Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Туулын хурдны зам” төслийн талаар хэлэлцэж, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, орлогч Т.Даваадалай нараас тайлбар авав. Уг төслийн эдийн засгийн үр өгөөж, Улаанбаатарын түгжрэлийг бууруулахад оруулах бодит хувь нэмэр, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл ямар байгааг УИХ-ын гишүүд асууж тодруулахыг хүссэн. Гэвч Х.Нямбаатар эдгээр асуултад баримт, судалгаатай тайлбар өгөхийн оронд уурсаж, орилохыг илүүд үзэв. Гишүүдийн олонх нь ямар ч судалгаа, тооцоогүй төсөлд төсвийн мөнгийг зарцуулах нь буруу, хойшлуулж, хянаж шалга гэсэн байр сууриа илэрхийлсэн.
Энэ үеэр Р.Батболд гишүүн асуучихаад нэмж тодруулах гэхэд хотын дарга гараад явчихжээ. Яагаад гарсныг нь асуусан гишүүдэд нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай “Ариун цэврийн өрөө орохоор явсан” гэсэн тайлбар өгсөн байна. Өмнөх өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр хотын асуудал ярьж байхад эл орлогч дарга мөн л гараад явчихсан юм. Ерөнхий сайд хаачсаныг нь асуухад “Ариун цэврийн өрөө орчхоод ирлээ” хэмээн хээв нэг хариулж зогссон. Хотын дарга нар Төрийн ордонд хуралд суухдаа ууснаа зохицуулж чаддаггүй юу, эсвэл тийш очиж “зөвлөлдөх” хэрэгцээ гараад байна уу гэж хардахуйц л юм болов. УИХ-ын гишүүдийн өөдөөс хэнэггүй тайлбар тавьсан орлогч даргыг Д.Энхтүвшин гишүүн дуудаж гаргаад шилдэж татаад унагааж буй бичлэг өчигдөр нийгмийн сүлжээгээр нэг цацагдлаа. Төрийн ажлын эрэмбэ дараалал гэж байдаг ч хотынхан тусдаа “вант улс” мэт авирласанд тэрбээр бухимдсан бололтой. Удалгүй “Миний буруу, ийм хандлага гаргах ёсгүй байсан юм” гэнэ лээ.
Мөн гишүүн Р.Батболд, П.Ганзориг нар тэдний хандлагад бухимдан Төсвийн байнгын хорооны хуралдааныг хаяж гарсан юм. Энэ талаар Р.Батболд “Хотын албан тушаалтнууд УИХ-д тайлбар, мэдээлэл өгөх үүрэгтэй ч орж ирээд гишүүдийг загнаж байна. Засаг даргын орлогч нь “Чи юу гээд байна, хариулаад байгаа юм биш үү” гэсэн байдалтай хандлаа. Байнгын хороогоор хэлэлцэж болдоггүй юм бол УИХ хянан шалгах үүргээ хэрэгжүүлэх өөр хувилбар байна” гэлээ. Гишүүн П.Ганзориг “Нийслэлийнхэн мэдээллээ өгөх ёстой ч орилж, хашхирахаас хэтэрсэнгүй. Шантаажилдаг УИХ-ын гишүүндээ л тэгж ханд. Тиймээс бид хурал хаяж гарч ирлээ” гэв.
С.Уул