Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр. Монгол Улсад мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлүүдийг дэмжин урамшуулах, сэтгүүл зүйн судлал, шүүмжийг хөгжүүлэх зорилгоор нэрт сэтгүүлч, зохиолч Цэрэндоржийн Балдоржийн дурсгалд зориулсан БАЛДОРЖ шагнал бий болгох санаачилгыг 2008 онд “Балдорж” сангийн удирдах зөвлөлөөс гаргаж, анхны жил зөвхөн сонины сэтгүүлчдийн дунд энэхүү шалгаруулалт явагдсан түүхтэй. Хоёр дахь жилээс нь телевиз, радио, сэтгүүл, сайт гээд сэтгүүл зүйн өргөн уудам талбарт өөр өөрийн чиглэлээр бүтээн туурвиж буй бүхий л сэтгүүлчдийг хамардаг болж, жилд дунджаар 120 гаруй хүн 200 орчим бүтээлээ ирүүлэн, ур чадвараа сорьдог байв.
Шагналын сан төдийгүй нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээгээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, Монголын “Пулитцер” гэгддэг байсан БАЛДОРЖ шагналын 10 жилийн түүхэн дэх шилдэг бүтээлүүдийг “Өнөөдөр” сонин цувралаар уншигчдадаа хүргэхээр боллоо. 2013 оны БАЛДОРЖ шагналын “Шилдэг10”-т “Өдрийн сонин”-ы Хариуцлагатай нарийн бичгийн дарга, нэрт сэтгүүлч Жамбалын Гангаа агсан “Туулын заяа ус уух хувь”, “Засаатай эмгэн буюу хошин урлаг” нийтлэлээрээ шалгарсан юм.
Ж.Гангаа
Туул гол Зайсангийн гүүр хүрэлгүй ширгэж тасалдах шалтгаан байгаль талаасаа болоогүй. Хэнтийгээс эх авсан бусад гол дэлхийн дулааралтай холбоотой бага зэрэг татарсан ч урссаар л байна. Тэгэхээр улаанбаатарынхан урд голоо ховх соржээ. Горхин дээр шавсан малын даац хэтрэхээр зуны гурван сардаа ширгээж орхидог. Малчин өөр ус хайгаад нүүсэн хойгуур булаг ахин сэргэнэ. Тэгвэл ширгэсэн Туул хэзээ буцаж ирэх вэ? Хотынхон хотлоороо нүүхгүй. Засгийн газрын ордныг ачаалахгүй. Усны хэмжээ багасахтай зэрэгцэн улс, амьтны тоо нэмэгдээд байдаг. Асуудал улам ноцтой боллоо.
Энэ янзаараа цаашид арван жил явж тэсэхгүй гэж байна. Нэг сая гаран хүн ам хийгээд нийт улс даяарт зориулсан үйлдвэр, үйлчилгээнд зарцуулдаг усны хэрэглээг тооцоолоход агуу тоо гардаг. Манай улс цөөхүүлээ ч нийслэлийн хувьд бол дэлхийн том хотуудын тоонд орно. Сан-Франциско, Копенгаген зэрэг алдартай хотоос ч аль хэдийн өнөр өтгөн болчихсон. Далай тэнгисийн хөвөө хийгээд үргэлжийн хур бороо асгарсан сайхан нутагт сая сая хүн амтай том хотууд үүссэн бол манайхан уртаашаа ганцхан гол дээр цугларчихжээ. Усанд оролгүй өнжихөд тоосонд дарагдлаа гэлцэх нь зөвхөн шүршүүр гэхэд л тасралтгүй цэвэр усаар гоожиж буйг илтгэнэ. Хэдэн малд тохирсон хуурай нутагт нойтон амьдрал цогцлоож, усан оргилуур хүртэл олноор барина гээд байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд ил урсаж байгаа гол нь үе үе ширгэж нүдэнд харагдахаа болилоо. Ус алсрах тусам амьдрал холдож, түүний төлөө байгаа бүхнээ зориулж таарна. “Түмпэнтэй уснаас Нарангарвуу охиноо өгчээ” гэсэн мэдээ дуулдах вий.
Туул голын төлөөх сэтгэл зовнилыг байгаль хамгаалах ерөнхий санаашралд уусган сарниулжээ. Ер нь л нэг тиймэрхүү гэсхийгээд яриад өнгөрч байна. Уул уурхайн нөөцөө тоолоод уух усаа анзаарсангүй. Ус элбэг дэлбэг мэт байгаа болохоор иргэдийн сэтгэл энэ тал дээр тайван явна. Санаа зовж буй хүн байхгүй болохоор санаачилга гаргаад олны дэмжлэг авахгүй. Өнөө, маргаашдаа оноо авахгүй сэдэв дээр улс төрчид, эрх баригчид шийдвэр гаргаад өөрсдөд нь ашиггүй. Харин хэдхэн жилийн дараа усгүйдэл нь шатахууны хямралаас аюултайгаар нийслэлд нүүрлэж магадгүй. Улаанбаатарын усны хэрэглээнд ийм том гол хүрэлцэхгүй байгаа бол хангалт авах өөр хувилбар бараг үгүй. Татарт бүслэгдсэн дундад зууны хотууд шиг сөнөнө гэсэн үг.
Шинжлэх ухаан буюу хүн төрөлхтөн газрын гүнийг гүйцэд танин мэдээгүй байна. Газрын гүнд байдаг ус хэзээ бий болсон, хаанаас урсаж ирдэг, эргээд нөхөгддөг эсэх, эсвэл алт эрдэнэс шиг нэг удаагийн баялаг юм уу гэдэгт усны мэргэжилтнүүд тодорхой хариулт өгч чаддаггүй. Төв Азийн өндөрлөгөөс газар дээгүүр урсаж буй ус өөрийн гэсэн сүлжээгээрээ дамжин Хойд мөсөн далайд оччихоод буцаад үүл болон ирдэг эргэх холбоо худлаа болоод байна. Тэнд хуримтлагдсан эх газрын ус далайд юүлэгдэж, доошоо шүүгдэн газрын гүнд нэвчдэг, эсэхийг мэдэхгүй. Гүний ус хэрхэн бий болдог нь тодорхой биш. Газар доорх судал наашаагаа уруу байгаад тэр нь Хэнтийн нурууны орой хавьд өөдөө цоройн ундарсан нь Туул гол юмаа гэхэд итгэж өгөхгүй байна. Тийм бол ч худгийн ус ширгэхээс санаа зовохгүй байх сан.
Өнөөдөр нийслэлийн усны хэрэгцээг Туулын ай сав доторх гүний хэд хэдэн том худгаас соруулж авч машинаар зөөдөг юм билээ. Эдгээр худгууд нь Туулыг цоорхой тогоо шиг болгочихсон. Ус хэдий чинээ авна, Туул хайрга руугаа улам шигдсээр л. Улам их ус авах юм бол эхлээд ил урсаж байгаа гол бүрмөсөн ширгээд дараа нь гүнд байгаа нөөц нь барагдах төсөөлөл буугаад байна. Мэргэжилтнүүдийн мэдэж байгаа юм бол манай гол мөрний ус хур борооноос л тэжээгддэг гэнэ. Бороо татарвал гол, мөрөн гэсэн ойлголт байхгүй. Хэрэв үнэн бол өнөө цагт энэ нь “Роснефть”-тэй шатахууны гэрээ хийдгээс ч найдваргүй асуудал юм.
Энгийн хар ухаанаар бодоход өвөлжингөө цас ордог юм аа гэхэд тэсгим хүйтэнд тэр нь хайлаад голын усыг нэмж юм уу, хэвийн байлгаж чадахгүй. Тэр хооронд харин өвөлжингөө худгаас ус авсан хэвээрээ. Хавар газар гэслээ ч цасны ус голын ай савыг ханатал дэвтээж амжихаа больчихсон. Сүүлийн жилүүдэд ажиглаж байхад хаврын шар усны үер газарт шингэхээсээ илүү хоёр гурван хоног оволзтол үерлээд тэр Хойд мөсөн далай руугаа зугтаачхаж байна. Зун цагийн бороо ч мөн ялгаагүй. Хоол зохихоо байсан дотор муутай хүн шиг юу л орно, бүгдийг нь гүйлгээд алд чихдаг. Өдрийн тал орсон борооны дараа хагас цаг нар шарахад хурын ус хаашаа ч юм сураггүй алдарч, цуг урсаж ирсэн шавар нь л үлдэж хоцроод тоос манаргаж байх жишээтэй.
Манай орны байгаль, цаг уур нь эдийн засгийн талаас харвал бөөн алдагдал л юм. Тэнгэрээс Туул дээр буусан усыг нягтлангаар бодуулахаар баланс бариад байдаг гэнэ. Жилийн эцэст дүгнэхэд олон жилийн дундаж хур тунадасны хэмжээндээ л байна. Олон жилийн өмнөхөөс ялгаатай нь гэвэл жигд ороогүй бөөндчихсөн аж. Тэгэхээр ямар олиг байх вэ дээ. Ороогүйгээсээ илүү хорлонтой үер, ган, зуд, түймэр гарах нөхцөл хүртэл бий болгоод байгалийн гамшиг нүүрлэлээ.
Хэдэн зуун мянга, сая гаран хүн амтай хот суурингууд дор бүрнээ цэвэр усны нөөц базаадаг уламжлалтай. Манай уламжлалт сэтгэхүйд ус муудвал давын өмнө нүүгээд яв чих санаа л бууна. Хэрэв Улаанбаатарт литр ус 100 төгрөг болчих юм бол маш олон айл дэрхийтэл нүүцгээнэ дээ. Ингээд ус татраад байвал харин ч зүгээр юм уу. Яагаад Засгийн газар Улаанбаатарт усны сав бэлдэхгүй байна. Энд хоёр шалтгаан бий. Бэлдлээ гэхэд тэрнийг нь хүмүүс ойлгож алга ташиж өгөхгүй. Нөгөө нь гэвэл удахгүй эхлэх усны бизнесийг анаж чимээгүй сууцгааж байгаа. Туулын заяа ус уух хувь Засаатай эмгэн буюу хошин урлаг Бид л хэнхэгтэй, хэт эх оронч хоцрогдсон үзэлтэйгээрээ түрүүлж дуугарч хүнд санаа авхуулаад байдаг юм шиг бололтой. Уг нь санаагаар болдог сон бол Туулын эх дээр томоо далан аль хэдийн барьчих байлаа. Тэнд тэнгэр үүл хоёр үнэгүй зөөгөөд ирэх үерийн усыг саатуулж хуримтлуулаад машинаар биш, трубагаар урсгаж усны гачаалаас гарцгаана. Орон сууцад суудаггүй бүх айлд усны нөөц сав “дөчийн бидон” бий. Шийдвэр гаргагчид гэр хороололд аж төрдөггүй болохоор мэддэггүй байх. Нийслэл хот бол томсгосон нэг айл л гэсэн үг. Энэ айлын авгай нь хэн юм бол. Монгол эзэгтэй ус, түлээ хоёрт ер ханадаггүй сэн. Савтай ус талдаа ороогүй, түлээ дуусаагүй байхад үглээд нөхрийг ер зүгээр суулгадаггүй. Гэтэл энд үргэлж дулааны проблем болох утаа май тавиастай, усны найдваргүй ирээдүйтэй явсаар л байна. Шар нар, бор хоногийн амьдралд нөлөөлж болзошгүй байдлаас үүдэн Туул голыг хамгаалах асуудал урган гарч ирлээ. Сайндаа ч байгаль хамгаалагч болоод байгаа хэрэг биш. Энэ голын усыг бүрдүүлдэг Тэрэлж, Заан, Галтайд их хэмжээгээр мод огтолдог байсны гай өнөөдөр усанд нөлөөллөө гэлцдэг. Одоо голын дагуу мод тарьж нөхөн сэргээх боломж байхгүй. Тэнд сүрэг сүргээрээ ямаа бэлчиж, ширэг нь хатан улаан халцгай болсон. Бэлчээрийн даац хэтэрчихлээ гэчихжээ. Аялал жуулчлалын компаниуд хаяа дэрлэн ярайна. Эрхбиш их хэмжээгээр нойтон мод огтлоод байхгүй ч дандаа эсрэг үйл ажиллагаанууд явагддаг. Гадаадын жуулчид Монголд тэмээ, говь, хээр үзэх гэж ирдэг. Жуулчны байгууллага Тэрэлжид ус биш манхан, усны шувуу биш, тэмээ, мал тэжээхийг хүснэ. Амрагчид голын эхэн дээр очиж хирээ угаацгааж байна. Самарчид, оргодол босуулууд, хулгайн ан чид хууль хяналтаас дайжин ойд бүгэн гал түймэр тавих, эсэн бусын үйлдэл хийдэг. Энд гэгээлэг оюунлаг орчин байхгүй. Томоохон их, дээд сургууль, цэрэг, цагдаагийн анги нэгтгэл, эрүүл мэндийн байгууллагыг байгаль хамгаалах давхар үүрэгтэйгээр байршуулбал оновчтой. Туулын томоохон дэм түшиг болох Гачуурт, Улиастайн гол бол бүр аймаар. Тэр хавийн модыг нүд халтиртал хядсаар л байгаа. Мөн л малжих район. Аялал жуулчлалын байгууллагуудад устай холбоотой хариуцлага хүлээлгэмээр байгаа юм. Ер нь Туулын эрэг дагуух нутгийг эзэнжүүлж, хэн дуртай нь машинаа угаах боломжгүй болгох хэрэгтэй.
Хатан Туулын ай сав газарт монголчуудын талаас илүү нь нутаглаж байх шиг байна. Энэ голын усыг ууж байгаа бол ёсыг нь дагахгүй байж болохгүй. Манай голынхон, нэг нутаг усныхан гэж ярьж сурахаас эхлээд өөриймсөх сэтгэл их үгүйлэгддэг. Улс орон бүр гол усан дээрээ том соёл иргэншил цогцлоон нийслэл хотоо барьсан харагдана. Тэглээ гээд аль ч цаг үед бидэн шиг уух усаа ширгээж хатаасан балмад явдал гаргаагүй байх юм.
Дэлхийн монгол туургатнууд, элэг нэгтнүүд маань амьд яваа насандаа хатан Туулынхаа уснаас амсаж үзэх юм сан гэцгээдэг. Эртний монгол баатрууд Туулын уснаасаа сүүлчийн удаа амсаад хэзээ ч эргэж ирэхгүй алсын алсад одсон юм. Нүүдэлчдийн байгуулсан хүчирхэг улс гүрнүүдийн олонх нь энэ гол дээрээс, энэ хавиас гараагаа эхэлсэн байдгийн баримт хиргисүүрүүд Туул өгсөж, уруудаад хаа сайгүй бий. Их учир утгатай том голомтон дээр бид сууж, ууж, угааж бас угаадсаа ч асгаж байна. Монголчууд Туулын эрэг дээрээ эргэж төвхнөөд 375 орчим жил болчихож уу. Мандан бадрах хувь заяа минь энд л бий гэсэн далд зөн билиг монгол хүн бүрд бий. Тураг ядраад уулаа бараадах лугаа Улаанбаатарыг зорих их нүүдэл үргэлжилсээр л.
Засаатай эмгэн буюу хошин урлаг
Шинэ үеийн хошин урлагийг эрэлт, хэрэгцээ гээд амархан тайлбарлаж ам тагладаг. Бүгд зах зээлд орж хаана юу дутагдаж байна, түүнийг нь хийж амьдрах шиг шударга явдал хаа байх вэ.
Юундаа ч юм бухимдаж яваа олон түмнийг гижигдээд ч болтугай хааяа инээлгэх шаардлага бий юү, бий. Энэ салбарын бизнес овоо цэцэглэж, олон ч “ТҮЦ”-тэй болжээ. Их ч ашиг олдог бололтой юм билээ. Одоо дэс дарааллын хувьд дараагийн шатандаа шилжих болоогүй юм байх даа. “Инээдмийн ТҮЦ”-нүүд өргөжиж, “Найман нэрийн барааны дэлгүүр” болохыг үзэгчид түрүүчээсээ хүсэж байна. Хүмүүс галзуу юм шиг тас тас хөхрөхөөс санаа зовж, оронд нь үргэлж инээмсэглэж явах нөхцөлийг хайдаг боллоо.
Монголчуудыг төрөлхийн омогтой, дай чин баатарлаг ард түмэн буюу Чингисийн удам угсаа гэж сүүлийн хорь гаран жил давталт олонтой ярьж, бичсэн. Сэтгэл зүйн энэ туршилтад цөмөөрөө хамрагдсан ч практик дээр баатарлаг явдал төдийлөн нэмэгдээгүй агаад онгироо, хийрхүү, ааш муутай хүмүүс илт олширсон. Өөрөөр хэлбэл, орчин цагийн урлаг соёлын төлөөлөгчид хаалттай нийгмийн үеийн үзэл сурталчдаас ур чадварын хувьд илүү гарч чадсангүй. С үсгийг К үсгээр сольсон болохоос изм нь яг хэвээрээ.
Хүмүүс яагаад эр зоригтой, баатарлаг болсонгүй вэ? Хамгийн муу жишээ хэлэхэд, өнгөрсөн нийгмийн захын атаман, овгор гудманд гарч ирээд шууд дээрэм хийдэг байсан даа. Дээрэмдүүлэгч этгээд ч бас эрийн хуйх зааж цусаа урстал нулилцана. Энэ балмад араншин нь тухайн үед бүх кино жүжгээр гардаг дайсны эсрэг манай талынхны яруу алдрын үзүүлбэрээс санаа авсан ч юм биш. Угаасаа л цус дамжиж ирсэн баатарлагийн нэг илрэл.
Тэгвэл өнөө цагийнхан хавтгайдаа хулч гаруудаар дүүрчихсэн. Хулчгар учраас голдуу хулгайгаар амьдарна. Малын, модны, хармааны, сонгуулийн саналын хулгай хүртэл цэцэглэн хөгжсөн.
Өрнө, дорнын хооронд мянга мянган жил нүүдэллэсээр аль алинаас нь сайн чанарыг өвлөн авсан манай ард түмний сэтгэлд бат суусан араншинг хүчээр эвдэх гэж 70 жил сурталдсан. Одоо тохиромжгүй стиль тулгаж, инээлгэх замаар 20 жил хорлож байна. Уйгагүй ноцолдоод байхаар хүний зан бас их өөрчлөгдөх юм байна шүү. Одооны хүүхдүүд маш аймхай ч харгис хэрцгий нь найз нөхөдтэйгээ харилцаж байгаагаас ч ажиглагддаг.
Хүүхэд зөвхөн инээдтэй зүйлд л хамаг анхаарлаа хандуулж чаддаг. Яг тэр насан дээр нь юунд инээх тухай жорыг шинэ, хуучин хоёр үеийн хошин урлагийнхан хэрхэн бэлдэж өгөв.
Бид багадаа “Ну погоди” гэдэг хүүхэлдэйн киног үзээд хөгжилдөн инээлддэг байсан даа. Хожим энэ киног дорно зүгийн хүн үзээд мэлмэртэл уйлахыг хараад гэнэт юу билээ гэж эргэж бодсон. Хөөрхий тэр чоно амьд амьтан сан бол тэсэж тэсвэрлэхийн аргагүй яргалал дунд үйлээ үзэж байхад туулай ба бидний бах ханаж, элгээ хөштөл инээх нь орос, монгол хоёрт л байдаг гажиг явдал юм. Нууц амраг ба эхнэр, нөхрөө араар тавьсан паян, онигоог хөхиүлэн дэмжицгээж хөхрөлдөн баясацгаах нь зэрлэг омгийнхон лугаа харгис хэрцгий шинжтэй. Айлын авгайтай шөнө гэрт нь цуг унтаж байтал нөхөр нь ороод ирсэн тухай ч юм уу, эсвэл архичны, галзуугийн, оюутны, хөдөөгийн чукчагийн тухай онигоонууд яг амьдрал дээр бол эмгэнэлт дуурь, аймшигт үйл явдал шүү дээ. Бүр сүүлдээ хүнийг алж байгааг үзүүлээд, үхэж буй дайсан нь хэрхэн зовж тарчилж байгааг ялагч баатар нь харж хөхөрч баярлана. Бид бүр их баясана. Амьдралд тохиолддог өөр хөнгөвтөр хөгжөөнт явдалд инээмсэглэж чадахаа больтлоо гаж сэтгэхүйтэй болох нь л дутлаа. Ташуураар ороолгуулж секс хийдэг гаж донтон шиг болох нь. Энэ нь хожим нийгмийн амьдралд хэрхэн нөлөөлдгийг мэдэхгүй юм. Гадуур сонсогдоод байдаг аймшигт аллага таллагад солонгос сериал, хошин урлагийн иймэрхүү санаанууд тэгтлээ нөлөөлдөггүй байх гэж найднам. Тайз, дэлгэцнээ тавигдаж буй одоогийн хошин урлагийн инээлгэх сэдэв нь эмгэн ба хөдөөгийн хүний дүр. Бүх хошин урлагийнхан заавал нэг ийм дүр ёс юм шиг оруулна. Хошин урлагийн Бооёо буюу Ариунболд гэгч нь эмгэн шоолдгоо бүр хөөр бах болгон ярьдаг гэсэн. Засаа сэлдийгээ савлуулсан эдгээр “эмгэд” бол орчин цагийн хошин урлагийн нүүр царай нь юм даа. Социалист хошин урлагийг өөрчлөн шинэчилсэн юм нь ердөө л энэ. Үүнээс илүү хувьсгал хийх зүрх, зориг тэдэнд байхгүй. Аймхай, хулчгар, мөрөөрөө. Нэр төрөө сэргээж зарга хийх чадамжгүйгээр нь хөдөөний мангар, хөгшин чавганц хоёрыг элдвээр нь доромжилно. Манай ээж настай хүн бий. Ээжид минь эд нарын шоолоод байгаа зан чанар, ааш авираас нэг нь ч таардаггүй. Үг яриа нь цэгцтэй, гэр орондоо нөлөөтэй, хөл нь л жаахан муудсаныг эс тооцвол зүгээр л хүн байдаг шүү дээ. “Мөөм эмээ” гээд манай нутгийнхан бүгд л хэлэх байх. Надад бас эмээ байсан. Тэрний хувьд одоо эргээд дурсахад бараг суут гэмээр хүн байв. Их хуралд суух боломж байсан бол энэ Дэмбэрэлээс л илүү сэтгэх толгой байсан даг.
Залуу сайхан бүсгүйчүүдийг нас ахихаар нь урьдны бүтээгүй дурлалынхаа хонзонг авч буй мэт эмгэдийг мөн ч их баалах юм даа. Нээлттэй нийгэмд хүнийг насаар нь ялгаварлах инээдэм биш болоод удаж байна.
Хөдөөний мангар гэдэг ойлголт ч одоо шал өөр болчихсон шүү дээ. Зан төлөв, ааш араншингийн хувьд эдний дэглээд байгаа шиг Улаанбаатарт ирээд соёлын шокт ороод “маруужин” идэж мэдэхгүй мангар гэж хаа байх вэ дээ.
Бид урлагт цензур тогтчих вий гэхээс үнэхээр сэрэмжилдэг. Хэд хэдэн үеэрээ урлаг, сэтгүүл зүйн главлит, цензур гэгч юманд заазуурдуулсаар энэ салбар дэлхийн хөгжлөөс гажаад явчихсан. Одоо л жам ёсны замаараа явах гэж зүдэрч байгаа. Тийм болохоор хошин урлагийнхныг та нар тийм чиглэлээр ажилла гэж ам ангайх л юм бол хуучин цагийн цензур энэ үгийг хүлээгээд сууж байгаа. Дахиад биднийг төр засгаас зааж зурах санаа бүрэн унтраагүй гэсэн үг. Тэрний оронд ингээд эмээгээ шоолоод, дураараа жиргэж явсан нь арай дээр. Уг нь санаагаар болдог бол хошин урлагийнхан одооны энэ улс төрийн намуудыг, олигархи гээд байгаа олиггүй нөхдүүдийг нэр ус, дүрээр нь дурайтал гаргаж, ичиж улайтал нь шоолох хэрэгтэй байгаа юм. Тэгснийхээ төлөө жүжгээ хаалгаж, шүүх цагдаадаа тулж, олон түмнээр дэмжүүлэн ёстой нэг бужигнуулж өгдөг нийгэм, шижигнүүлж явдаг нас шүү дээ.
Урлагийнхан СТА гэдэг тэмдэг авахын төлөө уралдацгаана. Авангуутаа залгуулаад Гавьяат гэдэг цол одоо болтол аваагүй юм уу гэж нэгнээрээ хэлүүлцгээнэ. Нэг л мэдсэн Монголоор дүүрэн урлагийн гавьяатууд. Арван одон тутмын зургаа нь урлагийнханд ногддог. Саяхан хошин урлагийнхан бараг бүгдээрээ шагнуулсан гэж дуулдсан. Эмээ доромжлох чинь одоо гавьяа байгуулсанд тооцогдох уу. Их олон мал өсгөж баяжсан болгонд Улсын сайн малчин цол өгдөггүй. Харин олсон долсноо бусдадаа хуваалцаж, ядуу нэгнийгээ хэр их малжуулсан, эсэхээр нь уг шагналыг өгдөг.
Хошин урлагийнхан хүмүүсийг зөв сэтгэлд инээмсэглэдэг болгохын төлөө юу хийсэн бэ? Тоглоом тоотой нь дээр гэсэн хуучны үг бий. Хаалттай нийгмээс өвлөгдөн ирсэн “хатуу тоглодог” харгис хандлагыг эд нар улам өөгшүүлж төгөлдөржүүлдэг. Тэр хатуу тоглоом гэгчийн цаана сануулга, заналхийлэл, үзэн ядалт, харгислал, атаархал нуугдаж явдаг. Бусдын үнхэлцгийг хагартал айлгаж, эсвэл ичээж аваад, дараа нь хуурсан юм аа гээд наг наг инээж буй этгээд зэвүүн шүү.
Уурлах л юм бол “Тоглоом даадаггүй хулгайч вэ” хэмээгээд барьж идэх гээд, хэрэлдэхээ бэлдээд сууж байдаг ямар хошин шог манайд хөгжөөд байна, ай.