Та өнөөдөр гэрээсээ гараад харьтлаа хаагуур явснаа эргээд нэг бодоод үзээрэй. Магадгүй нэгбүрчлэн санахгүй ч байж болох юм. Тэгвэл нийтийн орон зайд байршуулсан хяналтын камерууд таныг өөрөөс чинь ч илүү мэдэж байдаг гэвэл итгэх үү. Өөрөөр хэлбэл, орцноос гарах мөчөөс эхлээд л таныг “дагаж”, гудамж, зам, талбай, уулзвар, гарц, дэлгүүр, банк, ажлын байр гээд алхам бүрийг чинь чимээгүйхэн “бичиж”, хадгалж байгаа. Харин хүмүүс үүнийг төдийлөн мэддэггүй. Бидний амьдарч буй хот өдгөө зөвхөн барилга, зам, гэрлэн дохионы “нийлбэр” байхаа больсон. Мэдээлэл цуглуулдаг, дүн шинжилгээ хийдэг, түүнийгээ шийдвэр гаргахад ашигладаг, маш том камерын хяналтын систем Улаанбаатарт ажиллаж буй гэсэн үг.
Камер нь өөрөө асуудал биш л дээ. Харин түүнийг хаанаас, ямар зорилгоор, хэний хяналтад, хэдий хугацаанд ашиглаж байгаа вэ гэдэг нь л анхаарал татаж байгаа юм. Харамсалтай нь, манайд одоогоор энэ асуултад хариулт алга. Хэн дуртай нь хүссэн газраа камер зоож, бичлэг хийн хадгалж, цааш дамжуулж байж ч болзошгүй, хяналтгүй орчин бүрдчихээд удаж буй.
Хамгийн ноцтой нь, үүнийг хянаж, зохицуулдаг бие даасан хууль манайд байхгүй нь наад зах нь хүний эрх зөрчигдөх, цаашлаад хувийн эмзэг, нууц мэдээллүүд алдагдах аюулд нийслэл хот даяараа ороод байгаа юм. Барын зулзагыг бага дээр нь гэдэг шиг одооноос л теле камеруудыг хянаж, зохицуулахгүй бол нийтийн аюулгүй байдал нэрийн дор иргэний хувийн орон зай энэ мэт үгүй болох эрсдэлтэй болчхоод байна. Нийтийн орон зай дахь хяналтын камерууд аюулгүй байдлыг хангуулах, хэрэг, зөрчлийг илрүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэж буйтай маргахгүй ээ. Гэвч энэ бүхний ард хувь хүний Үндсэн хуулиар хамгаалсан халдашгүй байх дархан эрх зөрчигдөөд буйг Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ынхон сүүлийн гурван жилийн хугацаанд хийсэн “Хүний эрх ба технологи” хяналт шалгалтаараа ил болгоод байгаа. Тэд хяналт шалгалтынхаа хүрээнд 12 асуудлаар судалгаа явуулсны дотор нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, олон нийтийн газарт болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор суурилуулсан хяналтын болон хөдөлгөөнт камерыг ашиглаж буй байдалд хүний эрхийн эрсдэлийн үнэлгээ хийсэн юм билээ. Энэ нь Монгол Улсад хувийн мэдээлэл, тэр дундаа дүрс бичлэг, хяналтын камерын зохицуулалт ямар хэмжээнд байгааг системийн түвшинд задлан харуулсан чухал баримт бичиг болоод буй. Уг судалгаанаас харахад асуудал нь зөвхөн хуульгүйдээ биш, харин бүхэл бүтэн зохицуулалтын тогтолцоо доголдсон, хүний эрхийг хамгаалах механизм бодитоор ажиллахгүй байгаад оршино. Өөрөөр хэлбэл, камержуулалт нэмэгдэхийн хэрээр түүнийг хянаж, зохицуулах эрх зүйн зохицуулалтууд нь хангалтгүй, байгаа хэдэн зүйл, заалт нь технологийн хурдыг гүйцэхгүй, “хяналтгүй хяналтын тогтолцоо” бий болчихсонд л учир буй гэдгийг комиссын тайланд дурджээ.
Хяналтын камерын дэвшил сүүлийн арван жилд үндсээрээ өөрчлөгдсөн. Өмнө нь зөвхөн бичлэг хийдэг энгийн төхөөрөмж байсан бол эдүгээ хиймэл оюунд суурилсан, хүнийг бодит цаг хугацаанд таних, хөдөлгөөнийг мөрдөх, зан төлөвийг нь хүртэл шинжлэх замаар бусад өгөгдөлтэй холбон “профайл” үүсгэх чадвартай цогц систем болон хөгжөөд байна. Энэ нь дан ганц Монголд ч биш, дэлхийн хэмжээнд хүний эрхийн суурь асуудал болж хувираад буй. Олон улс даяар уг хувьслыг даган эрх зүйн шинэчлэлүүд хийж байхад харин манайх Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульдаа камерын хэрэглээг тусгайлан зохицуулаагүй, ерөнхий хүрээнд авч үзсэн нь өдгөө цөөнгүй асуудал дагуулах болов. Тухайлбал, камерын системийг бусад төрлийн мэдээлэл цуглуулах хэрэгсэлтэй адилтган үзсэн нь технологийн бодит чадамж, эрсдэлийг дутуу үнэлсэн наад захын жишээ аж.
ХЭН ДУРТАЙ НЬ БУСДЫГ “БИЧИЖ”, ХУВИЙН НУУЦАД НЬ ХАЛДАХ БОЛОВ
Улсын хэмжээнд 2024 онд 125 мянга орчим хяналтын камер ашиглаж буйг тоолсон байдаг. Үүнээс хойш төхөөрөмжийн тоо зохицуулалтаас давж, хурдтай нэмэгдсээр буйг “Хүний эрх ба технологи” тайланд дурдаж. Улмаар “Хүний хувийн болон эмзэг мэдээллийг их хэмжээгээр цуглуулан боловсруулж, хэн болохыг нь тогтоох хүчин чадал бүхий хяналтын камерын системийг эрх зүйн чанд зохицуулалтгүй хэрэглээнд нэвтрүүлснээр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хүнийг хууль бусаар мөрдөн мөшгөх, хувийн мэдээлэл, нууцыг задруулах зэрэг гэмт хэрэг үйлдэх нөхцөл болж байна” хэмээжээ.
Тэр дундаа дээрх хяналтын камеруудын 11 241-ийг нь л улсын болон орон нутгийн төсвөөр суурилуулсан. Бусдыг нь буюу 111 мянга орчим камерыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар тавьсныг ХЭҮК-ын судалгаанд онцолжээ. Тэгэхээр энэ нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, хүссэн болгон нь хувийн хөрөнгөөрөө камер суурилуулаад бусдын бичлэгийг тодорхойгүй хугацаагаар хадгалан, гуравдагч этгээдэд дамжуулах боломж нь нээлттэй байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, нийслэлчүүдийн амин чухал, хувийн эмзэг, нууц мэдээллүүд хэн нэгэн эрх мэдэлтний, эсвэл хувийн хэвшлийнхний буюу үйлчилгээний байгууллагууд, банк, баар, ресторан, гоо сайхны салон, офисс барилгуудын хамгаалалтын албаны архивт “түрээсгүй” хадгалагдаж байдаг энгийн л нэг дата болон хувирчээ. Одоо ашиглаж байгаа хэдэн мянган камераа хянаж, зохицуулаагүй байж дахиад ч өчнөөнийг нэмж суурилуулна гэдгээ хотын удирдлагууд мэдэгдэнэ лээ. Тодруулбал, нийслэлийн удирдах ажилтнуудын өчигдрийн шуурхай хуралдааны үеэр “Камерын хяналтын дэд төвүүдийн ажлыг эрчимжүүлж, энэ сарын 10ны байдлаар нийтийн эзэмшлийн зам, талбай дахь 3346 цэгийн 6655, хувийн хэвшлийн 250 аж ахуйн нэгжийн 373 камерыг нэгдсэн системд холбосон. Энэ онд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн төсвөөр 1046 цэгт 2159 камер шинээр суурилуулж, системийн хамрах хүрээг өргөтгөхөөр төлөвлөсөн” гэсэн юм.
Камерын зохицуулалтгүйгээс үүдсэн хэрэглээний сөрөг үр дагавар иргэдийн өдөр тутмын амьдралд хэдийн мэдрэгдэж эхэлсэн байхад манай дарга нар зөвхөн “камер нэмж тавь, торго, хяна, цагд” гэхээ л түрээ барих юм даа. ХЭҮК-т ирсэн гомдлуудаас харахад айлууд хүртэл камерынхаа өнцгийг бусдын хашаа, цонх руу чиглүүлж, хөршүүдийнхээ орц, гарцыг дур мэдэн бичиж, бүр шөнө гэрэл тусган амгалан тайван байдлыг нь алдагдуулдаг зэрэг ноцтой зөрчил түгээмэл болж. Үүнийг энгийн зүйл мэтээр хайхрахгүй өнгөрсөөр байвал эцэстээ “камержсан хот” болох шинжтэй. Хууль, хяналтгүй учраас л албан, албан бус байгууллагууд, СӨХ-д, айл өрхүүд хүртэл хүссэн цэгтээ камер дураараа байршуулж, үүнийгээ бусдын эсрэг ашигласаар байгаа юм шүү дээ.
ХЯНАЛТЫН КАМЕРЫН ХУУЛЬТАЙ БОЛЪЁ
Тэгвэл дэлхийн улс орнууд эл асуудлыг манайхаас хавьгүй эрт анзаарч, хүний эрхийг дээдэлсэн эрх зүйн зохицуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлжээ. Европын Холбоо 2016 онд Ерөнхий өгөгдөл хамгаалах журам буюу GDPR-ийг баталж, 2018 оноос хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэхүү журамд камерын бичлэгийг хувь хүний мэдээлэлд хамаатуулан, түүнийг цуглуулах, хадгалах, ашиглах бүхий л үйл явцыг хатуу хяналтад оруулсан. Камер байрлуулахдаа заавал анхааруулах, зөвшөөрөл авах, хадгалах хугацааг тодорхой заах, зорилгоос өөрөөр ашиглахыг хориглох зэрэг шаардлагыг мөрдүүлснээр Европын орнуудад иргэдийн хувийн мэдээлэл хамгаалагдах түвшин мэдэгдэхүйц сайжирсан гэж судалгаануудад дурджээ. Ялангуяа төрийн байгууллагууд болон хувь компаниуд мэдээлэл ашиглахдаа илүү хариуцлагатай болсон нь GDPR-ийн үр дүн гэж үздэг.
Британид камерын хэрэглээг бүр 2012 оноос зохижуулж эхэлсэн бөгөөд CCTV code of practice гэх дүрмээ тогтмол шинэчилдэг аж. Энэхүү журамд камер бүрийг тодорхой зорилготой байршуулах, ил тод байдлыг хангах, хариуцагч этгээд нь тодорхой байх, иргэдийн эрхийг хүндэтгэх зарчмыг хатуу баримталдаг. Үүний дүнд тус улс нь камерын өргөн хэрэглээтэй орнуудын нэг ч хүний эрхийн зөрчил харьцангуй бага бүртгэгддэг болжээ. АНУ-ын муж бүр өөрийн зохицуулалтыг мөрдүүлдэг. Ялангуяа сүүлийн жилүүдэд нүүр таних технологийн хэрэглээг хязгаарлах, зарим хотод бүр хориглох шийдвэр гаргасан нь хүний эрхийг технологиос тэргүүнд тавьсан чухал алхам болжээ.
Монгол Улс хувь хүний нууцыг хамгаалах эрх зүйн орчноо 2021 онд шинэчлэн, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуультай болсон билээ. Зорилго нь “Хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах” гэж тодорхойлсон ч бодит байдалд тусгасан зүйл, заалтууд нь дээр өгүүлсэнчлэн технологийн хурдацтай хөгжлийг гүйцэхгүй, ялангуяа хяналтын камер, дуу-дүрсний бичлэгийн системийн хэрэглээг хянаж чадахгүй байгаа юм.
Хуулийн хийдэл нь, ХЭҮК-ынхны дүгнэснээр хоёр том сул талыг бий болгож байгаа аж. Нэгдүгээрт, камерын системийг мэдээлэл цуглуулах хэлбэр төдийхнөөр авч үзсэн. Хоёрдугаарт, хуульд камер байрлуулах, ашиглах талаар зарим хориглосон заалт бий ч (жишээ нь ариун цэврийн өрөө, орон сууцын орц, дундын хэсгийг бичихийг хориглох) эдгээр нь хэрэгждэггүй, хэрхэн ашиглах, хадгалах, дамжуулах, устгахыг ч нарийвчлан зохицуулаагүй байна.
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийн өөр нэг ноцтой зүйл нь 27.7 дахь хэсэг бөгөөд “Камер байрлуулахад тавигдах шаардлага, анхааруулгын журмыг төрийн захиргааны байгууллагаас боловсруулж, мөрдүүлнэ” гэснийг өнөө хэр нь хэрэгжүүлээгүй, стандартыг нь ч батлаагүй аж. Үүнээс болоод камер суурилуулагч этгээдэд тавигдах дүрэм журам байхгүй, хаана, ямар нөхцөлд байрлуулах нь ч тодорхойгүй, иргэдэд мэдээлэх, анхааруулах үүрэг хүлээдэггүй, хэн мэдээлэл хариуцагч болох нь тодорхойгүй, тэр хэрээр хяналт шалгалтын механизм сул байгаа юм.
ХЭҮК-ынхон “Хяналтын камертай холбоотой одоо үйлчилж буй дүрэм журам, холбогдох баримт бичиг дэх заалтууд нь хэдийн хүчингүй болсон хуулиудад үндэслэсэн, өөрөөр хэлбэл, хүний эрх, эрх чөлөөг хангах арга хэмжээг нарийвчлан тусгаагүй. Иймд камерын хэрэглээг сүүлийн үеийн технологийн хүчин чадал, үйлдлийг харгалзан зохицуулах эрх зүйн бие даасан орчин бүрдүүлэх шаардлагатай. Тэр дундаа гарын хурууны хээ, хүний нүүр царай, нүдний солонгон бүрхэвч, биеийн хөдөлгөөний онцлог зэрэг биометрик мэдээллийг архивлах чадамжтай хамгаалалтыг улам сайжруулах нь хүний эрхийн эрсдэлээс сэргийлэх наад захын алхам болно. Ерөнхийдөө камерын суурилуулалтаас эхлээд мэдээллийн ашиглалт, хадгалалт, дамжуулалт, хяналт, устгал хүртэлх бүх үе шатыг хуульчлах зайлшгүй хэрэгцээ бий” гэв.