“Багануур” ХК-ийн нутаг дэвсгэрт өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд 04.00 цагийн орчимд томоохон хэмжээний гал гарч, бульдозер тэргүүт уулын болон зам талбайн техник, тоног төхөөрөмж шатжээ. Гал гарсан даруйд Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст дуудлага өгсөн боловч гал сөнөөгчид 40 орчим минутын дараа ирэхэд техник, тоног төхөөрөмжүүд шатсан байсан тухай эх сурвалж хэллээ. Улаанбаатар хотын нүүрсний хэрэгцээний 70 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг “Багануур” ХК-д гарсан галын шалтгаан болон ослын талаар мэдээлэл тодруулахаар дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй холбогдоход “Манайх энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй юм байна” гэсэн хариу өгөв. Төрийн цэргийн байгууллага албан үүргээ хэрхэн гүйцэтгэсэн талаар хэвлэл мэдээлэлд тайлбар өгч болохгүй ямар шалтгаан байгааг мөн л хэлээгүй.
Эх сурвалжийн мэдээлснээр тус компанийн удирдлага улсын онцгой объектод зайлшгүй байх ёстой галын тасгийн орон тоог цөөлж, ээлжийн бэлэн байдалд ажилладаг мэргэжлийн гал сөнөөгчдийг гуравдугаар сараас эхлэн ажиллуулахгүй болгосон нь энэ мэт гэнэтийн гамшиг ослын үед шуурхай хариу арга хэмжээ авах нөхцөл боломжийг хязгаарласан гэнэ. Төрийн өмчит компаниудын данхар бүтцийг цөөлж, орон тоог нь цомхотгох асуудал сүүлийн үед эрчимтэй яригдаж буй ч удирдлагын багаас эхлэх бус, галын шугамд ажилладаг алба хаагчдыг “онилох” нь өрөөсгөл юм.
Ташрамд дурдахад, “Багануур” ХК-ийн уулын II хэсэгт өнгөрсөн есдүгээр сард томоохон хагарал үүссэнийг нуун дарагдуулж, удирдлагууд нь дорвитой арга хэмжээ аваагүйн улмаас арваннэгдүгээр сараас хөрсний гулгалт явагдаж, нүүрс олборлоход хүндрэлтэй байгаагаа уурхайчид өмнөх Ерөнхий сайд Г.Занданшатарт мэдэгдэж байв. Энэ мэтээр “Багануур” ХК-д үүссэн нөхцөл байдлыг “Эрдэнэс Монгол” зэрэг байгууллага анхааралдаа авч, хяналт шалгалт хийхгүй бол уурхайчид амь нас, эрүүл мэндээрээ, төрийн мэдлийн компани өмч хөрөнгө, техник хэрэгслээрээ, дулаан хэрэглэгчид эрх ашгаараа хохирох эрсдэл нүүрлэсэн юм биш биз.
Г.Сансар