Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас оюун, сэтгэцийн бэрхшээлтэй иргэдийн эцэг, эх, асран хамгаалагчид, төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, санал сонсох уулзалт зохион байгууллаа. Үндэсний статистикийн хорооноос гаргасан хамгийн сүүлийн буюу 2024 оны жилийн эцсийн мэдээгээр манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 107.9 мянган иргэний 19.7 хувь буюу 21.2 мянга нь сэтгэцийн бэрхшээлтэй байна. Үүнээс 9.8 хувь нь 0-15, 87 хувь нь 15-64, 3.2 хувь нь 65-аас дээш насныхан аж.
Хөгжлийн бэрхшээл дундаас оюун, сэтгэцийн бэрхшээлтэй иргэд өөрийгөө бусдад илэрхийлж, ойлгуулах, нийгмийн оролцоонд хамрагдах чадвар нь хязгаарлагдмал байдаг тул хэн нэгний тусламж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай юм. Тусгай хэрэгцээт хүнийг асарч буй эцэг, эх, асран хамгаалагчдын эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгмийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг ч анхаарч, бодлогын түвшинд шийдвэрлэх шаардлагатайг ярилцжээ. Уулзалтад 70 гаруй иргэн, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, тулгарч буй асуудал, оюун, сэтгэцийн бэрхшээлийн өвчний ангилал, оношилгоо, эмийн хангалт, эрүүл мэнд, боловсролын байгууллагын үйлчилгээний хүртээмж, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн үйлчилгээг сайжруулах талаар санал бодлоо илэрхийлсэн байна. Иргэдээс гаргасан санал, хүсэлтийг холбогдох яамдад уламжлах, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, бодлогын бичиг баримтад тусгах зэрэг арга хэмжээ авахаар болжээ.