Далайн мөчлөг гэсэн тогтсон ухагдахуун, томьёолол бий. Энэ нь гаргийн бүх усан сан болон дулаан, энергийг зөөвөрлөдөг хаалттай урсгалууд. Тодруулбал, далай, тэнгисийн ус байгалийн жамаар уурших, үүнээс үүл үүсэж, хур тунадас болон эргээд газарт буюу далайд цутгадаг тасралтгүй эргэлдэх үйл явц бөгөөд богино (ууршилт-хур тунадас), урт (газрын гадаргын чийгшил) гэсэн мөчлөгтэй. Дэлхийн уур амьсгал, чийгшлийг тогтвортой байлгах, усны нөөцийг цэвэршүүлэхэд чухал үүрэгтэй. Далайн мөчлөг нь салхи, усны нягтралын ялгаа, дэлхийн эргэлт, таталцал (түрлэг) буюу Кориолис хүч (гараг дээрх хөдөлж буй объектуудад үйлчилдэг, траекторийг хазайлгадаг инерцийн хүч)-нээс үүсэж гаргийн уур амьсгалыг бүрдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг. Сонирхолтой нь бөмбөрцгийн хойд хагаст урсгалууд цагийн зүүний дагуу урсдаг бол өмнөд хагаст үүний эсрэг хөдөлгөөнтэй. Энэ бүхний үр дүн нь далайн мөчлөгийн үүргийг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, далайн мөчлөг нь Экваторын бүсээс хоёр туйл руу дулаан болон шим тэжээлийг дамжуулж, уур амьсгалыг зөөлрүүлэх үүрэгтэй.
Тэгвэл далайн мөчлөгүүдийн өөр чухал “ажлыг” эрдэмтэд олон жилийн судалгааны нэгтгэсэн үр дүнгээс мэджээ. Тодруулбал, байгалийн энэхүү зохицол нь хүн төрөлхтөнд өртэй мэт маш том аврал болж байгааг шинжлэх ухааны урт хугацааны, олон талт судалгаануудад тулгуурлан олж тогтоосон талаараа Энэтхэгийн халуун бүсийн шинжлэх ухааны хүрээлэн болон Германы Хельмхольцын Байгаль орчны судалгааны төвийн эрдэмтэд мэдээллээ. Энэ талаар “Communications Earth & Environment” сэтгүүлд нийтэлснийг тоймлон хүргэе.
Хамтарсан багийн судлаачид сүүлийн 119 жилд буюу 1901-2020 он хүртэлх тив, дэлхийн цаг уурын мэдээллийн санд өргөн хүрээний дүн шинжилгээ хийсэн. Гол нээлт нь синхрон ган гачиг өмнө нь бодож байсанчлан газрын гадаргуугийн зургаа дахь хэсэгт биш, харин мэдэгдэхүйц бага талбайд 1.8-6.5 хүртэл хувьд нэгэн зэрэг нөлөөлдгийг тогтоосон явдал. Синхрон ган гачиг гэдэг нь газар зүйн хувьд алслагдсан, жишээ нь Австрали, Өмнөд Америк, Африк зэрэг хэд хэдэн бүс нутагт хөрс, агаар мандал хэт хуурайшиж, чийгшлийн дутагдалд нэрвэгдэхийг хэлдэг аж. Ийнхүү нэгэн зэрэг тохиолддог эл үзэгдлийг мэргэжлийнхэн ган гачгийн туйл үүсэх гэж томьёолдог. Эдгээр нь цаг уурын нийтлэг үйл явц, жишээ нь Эль-Ниньо зэргээс үүдэлтэй бөгөөд талбайн 6.5 хүртэлх хувийг хамарч, ургацын эвдрэл буюу алдагдлын эрсдлийг нэмэгдүүлдэг. Дунд зэргийн синхрон чийгийн дутагдал нь ургац алдах магадлалыг 25, шар буурцаг, эрдэнэ шиш зэрэг тодорхой тариалангийн хувьд 40-өөс дээш хувиар нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар тогтоосон байдаг. Эрдэмтдийн тодотгосноор XXI зуунд цаг уурын өөрчлөлтийн улмаас ийм гамшгийн давтамж, эрчим, үргэлжлэх хугацаа нэмэгдэх төлөвтэй.
Судалгааны багийнхан хуурайшилттай бүс нутгуудыг тодорхойлж, ган гачгийн төв гэж нэрлэжээ. Үүнд Австрали, Африк, Америкийн өмнөд, хойд хэсэг багтсан. Түүнчлэн тандалтын багийнхан далайн үйл явцын нөлөөнд онцгой анхаарал хандуулжээ. Энэтхэгийн судлаач Мансур Тантари “Далайн гадаргын температурын өөрчлөлт, ялангуяа Номхон далай нь ган гачгийн тархалтыг тив даяар хязгаарладаг болохыг тогтоосон. Дэлхий даяар хур тунадаст нөлөөлдөг дулаарал, хөрөлтийн байгалийн мөчлөг болох Эль-Ниньо, Ла-Ниньо зэрэг үзэгдэл гол үүрэг гүйцэтгэдэг. Далайн үйл явцаас үүдэлтэй эдгээр хэлбэлзэл бүс нутгийн хариу урвалыг бий болгож, олон тивд нөлөөлдөг дэлхийн ганц ган гачиг үүсэхээс сэргийлдэг. Манай багийнхан хөдөө аж ахуйд үзүүлэх ган гачгийн нөлөөллийг шинжилсэн. Энэ судалгааны үр дүнд уур амьсгалын талаарх хэвшмэл ойлголтыг өөрчилж байна. 100 гаруй жилийн турш үргэлжилсэн уур амьсгалын өгөгдлийн дүн шинжилгээгээр бол орон нутгийн гамшиг дэлхийн хямрал болж хувирахаас сэргийлдэг өөрийн гэсэн механизмтай болохыг тогтоосон. Өөрөөр хэлбэл, далайн температурын хэлбэлзэл нь нэг төрлийн хамгаалалт болон ажилладаг гэсэн дүгнэлтэд хүрсэн. Эдгээр үйл явц дэлхий даяар цаг агаарын эрс тэс үзэгдлүүд синхрончлогдохоос сэргийлдэг. Харьцангуй сүүлийн үеийн судалгаануудаар ган гачиг бол зүгээр л борооны хомсдол биш гэдэг нь харагдаж байна. Бүх өөрчлөлтийн гуравны нэг орчим нь агаарын температурын өсөлттэй холбоотой бөгөөд энэ нь хөрсний чийгийн ууршилтыг хурдасгадаг. Ган гачиг нь дэлхийд нэгэн зэрэг нөлөөлдөггүй гэдгийг ойлгох нь эрсдэлийн менежментийн шинэ боломжийг нээж байна. Тиймээс хүн төрөлхтөн уур амьсгалын өөрчлөлтөд бэлтгэх боломжтой болсон. Шинжлэх ухааны мэдлэгийг үр дүнтэй ашиглах, дэлхийн хэмжээний хүчин чармайлтыг зохицуулах нь хамгийн хүнд цаг агаарын гажгийн нөлөөллийг ч багасгаж чадна” гэж тэмдэглэжээ.
Э.Хана