МАН-ынхан нэг жил есөн сарын дотор хоёр ч Засгийн газраа огцруулаад байна. Парламентын нийт бүрэлдэхүүний 54 хувийг эзэлсэн ч дотроо эрх мэдлээ булаацалдвал эвлэрч чаддаггүйн жишээ энэ болов. Л.Оюун-Эрдэнэ авлигын асуудалд нэр холбогдсоноос болж огцорсон. Гэвч нам доторх бүлэглэлүүд нь ойлголцож чадаагүйгээс л огцорсон гэж боддог юм билээ. Тиймээс тэр “өшөөгөө авах”- аар эргэн ирж, сөрөг хүчнийхэн түүний төлөө хүчин зүтгэв. Нэг намын дарга парламентын спикер байх ёсгүй хэмээн АН-ынхан гэнэт гэдийж, Н.Учралыг огцортол нэгдсэн чуулганд оролцохгүй гэсэн. МАНын дотоод талцал дахин эрчимжсэн тул дангаараа ирцээ бүрдүүлж чадалгүй хоёр долоо хоног парламентын ажил гацав. Ингээд пүрэв гаргаас эхлэн УИХ дахь бүлэг, Удирдах зөвлөл, залгуулаад Бага хурлаа хуралдуулж, улс төрийн шийдвэрээ гаргаад байна.
Үйл явдлын дараалал ёсоор эхлээд Г.Занданшатар огцрох өргөдлөө өгч, түүнийг нь хүлээн авав. Улмаар Бага хурлаас нь Н.Учралыг 99.7 хувийн саналаар Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ. Төрийн байгуулалтын байнгын хороо болон нэгдсэн чуулганаар өчигдөр үдээс өмнө түүнийг УИХ-ын даргаас нь чөлөөлсөн бол үдээс хойш Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэв. Байнгын хороо дэмжсэн бол нэгдсэн чуулган дугаар шилжих мөчид хараахан дуусаагүй байлаа. Эрх баригчид шийдвэрээ гаргасан, сөрөг хүчний шаардлага биелсэн учраас түүнийг томилох нь мэдээж. Одоо УИХ-ын дараагийн дарга хэн байх, Н.Учралын Засгийн газарт хэн хэн гуравдугаар ээлжид “хоолонд орох” нь илүү анхаарал татаж байна.
287 ӨДРИЙН НАСТАЙ ЕРӨНХИЙ САЙД
Азгүй, азтай, азгүй, азгүй гэсэн хэмнэлээр Г.Занданшатарын улс төрийн амьдрал өрнөж буй. 2024 оны УИХ-ын сонгуульд тэрбээр төвийн бүсэд өрсөлдсөн ч сонгогдож чадаагүй. 2025 оны зургаадугаар сард Төрийн тэргүүний татаасаар Ерөнхий сайдаар томилогдсон. Парламентын гишүүн биш, “гаднаас” орж ирсэн хүн эл албан тушаалд удаахан тогтохын тулд МАНын дарга болох шаардлагатай байлаа. Гэтэл уг сонгуульдаа ч ялагдаж орхисон. Тэр нийт 287 өдөр Ерөнхий сайдаар ажиллажээ. Данхайсан төсвийн зардлыг 2.3 их наядаар танахаас ажлаа эхлүүлж, баялгийн хулгайч нартай тэмцэхийн тулд олон оффтэйк гэрээг ил болгов. Хяналтын, бүтээмжийн менежер гэсэн “бялуу”-ны албан тушаалуудыг цомхотгож, орлого биш, зарлага л гаргадаг ТӨК-иудыг цэгцлэх, татан буулгах ажил өрнүүлж байлаа. Гэвч намдаа ч, парламентад ч байр суурьгүй учраас танхим нь удсангүй. Өмнөх өдөр нь л тохиролцохгүй гэж байсан тэрбээр маргааш нь өөрөө өргөдлөө өгсөн юм. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуульд хэл амгүй нэр дэвшүүлэх тал дээр тохиролцоо хийсэн болов уу.
Н.Учралыг спикерээс огцруулж, Ерөнхий сайд болгохын тулд эхлээд “зай гаргах” ёстой. Үүний тулд Г.Занданшатар аргагүйн эрхэнд өргөдлөө өгсөн. Тэрбээр “Улс төрийн тэмцлийн золиос нь ард түмэн байх ёсгүй. Энэхүү зохиомол гацаа, улс төрийн чөдөр тушааг тасдахын тулд би өөрөөсөө эхэлж, Ерөнхий сайдын албан тушаалаас татгалзлаа” гэсэн юм. Үйл явдал дараалал ёсоороо өрнөж байна.
Энэ удаа “улс төрийн тоглоом”-ын удирдлагыг Л.Оюун-Эрдэнэ дахин гартаа атгажээ. Тэр эрх мэдэл, нөлөөгөө эгүүлэн олж авахын тулд Засгийн газрыг огцруулж, шинэ танхимд өөрийн хүмүүсээ түлхүү оруулахыг хичээж буй. Тэгвэл үүнээс гадна Г.Занданшатар “Рио тинто”-той хэлэлцээ хийж, Монголын талын үр өгөөжийг 60 хувьд хүргэх асуудлыг ярилцаж эхлэхтэй зэрэгцээд огцрууллаа, тэндээс “хор гүйчихлээ” гэсэн мэдээлэл бий. Ерөнхий сайд өөрөө ингэж хардсан бололтой юм. Нөгөө талаас баялгийн хулгайг нь илчилж, авлигын хэргээр нэр бүхий гишүүд ял авахдаа тулсан, бас дээрх мэт гаднын эрх ашиг ч байсныг үгүйсгэхгүй. Ямартай ч тэдний хүссэнээр улс төр өрнөж байна.
УЛИГ БОЛСОН ГОРИЛОГЧИД
УИХ-ын өчигдрийн чуулганаар Н.Учралыг чөлөөлөх үед АН-ын Б.Пүрэвдорж “Парламент бол эрэмбэ, туршлага. Тиймээс улс төрийг тогтвортой авч явж чадахуйц, зөв хүнээ спикер болгоорой” хэмээн захисан. Х.Тэмүүжин гишүүн “Олон намын төлөөлөл бүхий парламентыг намаас ангид, бие даасан спикертэй байлгах үзэл санаа 1992 оноос эхэлсэн ч одоо л тэр чиглэл рүү явж байна. УИХ-ыг Засгийн газрын нэг хэлтэс, намын дагавар байгууллага байхыг болиулах түүхэн шийдвэрийг гаргах гэж байна. Хэнээс ч хамааралгүй, намын улс төрөөс ангид спикертэй байвал парламент салхи дагаж найгадаггүй уул мэт байж чадна. УИХ-ын даргыг МАН-ын цагаан байрнаас биш, парламентаас нэр дэвшүүлэх нь зөв гэж үзсэн эрх баригч намынханд талархлаа” гэв. Мөн тэрбээр УИХ-ын даргыг олонх, цөөнхөөс биш, парламентын гишүүд дотроос нэр дэвшүүлдэг жишгийг дагачихвал бүр сайхан болно гэдгийг сануулсан юм. Тус намын Бага хурлын үеэр гишүүн асан Ц.Нямдорж “УИХ-ын даргын албан тушаалыг цөөнхдөө өг” гэсэн байр суурь илэрхийлсэн. Харин ажлаа өгч буй Н.Учрал “Олонхоос дараагийн даргыг нэр дэвшүүлнэ” гэдгээ тодорхой хэлэв.
Энэ асуудлаар өнгөрсөн пүрэв гарагт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гишүүн Д.Амарбаясгалан, С.Амарсайхан нартай уулзсан гэж буй. 1980-аад оны бүлэглэлийнхэн УИХ-ын даргын албан тушаалыг авахыг шаардсан гэдэг мэдээлэл гарсны дараа эл уулзалт болсон нь нэгийг хэлнэ. Юутай ч спикерийн төлөө УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан, Б.Жавхлан, С.Амарсайхан нар горилж буй. МАН үнэхээр л боловсон хүчний дутагдалд орсон нам аж. Байж болох бүх л албан тушаалд “ичих нүүргүйгээр” горилдог Ж.Энхбаяр, С.Бямбацогт нарт МАН их л өртэй бололтой юм. С.Бямбацогт парламентад тасралтгүй таван удаа сонгогдохдоо ХЗДХ, Зам, тээврийн хөгжлийн, Батлан хамгаалахын сайдаар ажилласан. Эдүгээ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хийж буй.
Ж.Энхбаяр 2008 оноос хойш дөрөв дэх удаагаа УИХ-д сонгогдлоо. Тэрбээр Батлан хамгаалахын, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд байсан, одоо Тэргүүн шадар бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдын албан тушаалыг хашдаг. 2020 онд ЖДҮХС-гийн хэрэгт холбогдон УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй өнжсөн ч ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөхөөр ажилласан нэгэн. 2024 оноос хойш МАН Засгийн газраа солих бүрд л энэ хоёр хүний нэр сул гарсан бүх албан тушаалд “тууж явдаг” болсон.
Л.Энх-Амгалан мөн л дөрвөн удаа парламентад сонгогдсон, Боловсрол, шинжлэх ухаан, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд байсан хүн. Б.Жавхлан гурав дахиа сонгогдсон, Сангийн сайдаар сүүлийн гурван Засгийн газарт ажиллаж буй ч эдийн засгийг өөд татаад гийгүүлсэн юм алга. С.Амарсайхан гэдэг хүн хоёр сонгогдсон ч сүүлийн гурван Засгийн газарт Шадар сайдаар ажилласан. Сүүлд Г.Занданшатарын Засгийн газар буюу танхимынхаа эсрэг санал өгөөд “хөөгдсөн”. Өөрөөр хэлбэл, тэр бол Л.ОюунЭрдэнийн талын хүн. Энэ олон жил эдгээр улс төрч төрийн өндөр албан тушаалуудыг хашсан ч олон нийтэд үлдсэн, овоглосон ганц сайн хууль санаачлан батлуулсангүй. Тэгсэн атлаа шунал нь дуусдаггүй, сэтгэл нь цаддаггүй, гайхмаар хү мүүс аж. МАН үнэндээ юу ч хийж чадахгүйгээ баталчихсан ийм “хөгшчүүл”-ээсээ татгалзах цаг болсон баймаар. Боловсон хүчний нөөцгүй МАН-ынхан энэ хэдэн улс төрчөөсөө сонгоод нэгийг нь спикер болгох биз ээ. УИХ-ын дарга хийх хүнд туршлага чухал ч албан тушаалын шуналгүй, бүлэглэл, намын биш, улсын эрх ашгийг илүүд үзэх ухамсартай байх нь чухал юм сан. Гэвч дээрх горилогчдын дунд энэ шалгуурыг хангах хүн алга.
ХУУЧИН, ШИНИЙН ХОЛИМОГ ТАНХИМ БАЙГУУЛАХ УУ
Өчигдрийн үдээс хойших нэгдсэн чуулганд Н.Учрал Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ өнөөдөртөө багтаан шийдээд, лхагва гарагт шинэ танхимаараа ажилдаа шуурхайлах бодолтой байгаагаа хэлсэн юм. Түүний хувьд Засгийн газраа дангаар байгуулах уу, бусад намтай хамтрах уу гэдэг том шийдэл хүлээж буй. Мөн хэдэн яам, сайдтай байх нь чухал. Сөрөг хүчний ч, олон нийтийн ч хувьд цомхон, чадварлаг баг бүрдүүлж ажиллахыг л шаардаж буй. Г.Занданшатар хэдийгээр хяналт, бүтээмжийн менежерүүд, зөвлөхийн орон тоог цөөлсөн ч дэд сайдын албан тушаалыг сэргээгээд буруудсан. Тиймээс шинээр томилогдох Ерөнхий сайд цомхон байх, мөн дэд сайдгүй ажиллах зарчим баримтлахгүй бол сөрөг хүчний “бай” болох эрсдэлтэй. Нөгөө талд тэрбээр нам доторх бүлэглэлүүдээ “хооллох” учиртай болоод байна. Тэгэхгүй бол улс орны эрх ашиг биш, хувийн сонирхлоо нэгдүгээрт тавьдаг гишүүд нь гурав дахь Засгийн газраа огцруулахаас буцахгүй. 2028 оны сонгууль болтол гүйцэтгэх засаглал тогтвортой ажиллахын тулд олон талаас бодож бүтэц, бүрэлдэхүүнээ сонгох даалгавар түүнд тулгарав. Мөн эл нүүдлийг хэрхэн зөв хийхээс түүний ирээдүйн улс төрийн замнал хамаарна.
Юуны өмнө тэрбээр Г.Занданшатарыг шинэ танхимд нь ажиллахыг уриад буй юм. Өнөөх нь ч урилгаас татгалзахгүй бололтой. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар түүнийг томилох сураг бий. Мөн Бага хурлын үеэр хуу чин сайд нарыг улираах хэрэггүй гэсэн байр суурийг цөөнгүй хүн илэрхийлсэн юм билээ. Гэвч Н.Учрал “балансыг барих” аж. Хуучин хү мүүс болон шинэ залуусаас багаа бүрдүүлнэ гэжээ. Тэгэхээр одоогийн Засгийн газраас Б.Энхбаяр, Б.Жавхлан нар улирч мэдэх нь. Мөн Сангийн сайдаар Г.Тэмүүлэн гишүүнийг томилно гэсэн яриа байна. Л.Оюун-Эрдэнийн талынханд 2-4 сайдын суудал олгох тохиролцоо хийжээ. Энэ квотоор П.Сайнзориг тэргүүтэй “утсан хүүхэлдэй” Засгийн газарт орох сураг гарав.
Түүнчлэн танхимаа байгуулахдаа АН-тай хамтрахгүй гэдгээ Н.Учрал намынхаа Бага хурлын үеэр хэлсэн байна. АН-ын дарга О.Цогтгэрэл ч “Өмнө нь хөөгдөж гарсан нам учраас дахин тэдэнтэй хамтрахгүй” гэсэн байр сууриа илэрхийлжээ. Харин Л.Оюун-Эрдэнийн талд ажиллаж, ирцээр бойкотлох акцад оролцсон Үндэсний эвслийнхэн энэ удаа “хоолонд орох” байх. Өчигдөр гишүүн Д.Амарбаясгалангийн өрөөнд Н.Номтойбаяр, Ж.Бат-Эрдэнэ, С.Амарсайхан нар жич уулзсан нь ч энэ хардлагыг бататгаж буй юм. Н.Учрал тэргүүтэй МАНынхан хөшигний ард Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ ийнхүү ярилцаж байна. Өмнөхөө дээрдүүлсэн танхим бүрдэж, эрх мэдлээ булаацалдаж зодолдоход биш, үндсэн ажлаа хийхэд санаа тавихдаа шамдаасай. МАН-ыг дэмжсэн хүмүүс тэднийг Засгийн газар байгуулж тогло гэж биш, ажил хий, хариуцлагаа үүр гэж л санал өгсөн байлгүй.