Үндэсний их баяр наадмын амралтыг тохиолдуулан Монгол Улс хил дээрх авто замын боомтуудынхаа зорчих хөдөлгөөнийг хааж, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага өндөржүүлсэн бэлэн байдал зарлан, харуул хамгаалалтаа чангатгадаг. Энэ үеэр манай улсын хилийг зөрчин Хятадын талаас явган хүн орж ирсэн байдаг. Тодруулбал, 2025 оны долоодугаар сарын 13-14-ний үед БНХАУын Эрээн хот талаас манай улсын өмнөд хилийн Замын-Үүд сумын нутаг руу Лү Вэй (Lu Wei) гэх эр орж иржээ. Хилийн торон саад, шороон зурвас дээгүүр гарсан явган хүний мөрийг анх олсон хил чид анги, байгууллагадаа мэдэгдэн хүч нэмэгдүүлэн эрэн сурвалжлах ажиллагаа зохион байгуулж байж нуугдаж байсан газраас нь олсон байдаг. Улмаар түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт эрүү гийн хэрэг үүсгэн шалгаж, дуусаад Нийслэлийн прокурорын газарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн аж. Прокурор Лү Вэйд Эрүүгийн хуулийн 19.14-1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн байна. Уг зүйл заалтад зааснаар 1350-10 000 нэгжээр торгох, зургаан сараас хоёр жил хүртэл зорчих эрх хязгаарлах, эсвэл мөн хугацаагаар хорих ял шийтгэх заалттай.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлснийг өнгөрсөн баасан гарагт шүүгч Э.Болормаа даргалан хэлэлцээд Лү Вэйд 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна. Үндэсний баяр наадмаар улсын хил зөр чин орж ирсэн гадаадын иргэнийг өчнөөн хөрөнгө зардал гаргаж, эрэл сурал болж байж саатуулчхаад 10 саяар торгоод явуулах нь шийтгэл үү, шагнал уу. Үндэсний аюулгүй байдлын эсрэг өдүүлсэн энэ мэт гэмт хэрэгт оноож буй ял шийтгэлийг эргэж харах цаг болсон санагдана.