УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдаанаар Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг шийдэв. Төслийг гишүүн Т.Мөнхсайхан санаачилсан юм байна. Сүүлийн дөрвөн жилд манай улсад сургуулийн орчинд дөрвөн хүүхэд нас баржээ. Тэдний нэг нь үе тэнгийн дээрэлхэлтээс болж амиа алдсан аж. Т.Мөнхсайхан гишүүн “Сургуулийн орчинд хүүхэд амиа алдах бүү хэл, эрүүл мэндээрээ ч хохирох ёсгүй. Аливаа хэрэг болсных нь дараа ярих биш, урьдчилан сэргийлдэг байхын тулд энэ хуулийг санаачилсан” гэсэн юм.
Д.Ганбат гишүүн “Та нар УИХ-ын гишүүдийн хүүхдүүд хаана сурдгийг судалж үзсэн үү. Хэвлэлээс Л.Оюун-Эрдэнийн хүү хаана сурдгийг мэдсэн. Лондонд юм билээ. Тэгээд тэдний хөл бөмбөгийн багийг Соёлын яамнаас санхүүжүүлээд байдаг. Гэтэл манай улсад стандартын хөл бөмбөгийн талбайтай сургууль алга” гэсэн юм. Т.Мөнхсайхан “Төсөл боловсруулахад ач холбогдолгүй учраас тийм судалгаа хийгээгүй” гэв. Мөн тэрбээр улсын хэмжээнд эрүүл, аюулгүй байдлыг 100 хувь хангах нэг ч сургууль байхгүй гэсэн гунигтай мэдээ дуулгасан юм. Тэд 11 үзүүлэлтээр гадаад, дотоод орчны аюулгүй байдлыг үнэлэхэд ийм дүн гарсан байна.