Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн хоёр дахь өдрөө үргэлжилж, өчигдөр дуусав. Нийгмийн эрүүл мэндийн төв байгуулах, Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг олон асуудлыг хэлэлцсэн байна. Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга, дэд профессор М.Наранпүрэв яаралтай тусламжийн тогтолцооны шинэчлэл, сэргийлэх боломжтой өвчин, эмгэгээр нас барж байгаа тохиолдлын тоог бууруулах бодлогын талаар танилцуулав.
Тэрбээр “Эмнэлгийн бус орчин дахь нас баралтын түвшин дэлхий дахинд 53.4, өндөр орлоготой улсад 27.3 хувь байдаг бол Монголд 72.5 хувь. Тодруулбал, манай улсад 2024 онд нийт 18 113 нас баралт бүртгэгдсэний 68 хувь нь эмнэлгийн бус орчинд, 32 хувь нь эмнэлэгт эндсэн байна. Нас барсан хүмүүсийн 54 хувийг яаралтай тусламжаар аврах боломжтой байжээ. Өөрөөр хэлбэл, амиа алдсан 18 113 тохиолдлын 54 хувь нь шаардлагатай тусламж авч чадаагүй гэсэн үг. Үүний 80 орчим хувийг осол гэмтэл, цус харвалт, зүрхний шигдээс эзэлж. Иймд энэ чиглэлд онцгой анхаарч, бодлогын өөрчлөлт хийснээр нас баралтыг бууруулах боломжтой” гэв.
Ч.Цэлмэг