах ёстой. Тэгтэл нөгөөхөө онгорхой байлгаад л байдаг. Ядаж дээр нь хавтан ч хадчихдаггүй. Элс, цемент зөөж яваад эвгүй гишгээд унах эрсдэлтэй.
И.БАТТӨГС (НМХГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга)
ЦЭЦЭРЛЭГИЙН НАСНААС АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХИЧЭЭЛ ОРУУЛАХААР БСШУЯ-НД САНАЛ ХҮРГҮҮЛСЭН
-Манайх удаа дараа осол гаргасан барилгын компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналаа БХБЯ-нд өгдөг. Хүмүүс буруугаар ойлгоод биднийг ажлаа хийхгүй байна гэдэг. Бид 2012 оноос барилгын салбарт ажиллагсдыг үе шаттай сургалтад хамрууллаа. 2014 онд 89, 2015 онд 91 хувийг нь хамруулсан. Тооцоолсноор барилгын салбарт өдгөө 15.000 орчим хүн ажиллаж байна.
Он гарсаар сургалт, урьдчилан сэргийлэх ажил явуулж буй. Мөн үзүүлэх сургуулилалт ч хийж байгаа. Дөрөвдүгээр сараас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтууд эхэлнэ. Хамгийн чухал нь цэцэрлэгийн наснаас нь эхлээд хүүхдүүдэд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хичээл оруулдаг болгохоор БСШУЯ-нд санал хүргүүлсэн. Эрх зүйн талаасаа ч боломжтой.
MNS-4969:2000 стандартыг нь бид батлуулчихсан юм. Саяхан ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай уулзаж зөвлөлдсөн. Японд 1960 онд үйлдвэрлэлийн осол хүн амынх нь нэг хувь байсан.
Тэр цагаас хойш яг энэ стандартаар, цэцэрлэгийн наснаас нь хүүхдүүдээ үе шаттай сургаж эхэлсэн. Хамгийн сайн үр дүнд хүрсэн алхам энэ л байна. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа гэдэг нь өөрийгөө болон өрөөл бусдыг аюулгүй байдалд оруулахгүй байхыг л хэлнэ.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Зарцуулах мөнгийг ашиг хэмээн хардгаас болоод осол гардаг
МХЕГ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгстэй ярилцлаа.
-Барилгын ажил эхэллээ. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хэр хангалттай байгаа вэ?
-Барилгын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй сайжраагүй. Сайжрахгүй байгаа нь барилгын салбар дахь удирдлагуудын боловсрол, хандлагатай холбоотой. “Тэнгис” кино театрын дэргэдэх барилгаас эхлээд олон нийтэд аюул учруулж болох, сарзайсан барилга Улаанбаатар хотод олон бий. Хууль нь бий ч удирдлагыг нь боловсролтой болгох механизм манайд алга.
Манай барилгын компаниудын удирдлагууд хуулиа мэднэ, түүнийг хэрэгжүүлэх чадвартай. Гэвч хүсэхгүй байна. Өөрөөр хэлбэл, аюулгүй ажиллагаанд мөнгө зориулах сонирхолгүй, зөвхөн ашиг л олох хүсэлтэй байдаг.
Уг нь барьж буй барилгын нийт төсвийн 1.5-аас доошгүй хувийг аюулгүй ажиллагаанд зориулна гээд хуульд заачихсан. Гэтэл энэ мөнгийг сул ашиг гэж хараад байна. Үнэнийг хэлэхэд манай барилгын аюулгүй ажиллагаа 1945 оны Япон, 1970 оны Солонгосын үетэй ижил түвшинд бий.
-Ийм зөрчилтэй барилгуудын үйл ажиллагааг зогсоож болдоггүй юм уу?
-Ийм эрх бидэнд байхгүй. Мэргэжлийн хяналтын байцаагчийн эрх хязгаарлагдмал. Хяналтын тухай хуулийн төслөөр байцаагчийн одоогийн эрхийг бүр хязгаарласан. Уг нь Хөдөлмөрийн хяналтын тухай олон улсын конвенцод байцаагчийн эрхийг давамгай болгож өгсөн ч манайх соёрхон батлахгүй байгаа.
Үүнийг зарим хүн ашиг сонирхолтой ч холбодог. Учир нь тус конвенц байцаагчид хараат бус, барьж буй барилга руу чөлөөтэй нэвтрэх, үйл ажиллагааг нь зогсоох эрх өгсөн байдаг.
Уг конвенцыг баталчихвал барилгын техникийн хяналт бие даан хөгжинө. Гэтэл өнөөдөр манай байцаагч нарт гэнэтийн шалгалт хийх эрх байхгүй. Төлөвлөгөөт, өргөдлийн мөрөөр болон гүйцэтгэлийн дунд нэг л шалгалт хийдэг.
-Тэгээд шалгалтаа яаж хийдэг юм бэ?
-Шалгалтын товоо жилийн өмнө гаргаж, тав хоногийн өмнө компаниудад удирдамжаа өгдөг. Үүнээс болоод барилгын компаниуд ямар ч эрсдэлгүй гэж үнэлэгддэг болсон. Шалгалтын хуудсаа хариутай нь өгчихдөг учир барилгын салбарт гарч буй ослын шалтгааныг нарийвчлан тогтоож чадахгүй байна.
Хэдхэн сарын өмнө Төв номын сангийн урд баригдаж буй барилга дээрээс төмөр унаад, биднийг очиход оруулаагүй. Биднээс иргэдийн гомдол, шалгалт хийх хуваарь нэхсэн. Энэ бол хяналтын тогтолцооны гажиг шүү дээ.
-Барилгын техникийн хяналт муу байгаа гэдэг үнэн үү?
-Байцаагч хуулийн хэрэгжилтийг л шалгадаг. Гэтэл аливаа барилгын арматур нь ямар маркийнх юм, шинэ, хуучин аль нь байсан зэргийг шалгадаггүй. Мөн цутгалтад ашиглаж буй цементийн маркийг нь ч шалгадагггүй.
Гэтэл бид 10 барилгыг шалгахад долоон барилгынх цементийн марк зураг төсөлдөө өгөгдсөн хэмжээний 50 хувьд нь хүрэхгүй байсан. Үүнээс барилгын салбар дахь төр болон техникийн хяналт ямар байгааг харж болно.
-Аливаа барилга дээр осол гарч, хүний амь эрсдэхэд гүйцэтгэгч компанийн буруу болдог. Энэ байдлыг хэзээ засах вэ?
-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд хоёр компани гэрээндээ аюулгүй ажиллагааны талаар болон шаардагдах хөрөнгийг хэн гарахыг тусгасан байх ёстой гэсэн заалт оруулсан. Хэрэв гэрээг энэ дагуу хийгээгүй бол ерөнхий гүйцэтгэгч хариуцлага хүлээдэг болж байна.
Г.ЦЭЦЭГ
ДЭЛХИЙН ЖИШИГ
Хүнийхээ хөгжилд тулгуурласан бодлоготой байснаар ослоос
сэргийлэх боломжтой
Монголын барилгын үндэсний ассоциацын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн клубийн тэргүүн А.Цэрэнтогтохоос зарим зүйл тодруулав.
-Сүүлийн жилүүдэд Монголд барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаа. Гэвч Монголд барилгын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдагдаад байна. Үүнийг яаж сайжруулах вэ?
-Эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор барилгын салбарын бүтээн байгуулалт эрчимтэй нэмэгдсэн. Үйлдвэрлэлийн цар хүрээ нэмэгдэх тусам ажилчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг өндөр түвшинд, тогтвортой авах нь чухал байдаг.
Барилгын салбар нь ажлын байрны эрсдэл өндөртэйд тооцогддог. Энэ ч утгаараа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаа тэргүүнд тавьж ажиллах шаардлага тулгардаг. Барилгын салбарт гарсан үйлдвэрлэлийн ослын дүгнэлтүүдийг харахад дийлэнхдээ тухайн аж ахуйн нэгжийн хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналт сул, холбогдох хууль, норм дүрмийн шаардлагыг мөрдөж ажиллаагүй байдаг.
Иймд хөдөлмөрийн аюулгүй байдлыг алдагдуулахгүйн тулд барилгын салбарт хэрэгжүүлэхээр зөвлөөд буй OHSAS 18001 Хөдөлмөрийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны стандартыг аж ахуйн нэгжүүд нэвтрүүлэх нь чухал. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн аюулгүй байдлыг байнга сайжруулж байх системтэй үйл ажиллагаа хэрэгжүүлэх нь үр дүнтэй.
Олон улсын стандартын байгууллага гэж 170 орчим орны гишүүнчлэлтэй байгууллага бий. Тус байгууллагаас хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцооны OHSAS 18001 стандарт гаргасан байдаг.
Уг стандартыг олон оронд мөрддөг бөгөөд Монгол Улс MNS OHSAS 18001-2012 стандарт болгон, Хөдөлмөр, эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны шаардлагыг тогтоосон.
-Бусад оронд барилгын аюулгүйн ажиллагаанд хэрхэн анхаардаг юм бол. Цаашид аюулгүй ажиллагааы талаар компаниуд юун дээр анхаарах ёстой вэ?
-Өндөр хөгжилтэй Японы барилгын салбарт ч үйлдвэрлэлийн осол гардаг. Харин үүнийг бууруулах арга замыг нарийн зохион байгуулснаар ослын тоог эрс бууруулсан олон жишээ бий. Японд ХАБЭА-н чиглэлээр “Ослыг тэглэх систем”, “5S”, “KY” зэрэг систем хэрэгжүүлдэг. Мөн хяналт, хариуцлагын тогтолцоо нь боловсронгуй, япон хүний үнэ цэнийг дээдэлсэн байдаг.
Стандарт хамгийн сайн, муу гэхээсээ илүүтэйгээр аюулгүй ажиллах, аж төрөх боловсрол, мэдлэгт суурилсан хүн төвтэй бодлоготой байж тухайн улсын хүний аюулгүй байдал хангагддаг гэж Японы туршлагаас анзаарсан.
Өөрөөр хэлбэл, монгол хүнийг үнэ цэнэтэй байлгах, хүнийхээ хөгжилд тулгуурласан бодлоготой байж, аж ахуйн нэгжүүд хууль, дүрэм журмын шаардлагыг ягштал биелүүлж ажиллавал ослоос урьдчилан сэргийлж болно.
Ц.БОЛОР