АНУ-ын Сансар судлалын агентлаг (NASA) “Artemis II” хөтөлбөрөө албан ёсоор эхлүүлж, дөрвөн сансрын нисэгчтэй “Orion” хөлгийг сар луу амжилттай хөөргөлөө. Уг хөлгийг лхагва гарагт Флорида муж дахь Кеннедигийн нэрэмжит төвөөс “Space launch system” (SLS) зөөгч пуужингаар сансарт илгээсэн байна. Энэхүү нислэг нь сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд хүн төрөлхтөн жолоодлогот хөлгөөр саранд хамгийн ойр очсон түүхэн үйл явдал болж буйгаараа онцлогтой. Уг нислэгийг өнгөрсөн гуравдугаар сард үйлдэхээр төлөвлөсөн ч пуужингийн хөдөлгүүрт гэмтэл гарсан тул инженерүүд засаж дуустал ийнхүү хойшлуулаад байсан юм.
Хөлгийн багт Рид Уайзмен, Жереми Хансен, Кристина Кох, Виктор Гловер нар багтсан бөгөөд тэд 10 хоногийн турш сарыг тойрон нисээд, эх дэлхийдээ эргэн ирэх юм. Энэхүү нислэгээр Виктор Гловер сар луу нисэж буй анхны африк гаралтай америк хүн, харин Кристина Кох анхны эмэгтэй сансрын нисэгч болж түүхэнд бичигдэж байна. NASA-гаас мэдээлснээр дэлхийн хамгийн хүчирхэг зөөгч пуужинд тооцогдох “SLS”-ийг таван цагийн турш нийт 2.65 сая литр криоген түлшээр цэнэглэжээ. Цэнэглэж дууссаны дараах нийт жин нь ойролцоогоор 2.6 мянган тонн болсон байна. “Orion” хөлөг хөөрснөөсөө хойш ердөө найман минутын дотор сансарт гарч, нэг цаг орчмын дараа дэлхийн тойрог замд орсон байна. Эхний хоногт багийнхан хөлгийнхөө бүх системийн ажиллагааг шалгах бол гурав дахь өдрөөс сар луу чиглэх маневр хийж, тав дахь өдөр нь дэлхийн татах хүчнээс гарч, сарны нөлөөлөлд шилжих аж. “Artemis” хөтөлбөрийн гол зорилго нь сар луу тогтмол нислэг үйлдэх, цаашлаад Ангараг гараг руу нисэхэд ашиглах дамжин өнгөрөх баазыг саран дээр байгуулах юм. Өмнө нь 2022 оны арванхоёрдугаар сард “Artemis I” шатны хүрээнд “Orion” хөлөг сарыг тойрон автомат горимоор нисэж, туршилтын ажиллагааг амжилттай гүйцэтгэсэн билээ. Харин хөтөлбөрийн дараагийн буюу “Artemis III” шатанд хагас зуун жилийн дараа анх удаа хүнийг сарны гадаргуу дээр буулгахаар төлөвлөж байна.
Э.Сүйлэн