“Хатан туулаа хамгаалъя” иргэдийн хөдөлгөөнийхөн өчигдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Ерөнхий сайд Н.Учралд хандан хотын дарга Х.Нямбаатарт хариуцлага тооцох тухай шаардлага хүргүүллээ. Мөн энэ сарын 4-нд буюу ирэх бямба гаргийн 12.00-15.00 цагт Сүхбаатарын талбайд бүх нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэх болсноо зарлав.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүргүүлсэн шаардлагад “Туулын хурдны замын бүтээн байгуулалт эрчимжвэл голын экосистем, нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр талхлагдаж, голын ай сав дагуух таван аймгийн ард иргэдийн мал, амьдрал, ахуйн орчинд нөхөж баршгүй хохирол учрах эрсдэлтэй. Нийгэм, эдийн засгийн ач холбогдол багатай, үргүй зардал ихтэй уг төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, нэн даруй зогсоох, хотын дарга Х.Нямбаатарт хариуцлага тооцохыг мөн шаардаж байна. Шаардлагын хариуг долоо хоногийн дотор мэдэгдэхийг хүсье” гэжээ.
Харин Ерөнхий сайд Н.Учралд хаягласан шаардлагад “Хотын дарга Х.Нямбаатар “Туулын хурдны зам” төслийг хэрэгжүүлэхдээ иргэдийн оролцоог хангаагүй, тэдний эсрэг жагсаал, цуглаан зохион байгуулсан, хүний эрхийн зөрчил үүсгэж, зүй бусаар харилцсан, төсвийг хаалттай, үр ашиггүй зарцуулсан. Сэлбэ, Дунд голыг сүйтгэсэн, өөрт нь хяналт тавих үүрэг бүхий нийслэлийн ИТХ-ыг “худалдан авч”, хяналтгүй засаглал бүрдүүлсэн. Иймд Х.Нямбаатарт хариуцлага тооцож, огцруулах, “Туулын хурдны зам” төсөлтэй холбоотой бүх бичиг баримтыг олон нийтэд ил болгох, санхүүжилтэд нь аудит оруулах”-ыг шаарджээ. Ташрамд дурдахад, Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд өчигдрийн байдлаар 32 000 орчим хүн гарын үсэг зураад байна.
О.Оргилох