Төрийн байгуулалт болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өчигдөр болж, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөөс 2025 оны ажлын гүйцэтгэлийн тайланг хэлэлцэв. Үндэсний аудитын газраас уг тайланг хянаад долоон зөвлөмж өгчээ. Мөн “хангалтгүй” гэсэн үнэлгээ өгсөн юм байна. Ерөнхий аудитор С.Магнайсүрэн энэ талаар “Зураг төсөв дутуу, ТЭЗҮ байхгүй ажлуудыг төлөвлөгөөндөө тусгадаг. Үүнээс үүдээд хэрэгжилтийн үнэлгээ хийх боломжгүй байдал үүсдэг. Тиймээс төсвийн ерөнхийлөн захирагч нарт төлөвлөгөөгөө сайжруулж, гүйцэд хийхийг зөвлөсөн. Гол асуудал үүнд байгаа” гэсэн юм. Тэргүүн шадар бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр “УИХ бодлого батлахдаа шалгуур үзүүлэлт дээр алдаа гаргадаг. Тухайлбал, тэдэн МВт-ын цахилгаан станц барина гээд тусгачихдаг. Гэтэл тэр ажил нь 3-5 жилээр сунах тохиолдол гардаг. Ийм үед жилийн гүйцэтгэлийг тэг гэж үзнэ. Үүнээс болоод төлөвлөгөө дутуу болоод байгаа юм” гэв. А.Ариунзаяа гишүүн “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталснаас хойш гурав дахь танхим нь байгуулагдах гэж байна. Тэгэхээр энэ төлөвлөгөөг өөрчлөх юм уу, яах юм” хэмээн асууна лээ.
Танхим солигдсон ч бодлого нь үргэлжлэх залгамж чанар уг нь байх учиртай мэт. Засгийн газрын үйл ажиллагааны болон хөгжлийн төлөвлөгөөний тайланг дөрөвдүгээр сарын 1-ний дотор холбогдох байнгын хороогоор хэлэлцэх хуультай аж. Гэхдээ Хөгжлийн бодлого төлөвлөлтийн болон УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд энэ хугацааг зөрүүтэй заажээ. Эдгээр хуульд нэмэлт оруулах төслийг Засгийн газраас боловсруулж буй, эдгээрт энэ мэт “техникийн” алдаагаа засаж оруулахаар ажиллаж буй аж.
С.Уул