Дэлхийн томоохон хотуудын төв талбай тухайн үндэстний өв соёлын дархлаа, түүхэн ой санамж, оршин тогтнохуйн утга учрыг илэрхийлдэг онцгой орон зай байдаг. Тухайлбал, Лондоны Трафальгар, Францын Эв нэгдлийн буюу Конкорд талбайн хажуугаар жуулчид чөлөөтэй алхаж, уран баримал, архитектурын өвийг шимтэн үзэж, түүх, соёлоор нь аялан тухалдаг билээ. Тэнд манайх шиг автобусны буудал, төлбөртэй дугуйн зогсоол байгуулж, хотын дарга нь мега асар сүндэрлүүлэн хоол хийж, шатар тоглож, өөрийгөө эрхлүүлдэггүй. Төрийн байгууллагууд нь нээлттэй хаалганы өдөрлөг нэрээр майхан зоож, хуушуур хайрч суудаггүй. Өөрөөр хэлбэл, тэрхүү орон зайд арилжаа наймаа бус, харин үндэсний бахархал, хүндэтгэлийн уур амьсгал зонхилдог нь хот төлөвлөлтийн бичигдээгүй хууль юм.
Харин манайд төв талбай бол ердөө л үе үеийн хотын дарга нарын эгогоо тэжээх талбар болсон. С.Амарсайханы үед усан оргилуур байгуулна гээд ногоон байгууламжаас нь цөлмөсний зэрэгцээ төв талбайн гуравны нэгийг эзлэх зайд ямар ч өнгө үзэмж, гоо зүйгүй гурван том жорлон барьсан. Өдгөө тэнд юу байх, ямар үйлчилгээ эрхлэх, хэн асар барихыг бүгдийг нь нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын үзэмж, түүний шийдвэр л мэддэг болов. Үүний уршгаар их хотын А цэг өнөөдөр хэн дуртай нь зөвшөөрөлгүй дугуй түрээсийн үйлчилгээ эрхэлдэг, эмх замбараагүй худалдаа наймаа “цэцэглэсэн” хар зах, автобусны зогсоол болоод багагүй хугацаа өнгөрөв.
Өөрөөр хэлбэл, Сүхбаатарын талбайг хар зах болгох “төлөвлөгөө” өнөөгийн хотын дарга Х.Нямбаатараас эхтэй гэж ойлгож болно. Одоогоос гурван жилийн өмнө тус талбайд 600 сая төгрөгөөр ногоон зүлэг дэвссэнээр энэ галзуурал эхэлсэн. Тухайн үед иргэд баяр наадмаас дутахгүй хөөрч, зүлгэн дээр амарч тухлан байсан нь манай нийслэлд ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн ямар их дутагдаж буйн тод илрэл байв. Гэвч энэ нь эцэстээ хотын удирдлагууд төв талбайг зориулалтын бусаар ашиглах “ногоон гэрэл” болж хувирна чинээ хэн санах билээ.
ЖУУЛЧДЫН НҮД ОРОЙ ДЭЭРЭЭ ГАРДАГ
Сүхбаатарын талбайн урд хэсэгт өнгө өнгийн олон дугуй эгнүүлэн тавьсан байх бөгөөд суудлынх нь тооноос хамаараад 30-60 минутад 5-10 мянган төгрөгөөр түрээсэлдэг юм билээ. Зургаан хүний суудалтай том дугуйг 30 минут унахад 10 000, дөрвөн хүнийх нь 5000. Харин нэг хүний дугуйг 40 минут унахад 5000 төгрөгийн үнэтэй. Ийнхүү урин дулааны улирал эхлэхтэй зэрэгцэн төв талбайдаа дугуй түрээслүүлдэг нь олон хүний шүүмжлэл дагуулах болсон. Ялангуяа жуулчид, гадаадын иргэд үүнийг хараад нүд нь орой дээрээ гарах шахдаг юм билээ. Үнэхээр ч төв талбайнхаа урд бичил зах үүсгэж, түрээсийн дугуй унуулдаг газар манайхаас өөр хаана ч үгүй байх. Францчууд парламентын ордныхоо гадна асар барьчхаад, хоол хийж, спортын наадам зохион байгуулж байна гээд та төсөөлөөд үз дээ. Соёл иргэншилт ертөнцөд энэ бол төсөөлөхийн аргагүй галзуурал биз дээ. Харин Монголд, тэр дундаа Улаанбаатарт энэ бол жирийн л үзэгдэл мэт болж, бид ийм гаж байдалд хэдийн дасчихжээ.
Эргэн сануулахад, хотын дарга Х.Нямбаатар олон орны хоолны соёлыг таниулах “UB Food festival”-ийг зохион байгуулах нэрээр төв талбайд 2025 оны дөрөвдүгээр сард босгосон асраа буулгаж хүчрэлгүй хэдэн сар өнжсөн. Тэрбээр “Асар том байгууламж тул тендер зарлаж буулгана” гэх утгагүй тайлбар хийж суусан нь саяхан. Улмаар ганцхан өдрийн хүчтэй салхины улмаас түүний босгосон асар нурж, гурван хүн гэмтсэн байдаг. Хувийн өмчийн барилгыг нүд ирмэхийн зуурт нурааж чаддаг “шийдэмгий” нэгэн атлаа гоо зүйгүй, халтар майхнаасаа салахдаа ийм хойрго байгаа нь харамсалтай. Өнөө жил ч бас “Буулгаж хүчрэхгүй нь” гэх шалтгаанаар иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндээр хэрхэн “тоглох”-ыг тааварлашгүй.
Аялал жуулчлалын салбарынхан хүртэл “Энэ замбараагүй байдал жуулчдыг татах биш, харин ч үргээж байна. Төв талбайг чөлөөлж өгөөч” гэж хотын даргаас удаа дараа шаардсан. Учир нь аливаа улсыг зорин ирж буй гадаадын иргэд тухайн үндэстний түүх, соёлын дархлааг хамгийн түрүүнд төв талбайгаас нь эрж хайдаг. Тиймдээ ч Монголд хөл тавимагцаа хамгийн түрүүнд Их Эзэн Чингис хааны хөшөөг үзэхээр Сүхбаатарын талбайг зорьдог. Гэтэл тэднийг Чингис хааны хөшөөнөөс ч сүртэй нийтийн ариун цэврийн байгууламж, хиншүү хярвасаар утсан хар зах угтдаг нь нууц биш. Хөшөө дурсгал нь бус, харин жорлон нь илүү тодорч харагдахаар байршуулсан ийм мэдрэмжгүй төлөвлөлтийг дэлхийн өөр аль ч улсын төв талбайгаас харахгүй. Угтаа дурсгалт барилга, байгууламжийн харагдах орон зайг хаасан аливаа элемент тухайн хотын гоо зүйд шууд нөлөөлдөг гэж үздэг. Тэгэхээр манай дарга нар хот төлөвлөлтийн наад захын мэдрэмжгүйг нь зөвхөн энэ жишээнээс бэлхнээ харж болох нь.
Үүгээр зогсохгүй улсын төсвийн хэдэн тэрбум төгрөгөөр хэнд ч хэрэггүй чулуун хашаа босгож, талбайн орон зайг улам давчуу болгосон нь саяхан. Тэгсэн атлаа жинхэнэ утгаараа соёл, урлагийн орчин бүрдүүлэхэд хотын удирдлагууд хэтэрхий хойрго хандсаар ирэв. Цагтаа сонгодог урлагийнхан Сүхбаатарын талбайд гарч ирж тоглолтоо толилуулдаг, иргэд нь Венийн вальс эргэдэг, тийм л романтик хот байж. Гэтэл өдгөө тэнд өсгийтэй гуталтай бүжиглэх нь битгий хэл, пүүз өмсөөд алхахад ч бэрх болжээ. Уг нь дугуй түрээсийн үйлчилгээ, арилжааны арга хэмжээнүүдийг Үндэсний соёл амралтын хүрээлэн, эсвэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах бүрэн боломжтой. Аль эсвэл өнөөх олон тэрбумын өртөгтэй спорт цогцолбор, аренануудаа ашиглаж болно шүү дээ. Яагаад заавал их хотын төв цэгт гэж. Олон улсын хот төлөвлөгчид ч төв талбай бол иргэний ухамсрын бэлгэдэл, төр-иргэний харилцааны ил тод орон зай гэж тодорхойлдог. Тиймээс тэнд зохион байгуулах аливаа үйл ажиллагаа ёслол хүндэтгэлийн шинжтэй байх учиртай.
ИРГЭДИЙН ЭСЭРҮҮЦЛИЙГ ДАРАХ ОРОЛДЛОГО
Туулын хурдны замын төслийг эсэргүүцсэн иргэд энэ сарын 23-наас өнөөдрийг хүртэл цуглаан зохион байгуулж, өөрсдийн дуу хоолойг төр засагт хүргэхийг хичээж байна. Гэвч иргэдийн энэхүү чин хүсэл, эсэргүүцлийн эсрэг нийслэлийн удирдлагууд тун сонирхолтой хариу барьж эхлэв. Тэд иргэдийг сонсохын оронд маргаашаас нь эхлээд төв талбайд цуврал арга хэмжээ зохион байгуулахаар яаравчлан төлөвлөжээ.
2026 оны дөрөв, тавдугаар сарын арга хэмжээний хуваарийг харвал Шадар сайд болон 10 гаруй яамны нээлттэй хаалганы өдөрлөгүүд ар араасаа цуврахаар байна. Энэ нь иргэдийн тэмцлийг саармагжуулах, жагсагчдын орон зайг шахах, олон нийтийн анхаарлыг үндсэн асуудлаас холдуулах гэсэн оролдлого гэж хардахад хүргэж байгаа юм. Жагсаал цуглаан болж буй цэгт зориудаар баяр ёслолын уур амьсгал бүрдүүлж, чанга яригчаар дуу хөгжим явуулах нь иргэдийн дуу хоолойг дарах гэсэн эрх баригч дын сонгодог арга гэлтэй.
“АМРАХ” ЭРХГҮЙ ТӨВ ТАЛБАЙ
Ерөөс Сүхбаатарын талбайд “амрах” зав алга. “Улаанбаатар хотын хавар-2026” арга хэмжээнээс эхлээд яамдын өдөрлөг, номын баяр, хонхны баяр гээд энэ хавар төв талбайг “амраах” заяа алга. Туялзуур сэлмийн тэмцээнээс эхлээд, “UB bike” дугуйн өдөрлөг, “Playtime pre-event”, “Food festival”, “Street battle dance” гээд эцэс төгсгөлгүй үйл ажиллагаанууд шил шилээ даран хөвөрнө. Уг нь төрийн үйлчилгээ цахимжсан, инновацын эрин үед заавал нүсэр асар барьж, түгжрэл дунд хүмүүсийг биечлэн цуглуулах нь үр ашиггүй бөгөөд хоцрогдсон шийдэл. Нэг яамны өдөрлөгт дунджаар хэдэн арван сая төгрөг зарцуулдаг гэвэл, 10 гаруй яамны арга хэмжээнд татвар төлөгчдийн хэдэн зуун сая төгрөгийг зөвхөн шоу хийхэд зориулна гэсэн үг. Нэг ёсондоо иргэдийн дуу хоолойг боомилох ажиллагааг тэдний төлсөн татварын мөнгөөр санхүүжүүлж байна гэмээр. Ерөөс төв талбай бол ард түмний үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт индэр болохоос, эрх баригчдын алдааг нуун дарагдуулдаг, төсвийн мөнгийг хэрхэн үр ашиггүй зарцуулснаа тайлагнадаг талбар биш. Тиймээс хотын дарга Х.Нямбаатар та элдэв арилжааны шоу, өнгөлөн далдлалт хийсэн өдөрлөгүүдээрээ талбайг “бөгжлөх”-өө больж, зүгээр л тайван байлгаад өгөөч.
У.Цэцэг