Монгол Улсыг 270-аад жилийн турш эрхшээлдээ байлгаж, дарласан Манж чин гүрнээс туурга тусгаарлан эрх чөлөөгөө олж авах тэмцлийг оройлон оролцсон хүний нэг бол VIII Богд Жавзандамба гэдгийг түүхчид дуу нэгтэй баталдаг билээ. Шашин төрийг хослон баригч, наран гэрэлт, түмэн наст VIII Богд Жавзандамба хааныг хуучин тогтолцооны үед элдвээр гоочилж, муулж байсан ч өнөө цагийн түүхчид түүний гавьяаг бодитоор үнэлэн гаргаж ирсээр буй юм. Гэвч өнөөдөр Монгол Улсын тусгаар тогтнолд үнэтэй хувь нэмэр оруулж, оройлон тэмцэж, удирдан зохион байгуулсан энэ түүхэн хааныхаа амьдран сууж асан ордон, лавринг үгүй хийх, үнэт байдлыг алдагдуулах алхмыг арав, таван цаасны төлөө аж ахуйн нэгж, байгууллага, нийслэлийн удирдлагууд хийсээр байна. Болж буй үйл явдлуудыг доор сийрүүлэн хүргэе.
ДЭЭД ШҮҮХИЙН ШИЙДВЭР ЭЦСИЙНХ Ч ГАЗРЫГ НЬ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ГҮРИЙСЭЭР
Манай улсад харин эсрэгээрээ. Монгол Улсын тусгаар тогтнолыг сэргээн мандуулахад идэвхийлэн удирдан оролцсон Богд хааныхаа ордон музейн газраас тал талаас нь хумсалсаар ирэв. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 415 дугаар захирамжаар “Номуун гэрэл” төвд 5512, “Интернэйшнл медикал центр” ХХК-д 2010 оны мөн захирамжаар 1365, 2011 оны 539 дүгээр захирамжаар 1319, 2012 оны А/492 дугаар захирамжаар 15 993 ам метр газрыг “Вантрейд” ХХК-д олгосон. Эд өлгийн зүйлс, үзүүлэн, дурсгалаараа нэн баялаг Богд хааны ордон музейн хамгаалалтын бүсийг уг нь 2001 онд 5.7 га талбайтай байхаар тогтоосон гэдэг. Гэвч ийнхүү 2010-2012 оны хооронд их хэмжээний газар таслан авч аж ахуйн нэгжүүдэд олгосон аж.
Богд хааны ордон музейнхэн нийслэлийн Засаг даргын захирамжийн эсрэг зарга мэдүүлж, шүүхэд хандан тэмцэхэд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нар нэхэмжлэлийг хангахаас татгалзсан байдаг. Харин Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн соёлын өвөө хамгаалсан тогтоол гаргасан юм. Энэ талаар манай сонин 2024 оны арванхоёрдугаар сарын 27-ны дугаартаа “Богд хааны ордон музейн газрыг Дээд шүүх дээрмээс аварлаа” гэсэн нийтлэлээрээ уншигчдадаа хүргэж байв. Уг нийтлэлийн бичихдээ дарсан болон өчигдөр яг нэг байрлалаас авсан гэрэл зургийг харьцуулахад байдал огт өөрчлөгдөөгүй нь харагдаж буй юм.
Богд хааны ордон музейн хойд талд, Чингисийн өргөн чөлөөний зам дагуу, “Интермед” эмнэлгийн зүүн талын залгаа хашаанд улаан хүрэн өнгөтэй хоёр барилга бий. Өөрөөр хэлбэл, “Вантрейд” ХХК-ийн эзэмшлийн 16 000 ам метр шахам газрын хэсэг талбайд АПУ ХК-ийн нэрийн барааны дэлгүүр бүхий хоёр объект үйл ажиллагаа явуулж байгаа юм. Энэ их хэмжээний газрыг эзэмшигч “Вантрейд” ХХК бол АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга П.Батсайханы эцсийн өмчлөгчөөр бүртгэгдсэн, түүний хамаарал бүхий хүний удирддаг аж ахуйн нэгж.
Уг нь Богд хааны ордон музейн хойд талын газар дээр анх 1999 онд хөгжмийн зэмсгийн дэлгүүрийн зориулалтаар газрыг нь авч барилга барьсан юм даг. Гэтэл явцын дунд хөгжмийн зэмсгийн бус, архи, пиво, ундаа тэргүүтнийг худалддаг дэлгүүр ажиллах болсон билээ.
Уг нь Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлсэн бол үүдэнд нь олон автомашины зогсоол бүхий дээрх дэлгүүр Богд хааны ордон музейн газрыг чөлөөлсөн байх учиртай. Уг нь Үндсэн хуулийн 50.2-т “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ” гэж заасан. Тэгэхээр Улсын дээд шүүхийн 2024 оын аравдугаар сарын 28- ны 001/ХТ2024/0105 дугаартай тогтоолд “Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай 1994 оны хуулийн 16.6-д “Эртний хот, суурингийн үлдэгдэл, байшин барилга, цогцолбор зэрэг түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах, харагдах сүр барааг хадгалах зорилгоор эргэн тойронд нь 0.1- 3 км-ийн хамгаалалтын бүсийг Засгийн газар тогтоож болно. Хамгаалалтын бүсэд байшин барилга барих, түүх, соёлын дурсгалт зүйлд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг үндэслэн 2001 оны дөрөвдүгээр сарын 25-нд “Хамгаалалтын бүс тогтоох тухай” 96 дугаар тогтоолын нэг дэх заалтаар Богд хааны ордон музейн хамгаалалтын бүсийг 5.7 га байхаар тогтоож, хоёр дахь заалтад “хамгаалалтын бүсэд түүх соёлын дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулах, барилга барихгүй байх”-ыг Засгийн газраас тогтоож, нийслэлийн Засаг даргад даалгажээ. Соёлын өвийг хамгаалах тухай 2014 оны хуулийн 3.1.7-д “түүх соёлын дурсгалт газар” гэдгийг тухайн хуулийн тавдугаар зүйлд заасан түүх, соёлын үл хөдлөх дурсгал бүхий газар, түүний хэвлийг хэлэхээр тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 13.1.12-т түүх, соёлын үл хөдлөх дурсгал болон дурсгалт газарт хамгаалалтын бүс тогтоох, өөрчлөх, цуцлах эрх Засгийн газарт хамаарахаар хуульчилсан. Үүнээс гадна мөн хуулийн 38 дугаар зүйлд “түүх, соёлын дурсгалт газар түүний орчны бүсэд дэд бүтцийн барилга байгууламж барих, палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэхгүйгээр хот суурин, барилга байгууламж барих зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулах”, 43.1.6-д “Хамгаалалтын бүсэд шинээр барилга байгууламж барих”-ыг хориглосон байна. Гэтэл Соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, соёлын өвд эрсдэл учруулахуйц аливаа үйл ажиллагааг таслан зогсоож, хуульд заасны дагуу арга хэмжээ авах, соёлын өвийг хамгаалах, зохистой ашиглах ажлыг зохион байгуулах үүрэгтэй албан тушаалтан болох нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий актаар Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолоор тогтоосон Богд хааны ордон музейн хамгаалалтын бүсэд “цэцэрлэгт хүрээ лэн, сүм хийдийн үйл ажиллагаа, үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлж, үйл ажиллагаа явуулах боломжийг гуравдагч этгээдэд олгосон нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчжээ. Энэ маргаан нь хэдийгээр нэхэмжлэгч Богд хааны ордон музей болон гуравдагч этгээд “Вантрейд” ХХК-ийн газар эзэмших эрхийн маргаан боловч угтаа нэхэмжлэгчийн субъектив эрхийн цаана Монгол Улсын түүх, соёлын дурсгалт газар, түүний орчны бүсийг хамгаалах, ирээдүй хойч үедээ бүрэн бүтэн үлдээх зэрэг нийтийн эрх ашиг шууд хөндөгдөж байна. Иймээс энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь дээрх хууль зүйн зохицуулалтаар гуравдагч этгээдийн эрхээс давуу хамгаалалттай байна.
Нэхэмжлэгч Богд хааны ордон музейн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, Газрын тухай хуулийн 31.3, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 16.1.1-д заасныг тус тус баримтлан нийслэлийн Засаг даргын 2020 оны зургаадугаар сарын 26-ны “Газар эзэмших эрхийн зориулалт, хаяг өөрчлөх тухай” А/903 дугаар захирамжийн нэг дэх заалтын “Вантрейд” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай” гэж тусгасан.
ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТИЙНХӨӨ МӨНГӨӨР ОБЪЕКТ БАРИХААР ЗАСГИЙН ГАЗРААС ДЭМЖЛЭГ ХҮСЭВ
Үндсэн хуульд заасан Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийнх байж, заавал биелүүлэх ёстой ч “Вантрейд”-ийнхэн биелүүлэлгүй бүтэн жил гаруйн хугацаа өнгөрч. Гэтэл өдгөө тус компанийнхан уг газрыг Богд хааны ордон музейд олгохгүйгээр үл барам, тэнд ямар нэг объект барихаар хөөцөлдөж, төрөөс санал, дэмжлэг хүссэн албан бичиг Засгийн газарт хүргүүлсэн аж. Уг албан бичиг нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайдад оччихоод буй гэнэ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар АПУ ХК-ийнхан уг талбайд Өндөр гэгээн Занабазарын хөшөө бүхий объект барих төсөл хэрэгжүүлэх санаатай байгаа бөгөөд үүнийхээ санхүүжилтийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан татварын хөнгөлөлтөөс гаргах тул холбогдох яам, байгууллагаас санал авч дэмжүүлэх зорилго өвөрлөн албан бичиг илгээсэн нь ЗГХЭГ-ын даргад очсон гэнэ. Зарим нь яам, тамгын газрынхан үүнийг нь эрс эсэргүүцэж, шүүхийн эцсийн шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой гэдгийг сануулсан аж. Нэг хэсэг нь ямар нэг тодорхой хариулт өгөөгүй гэлцэх. Энэ талаар ССАЖЗЯ-ныхнаас лавлахад “Богд хааны ордон музейн газарт объект барих тухай санал явж байна гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Чухам ямар объект барих талаар нь мэдээгүй. Манай яамнаас түүнд нь Соёлын өвийн тухай хуулиа бариад татгалзсан хариу өгсөн” гэв.
Богд хаан, Дондогдулам хатны талаар судалдаг эрдэмтэн судлаачдад ч Богд хааны ордон музейн эзэмшил газарт барилга барих гэж буй тухай мэдээлэл ирсэн бөгөөд тэд ч эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.
Анхдугаар Богд Занабазартаа зориулсан хөшөө дурсгал босгох нь зүйн хэрэг. Өргөн уудам газар нутагтай Монгол Улсад түүнд зориулсан хөшөөг уугуул нутаг Өвөрхангай аймаг, тэр дундаа хоёр дахь нийслэл болгохоор төлөвлөн бүтээн байгуулах гэж буй Хархорин хотод барьж яагаад болохгүй гэж. Соёлын өвөө хуучин төрхөөр нь авч үлдэж, сэргээснээр бид жуулчдыг татна шүү дээ.
СҮҮЛЧИЙН ЭЗЭН ХААНЫ ОРДНУУД СҮЙРСЭЭР БАЙХ УУ
Хан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, хүн чулууны хонхорт 1778 онд олон улсын харилцааны чухал дамжлага төв болж эдүгээгийн нийслэл Улаанбаатар хот байгуулагдсан талаар түүхч, судлаач С.Ичинноров тэмдэглэн үлдээсэн нь бий. Өргөөгөөс Улаанбаатар нэртэй болох болох хүртлээ түүхийн олон нугачаа, алдаа оноон дунд хөгжсөөр ирсэн улсын маань нийслэлд Монголын сүүлчийн Эзэн хаан VIII Богд Жавзандамба, түүний өмнөх дүрийн хутагтуудын үүсгэн байгуулсан орд, өргөө, лаврин цөөнгүй байжээ. Энэ талаар ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Ойрх үеийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, магистр А.Баярмаагийн “Богд хааны ордон музейн түүхэн орчин ба газрын асуудал” сэдэвт илтгэлд нэлээд тод дурдагдсан байгаа юм. Тухайлбал, “Богдын хүрээ хэмээгч Өргөөд Богд хааны төв ордон цогцолбор байсан. Жишээ нь Дэчингалбын сүм буюу Шар ордон XVIII зууны эхэн үед IV Богд баруун зүг очин Далай ламтай уулзаж шашныг ихээр дэлгэрүүлэн, түгээх болсон тул Зүүн хүрээний төв дунд Богд ордны цагаан хүрээний дотор Дэчингалбын сүмийг байгуулжээ. VIII Богд Жавзандамба хааны үед Шар ордонд шашин, төрийн хэргийг хослон явуулах Монголын төрийн ордон болжээ.
Гунгаадэжидлин сүм хэмээх Цагаан ордон. Төр гэрэлтийн хорин он буюу 1840 онд V Богд Жавзандамба хутагт Туул голын өмнө, хойд талд мод, чулуу, ваар тоосгоор бат бэх сүр жавх лантай хоёр сүм байгуулж, өмнө талынхыг Пандайлин, хойд талын сүмийг Гунгаадэжидлин хэмээн нэрлэжээ. Энэ сүмийг Богдын зуны цагаан ордон буюу Эргэдэг цагаан сүм гэх бөгөөд учир нь мөргөлчид Ганжуур боть номыг үүрэн сүм, дуганыг тойрон эргэж байснаас тийнхүү нэрлэжээ. Богд Жавзандамба хутагтууд энэхүү Цагаан ордондоо жарган саатдаг байжээ. Хашаа сүмийн барилгыг цагаан өнгөөр будсан тул олны дунд Богдын цагаан сүм, лаврин гэж алдаршсан аж. 1930-аад оны үед Аж үйлдвэрийн комбинат барихаар сүм, ордыг устгасан байна.
Шаравпэлжээлин сүм буюу Ногоон ордныг 1893 оноос эхлэн барьж, 1906 онд дуусгажээ. Өвлийн ордон хэмээн нэрлэгддэг хоёр давхар цагаан байшинг Оросын II Николай хаанаас VIII Богдод бэлэглэсэн барилгын зураг төслөөр 1905 онд барьсан. Богд хаан Дондогдулам хатны хамт 20 гаруй жил уг ордон амьдарсан. 1924 онд Богд хааныг таалал болсны дараа 1925 онд Богд хааны ордны үлэмж их эд зүйлс, урлаг соёлын дурсгалуудыг дуудлага худалдаа явуулж зах дээр зарж борлуулсан бөгөөд энэ ажлыг Засгийн газраас томилогдсон комиссын дарга Х.Чойбалсан тэргүүтэй хүмүүс гүйцэтгэжээ. 1926 оны дөрөвдүгээр сарын 1-ний тогтоолоор VIII Богд Жавзандамбын эзэмшилд байсан түүх, соёл урлагийн зүйл, бурхан тахил, угсаатны зүйн дурсгал, төрөл бүрийн амьтны чихмэл, дүрс зэргийг музейд шилжүүлэн улмаар Богдын өвлийн ордонд музейг өргөтгөн байгуулах шийдвэр гаргасан байна.
Хайстай лаврин хэмээх Хүрэн ордныг XIX зууны эцэс, XX зууны эхэн үед байгуулжээ. Улсын эх дагинад зориулан бүтээж, тэнд Дондогдулам хатан нинжин энэрэлт сэтгэлээр олон өнчин, ядуу хүүхдийг өргөн авч, асран тэтгэж хүмүүжүүлэхдээ Хайстай лавринг хүүхэд өсгөхөд тохиромжтой газар хэмээн үзэж байжээ.
Богд хаан 1924 оны монгол тооллоор дөрөвдүгээр сарын 17-нд (тавдугаар сарын 20 өдөр) Хайстай лаврин буюу зуны ордондоо таалал төгссөн байна. Богд хааныг жанч халсны дараа Хайстай лавринг Засгийн газрын комисс мэдэлдээ авч түүн дотор буй ховор, нандин эд хэрэглэлийг дуудлага худалдаагаар худалдах буюу яамдад тарааж улсын орлого болгожээ. Хайстай лавринг Намын шинэ хүчний дээд сургуулийн мэдэлд шилжүүлсэн байна. Тус лаврин дахь Дондогдулам хатны номын өргөөг тус сургуулийн багш, ажилчдын сууц болгожээ” хэмээн илтгэлдээ онцолсон байв.
Хайстай лавринд Монголын сор болсон сэхээтнүүд амьдран суудаг байсан талаар ч уг илтгэлд дурдсан байв. Тухайлбал, Монголын шилдэг багш нар Мишигээ, Сэрээтэр нар болон Ж.Батмөнх гуай нарынх амьдардаг байжээ. Хэдхэн хоногийн өмнө мэндэлснийх нь 100 жилийн ой тохиосон төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнхийн гэргий А.Дариймаа гуай дурсамждаа “1954 оны долоодугаар сард Намын дээд сургуулийн “Богдын сэрүүн ордон” нэртэй хоёр давхар цагаан байшингийн нэг өрөөнд ёстой л тоонотой гэрт толгой холбон, гал голомтоо бадраан Батмөнхийнх гэдэг айл бий болж билээ” хэмээн бичсэн байдаг.
Тэгвэл энэ Хайстай лаврингийн нөхцөл байдал өдгөө ямар байгаа билээ. Төрийн хамгаалалтад авсан боловч сүйрэхэд тун ойрхон байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийгмийн шилжилтийн ороо бусгаа жилүүдийн үеэс эхэлж түүхэн барилгын өнгө зүсийг гундаасаар ирж. Судлаач А.Баярмаагийн мөнөөх илтгэлд “Харамсалтай нь ардчиллын эхний жилүүдэд 3-4 айл дураараа орж суугаад дээврийг нь цоолж яндан гарган, дотор нь пийшин барьж хананд нь хадаас хадаж сүйтгэжээ. 2008 онд нийслэлийн хамгаалалтад авснаар айлуудыг нүүлгэжээ. Мөн онд нийслэлийн Засаг даргын 464 дүгээр захирамжаар тус ордонд хамаарах 664 ам метр талбайг “Икел сан”-д таван жилийн хугацаатай эзэмшүүлж байгаад Богд хааны ордон музейд шилжүүлжээ” хэмээсэн байв. Тэгэхээр Хайстай лаврин, түүний эзэмшил газар нь Богд хааны ордон музейн хамтаар тусгай хамгаалалтад орсон гэсэн үг. Төр, түүх, соёлын салбар хариуцсан яам, Соёлын өвийн төв зэрэг байгууллага хөрөнгө, хүч гаргаад, дотоод, гадаадын шилдэг сэргээн засварлагчдыг залан өөд нь татуулахгүй бол хэзээ мөдгүй сүйрч мэдэхээр байгаа шүү дээ.
Гэтэл гадаадын улс орнууд эзэн хаадынхаа орд өргөөнүүдийг сайтар арчилж тордон, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож, жуулчдаас мөнгө татсаар байна. Хятад л гэхэд “Хориотой хот”-оо 1961 онд улсын хамгаалалтад авч, түүх, соёлоо сурталчлан таниулсаар ирсэн. Австрид хатан хаан Си Сигийн ордон дэлхийн өвийн жагсаалтад багтаж, сая сая жуулчдыг татсаар буй юм.
Франц улс үе үеийн хаадынхаа амьдарч байсан алдарт Версалийн ордныг зорих жуулчид, үзэгчдийн хөл тасардаггүйг сурвалжлагч би бээр өөрийн нүдээр үзээд ирлээ. Асар том талбайтай энэ ордны хамгаалалтын бүс рүү хэн ч халдаж, элдэв байшин сав, амбаар, дэлгүүр, ТҮЦ, зогсоол байгуулж зүрхэлдэггүй ажээ.