Гандантэгчэнлин хийдийн бүсэд цэцэрлэгт хүрээлэн байгуулна хэмээн Улаанбаатар хотын захиргаанаас мэдэгдэж, зарим айлын газрыг чөлөөлөөд байгаа билээ. Цаашлаад 5-10 жилийн хугацаанд Гандангийн нийт 55 га газрыг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна хэмээн хотын дарга Х.Нямбаатар мэдэгдсэн. Тухайн газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах нь зөв, эсэх талаар нийгмийн дунд багагүй маргаан үүсээд буй. Цэцэрлэгт хү рээлэн байгуулахыг эсэргүүцэгчид Туулын хурдны зам барихын эсрэг тэмцэгчдийн адил жагсаал, цуглаан хийгээгүй ч эрдэмтэн, судлаачид хэлэлцүүлэг өрнүүлж, өв соёлоо авч үлдэх нь зүйтэй гэдэгтэй санал нэгдэх болжээ. Гандантэгчэнлин нь Монголын хүрээ хийдүүдээс цор ганцаар үлдсэн, үндэсний шашин, соёлын ой санамжийг бодитоор тээж буй түүхэн орон зай, бүтэц учир суурьшлын бүсийнх нь хамт хадгалж үлдэх ёстой хэмээн судлаачид ярьж байна.
Гандангийн дэнжийг шинээр хэрхэн зохион байгуулах талаар 1992 оноос хойш дөрвөн удаа төлөвлөж байжээ. Бүр 1982 онд залуучуудын дунд Гандангийн дэнжийг хэрхэн хөгжүүлэх вэ гэсэн уралдаан зарлаж, олон нийтийн санал бодлыг сонсож, оюун ухааныг нь уралдуулж байж. Өөрөөр хэлбэл, монголчууд Гандантэгчэнлин хийд бүсийг шашны төв болгож хөгжүүлье хэмээн орон зайд нь “гар хүрэлгүй”, төлөвлөөгүй үлдээсэн түүхтэйг хот судлаачид онцолсон. Тэгвэл өнөөдөр тухайн бүсэд үнэ цохиж, газар чөлөөлөх ажиллагаа явуулж буй. Ингэхдээ өмнө нь боловсруулсан ажлын зураг, төлөвлөгөөнөөс тэс хөндлөн буюу түүхэн талаас нь бус, зүгээр л цэцэрлэгт хүрээлэн болгоно гэж буй нь өв соёлоо устгах гэснээс өөрцгүй хэмээн олон хүн цахим орчинд байр сууриа илэрхийлсэн байна.
Яагаад өмнөх төлөвлөгөөнүүд биеллээ ололгүй, бүтэлгүйтсэн бэ гэдэг нь сонирхолтой. Жишээ нь, хамгийн сүүлд буюу 2013 онд “Гудамж” төслийн хүрээнд “Нью урбанизм” ХХК-ийнхан Гандангийн дэнж орчмын төлөвлөлтийн зургийг гаргаж байжээ. Ингэхдээ 2013 оны Эдийн засгийн хөгжлийн сайдын 28 тоот тушаал, нийслэлийн ИТХын 2012 оны 72, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны 11, “Гудамж” төслийн удирдах хорооны 75 дугаар тогтоолыг тус тус үндэслэн, Гандан дэнжийн гэр хорооллыг хөгжүүлэх дэд төслийг баталсан байна. Эл төслийг яагаад хэрэгжүүлээгүй болон Гандангийн суурьшлын бүс тойрсон асуудлаар зарим судлаачийн байр суурийг хүргэе.
ГЭР ХОРООЛОЛТОЙ АДИЛТГАН АВЧ ҮЗЭЭД БАЙГАА НЬ АСУУДАЛ ЮМ

З.ТУЯА (“Нью урбанизм” ХХК-ийн зөвлөх, хот төлөвлөгч)
-Гандан хийд орчмыг хөгжүүлэх төлөвлөлтийг танай хамт олон хийсэн ч хэрэгжүүлж чадаагүй юм байна. Ямар онцлогоор төлөвлөсөн байв?
-Гандангийн дэнжийн гэр хорооллын иргэд, оршин суугчидтай хамтран тус нутаг дэвсгэрийг зохистой төлөвлөн зохион байгуулах, инженерийн шугам сүлжээнд холбох, авто болон явган замтавих, хувийн орон сууц барих, сайжруулах зэргээр аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой төлөвлөсөн. Ингэхдээ барилга, байгууламжийн өндрийн хязгаар, газар ашиглалтын чиглэлийг тодорхойлж өгсөн юм. Их хүрээний зүүн хэсгийг Зүүн хүрээ, баруун хэсгийг Гандан буюу Гандантэгчэнлин хийд гэж нэрлэдэг байжээ. Гандантэгчэнлин хийд буюу Төгс Баясгалант их хүлгэн хийдийн анхны сүмийг 1809 онд Далхын дэнж дээр Шар сүм нэртэйгээр байгуулсан түүхтэй. Бид 1990 онд зах зээлийн системд шилжихдээ 700 гаруй сүм хийдийг устгаж, хүрээний хэв соёлыг алдагдуулсан. Бид төлөвлөгөө боловсруулахын тулд судалгаа хийх явцдаа Монгол Улсад нэг л хийд өөрийн суурьшлын бүсдээ үлдсэн нь Гандантэгчэнлин болохыг олж мэдсэн. Тухайн бүс бол зүгээр ч нэг гэр хороолол биш. Монголчууд суурьшин амьдрахдаа ямар тогтоцтой гудамж, талбай үүсгэсэн бэ гэдгийн ганц нотолгоо нь Гандангийн дэнж юм. 1992 оноос хойш Гандангийн дэнжийг дөрвөн удаа төлөвлөжээ. 1956 оноос хойш Улаанбаатарыг оросууд дөрвөн удаа төлөвлөсөн гэж ярьдаг.
Гандангийн дэнжийг дахин төлөвлөхийг 1000 гаруй иргэн эсэргүүцэж, гарын үсэг цуглуулж байсан цагт манай компани “Гудамж” төслийн хүрээнд захиалга авч, төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Өмнөх ерөнхий төлөвлөгөөнүүдэд суурьшлын бүсийг нэлээд өөрчилсөн байдаг. Бид Гандангийн бүс орч мын иргэдтэй уулзаж, хамтарч хөгжих ёстой гэдэгт санал нэгдсэн байв. Өөрөөр хэлбэл, шугам сүлжээг сайжруулж, гэр хорооллын дэд бүтцийг газрын эздийн тусламжтайгаар шинэчлэхээр ярилцаж, тохирсон байлаа. Дулаан, усны бүх дэд бүтцийг бүрдүүлж, үүнд иргэд ямар оролцоотой, улс ямар үүрэгтэй байхыг тодорхойлон, орчин нөхцөлийг нь сайжруулахын зэрэгцээ соёлын өвийг хамгаалж, аялал жуулчлалд нийцүүлэхээр ажиллаж байсан. Гэвч тухайн үед улс төрийн тогтворгүй байдлын улмаас хөрөнгө төсөвгүй болж, татагдсан. 2014 оноос хойш 10 гаруй жил гацлаа. Уг нь газрын нөхөн олговоргүйгээр иргэд гудамж, замаа өргөсгөөд оролцох боломжтой төлөвлөгөө боловсруулсан байсан юм.
-Бэлэн иж бүрэн зураг бий гэсэн үг үү?
-Тийм ээ. Гандангийн амин сүнс нь эхлээд юу болохыг ойлгох хэрэгтэй. Цэцэрлэгт хүрээлэн үү, түүх үү. Гэр хороололтой адилтган авч үзээд байгаа нь хамгийн том асуудал. Хэчнээн төлөвлөгөө гаргаад арга хэмжээ авдаггүй. Одоо хамгийн амар хялбар аргаар буюу цэцэрлэгт хүрээлэн болгоё гэж байна. Тэгсэн хэрнээ хүрээлэн байгуулж болох газартаа барилга барьчихдаг. Тухайлбал, Туул голын эргийн газрууд ногоон байгууламж, бүх нийтэд нээлттэй орон зай. Гэтэл эргийг нь хашаад, барилгууд барьчихсан.
ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛБАЛ АНХНЫ ДҮР ТӨРХ НЬ ӨӨРЧЛӨГДӨНӨ
Г.ОЧБАЯР (Хот судлаач)
-Хийдийг үлдээгээд цэцэрлэгт хүрээлэн болгох нь түүхэн талаасаа яагаад байж болохгүй гэж та үзэж байгаа юм бэ?
-Гандангийн суурьшлын бүс бол Ган дантэгчэнлин хийдтэйгээ холбоотой. V Богдын бүтээсэн, түүнээс уламжилж ирсэн түүхэн өв юм. Хийдийг тойрсон суурьшлын бүс бол агуулгаараа хүрээ гэдэг түүхэн орон зайн бү тэц. Өөрөөр хэлбэл, бид сүүлийн 2000 жилийн турш тасралтгүй суурин бүтцийг нь хэрэглэсэн, 1937 оны хэлмэгдүүлэлтээр лам нар болон хүрээ хийдүүдийг олноор нь устгасан. Өдгөө хүрээ хэлбэрээр үлдсэн ганц хийд нь Гандантэгчэнлин болох нь маш олон баримтаар нотлогддог. Иймд Ганданг суурьшлын бүстэй нь хамт үлдээх ёстой. 1980-аад оны сүүлчээс өнөөг хүртэл Гандантэгчэнлин хийдийг хуучин хүрээ бүтцийг хадгалсан дэнж байгуулна гэсэн төлөвлөлт хийгдсэн байдаг. Тэрхүү баримт бичиг нь одоо ч хү чин төгөлдөр. Гэтэл өөр агуулгаар байгуулна гэж буйг эсэргүүцэж байна. Түүнчлэн 2001 оны Засгийн газрын 96 дугаар тогтоолоор Гандангийн бүсийг Тасганы овоо, Гэсэр сүмтэй хамт 55 га газарт хамгаалалтын бүс тогтоосон. Соёлын өвийн тухай хуулиар дурсгалт газарт ийм бүс тогтоодог юм. Тус хуульд дурсгалт газрын анхны дүр төрхийг нь өөрчлөхгүйгээр ашиглана гэж маш тодорхой заасан. Гандангийн суурьшлын бүсийг устгаад цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэж буй нь анхны дүр төрхийг нь үгүй хийнэ гэсэн үг. Нөгөө талаас Гандантэгчэнлин хийдийг V Богд Жавзандамба хутагт 1838 онд суурьшлын бүстэй нь хамт байгуулсан түүхтэй. Өдгөө бид X Богдын үед амьдарч байна. Түүнийг нас биед хүрэх хүртэл нь Гандангийн дэнжийг хадгалж, хамгаалж үлдэх ёстой. Хуулиараа ч, өв соёл талаасаа ч хөндөж болохгүй.
-Улаанбаатар хотод соёлын өвийн дурсгалт барилга, байгууламж хэчнээн бий бол?
-Дэлхийн бусад улс оронтой харьцуулахад манайх соёлын өвийг авч үлдэхэд маш хайнга ханддаг. Ер нь ихэнх тохиолдолд устгасан байдаг. Тухайлбал, Богдын хүрээ Гандангийн дэнжтэй холбоотой ердөө 25 дурсгал л үлдсэн. Үүнд долоон сүм хийд, 15 барилга, гурван хөшөө багтдаг. Өөрөөр хэлбэл, Гандангийн суурьшлын бүсийг устгана гэдэг тэнд байгаа модон архитектур, хүрээ байшин, гэр, гудамжуудыг устгана гэсэн үг.МонголУлс соёлын өвийг хадгалж, хамгаалах бодлого, тогтолцоо, хэрэгжүүлэх газруудтай. Хариуцсан яам, мэргэжилтнүүд нь анхны дүр төрхийг нь сэргээж хадгалж, ирээдүйд үлдээх шаардлагатай байна.
-Шашин, соёлыг хослуулан, орчин цагтай нийцүүлэх ямар шийдэл байж болох вэ?
-Монголын архитекторуудын эвлэлээс “Хүрээний сүүлчийн суурьшил өнгөрснөөс ирээдүйд” хэлэлцүүлийг саяхан зохион байгуулсан. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, хотын захиргаанд урилга илгээсэн ч төлөөлөл оролцоогүй. Нийслэлийн соёл, урлагийн газраас нэг дарга нь хэлэлцүүлэгт ирсэн. Нийслэлийн удирдлагууд Гандангийн бүс орчмыг өөрсдийн таалалд нийцүүлж, хүчээр шийдэх гэж байна. Ганданг уламжлалт байдлаар нь авч үлдэх юм уу, шашин, соёлын төв хэлбэрээр нь хадгалах уу, эсвэл шашин, амралтын бүс болгох уу гэдэг асуудлыг нийтээр хэлэлцэх хэрэгтэй. Гандангийн 55 га газрыг хөрөнгө төсөв нь байвал хуучин дүр төрхөөр нь сэргээх боломжтой. Жишээлбэл, хуучин дааман хаалга, шургааган хашаа ямар загвартай байсан тэрүүгээр нь засаж, сэргээж болно. Ийм зураг төсөл нь ч бий. Гэвч дарга нар талцаад, нэгнийхээ ажлыг нөгөө нь үгүйсгэдэг жишиг тогтоод удаж байна. Хотыг удирдах систем, бодлого энэ мэт алдагдсан.
ХОТ БАЙГУУЛЖ БАЙСАН ТҮҮХЭЭРЭЭ ЖУУЛЧИД ТАТАХ БОЛОМЖТОЙ
Н.ЭНХЖИН (Cэргээн засварлагч, архитектор)
-Хүрээний үеийн сууцыг баримтжуулах төсөл хэрэгжүүлсэн гэж сонслоо. Энэ нь Гандан хийдтэй холбоотой гэл үү?
-Төслийн хүрээнд Гандангийн модон архитектурын өвийг судлахад хот төлөв лөлтийн хувьд хүрээ маягийн зохион байгуулалттай хэлбэр өдгөө ч хэвээрээ байна. Түүхэн баримт зургаас харахад Гандан орчимд 800 хашаа бий.Одоо850хашаабайгааюм.Тодруулбал,утсгажүгүй болж байгаа модон архитектурын талаарх судалгааг 2023 онд хийсэн юм. Оксфордын их сургуулийн тэтгэлгээр сонгон шалгаруулалтад тэнцэж, Гандан дахь модон сууц, дааман хаалга, шургааган хашаа зэрэг түүхэн өвийг судалсан. Энэ бүхэн органикаар устаж байна. Хүмүүс байшин барихдаа ч модоор биш тоосгоор, илүү сайжруулсан материалаар барьдаг болсон. Бид хүрээний үеийн сууцыг баримтжуулах төслийг Гандангийн дөрвөн объектод хийсэн.
-Модон өвийг сэргээн засварлах боломж бий юү. Бусад улсад шашны түүхэн дурсгалт газрыг аялал жуулчлалын гудамж болгосон байдаг шүү дээ.
-Тийм ээ. Хятад гэхэд шавар сууцаараа аялал жуулчлалын гудамж үүсгээд, өв соёлоо хадгалж үлдсэн байдаг. Япончууд уламжлалт сууцаа орчин үеийнхтэй хослуулан хөгжүүлж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хэрэглэж байна. Манай улс өөрсдийн сууц, түүхэн дурсгалт барилгуудаа заавал өөр загвартай болгож, дүр төрхийг нь өөрчлөх шаардлагагүй. Гандангийн дэнжийг дахин төлөвлөхдөө боржигон байшин, ламын сууц, дааман хаалганы материалыг нь бага зэрэг өөрчилж, аялал жуулчлалын бүс болгох боломжтой. Ингэснээр монголчууд хот байгуулж байсан түүхтэй шүү гэдгээрээ жуулчдыг татаж болно. Баруун, Зүүн хүрээний үед тэр чигээрээ боржигон байшин, ламын гэртэй байсан. 800 ширхэг шургааган хашаа, хаалга, хүрээ гэр байснаас одоо ганц ганц ширхэг л үлджээ. Бидний амьдарч байсан сууц устаж алга болж байна. Одоо газар чөлөөлөөд цэцэрлэгт хүрээлэн байгуулчихвал бүр үгүй болох нь.