Даамын спортын дасгалжуулагч Т.Пүрэвдорж багш эрэл зураглалын геологич инженер мэргэжилтэй. Тэрбээр 1965 оноос 100 буудалт даамаар хичээллэж, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн (УАШТ)-ий хошой алт, дөрвөн мөнгө, ахмадынхаас таван алт, зургаан мөнгө, таван хүрэл медаль хүртэж, нийслэлийн АШТ-д долоон удаа түрүүлсэн амжилттай нэгэн. Эх орондоо даамын спортыг хөгжүүлэхийн төлөө хувь нэмрээ оруулж, олон улсын болон тивийн тэмцээнийг нэг бус удаа зохион байгуулж, ерөнхий шүүгчээр нь ажилласан. Дасгалжуулагчаар 35 жил ажиллахдаа өсвөр үе, залуучуудын ангиллын тамирчдыг бэлтгэл хийлгэж, 500 гаруй шавь төрүүлжээ. Тэдний дунд олон улсын их мастер (ОУИМ) найм, Дэлхийн даамын холбооны мастер 12, спортын мастер цолтой 50 гаруй тамирчин бий. Тив, дэлхийн аварга цолтон цөөнгүй бэлтгэн, даам сонирхогчдод зориулан 20 ном хэвлүүлж, олны хүртээл болгосон юм. Улсдаа мэргэжлийн тоглогчдыг бэлтгэж, тив, дэлхийн тэмцээнд сойсон түүний нэрэмжит тэмцээнийг Монголын даамын холбоо 2024 оны гуравдугаар сард зохион байгуулсан билээ.
МОНГОЛД ДААМЫН ХОЛБООГ БАЙГУУЛЖ, ДАСГАЛЖУУЛАГЧААР АЖИЛЛАСАН НЬ
Энэ спорт Европоос хойд хөршөөр дамжин манай улсад 1965 онд үүсжээ. Тухайн үед “Улаанбаатар төмөр зам”-ын Зүтгүүрийн депод мэргэжилтнээр ажилладаг байсан И.С.Константинов 10 гаруй хүнтэй даамын дугуйлан анх нээсэн нь орчин үеийн оюуны спортын нэгэн шинэ төрөл болж хөгжих эхлэл байв. А.Шагж докторын орчуулсан В.Гиляровын “100 буудалт даам” номоос Т.Пүрэвдорж даам бие даан сурч, багын найз Н.Эрхэмбаатартайгаа сонирхон тоглож, 1969 онд хотын АШТ-д оролцохдоо II байр эзлэн урамшиж, тууштай хичээллэсэн гэдэг. Тэрбээр Биеийн тамир, спортын улсын хороонд Даамын холбоо байгуулахаар гурван удаа хү сэлт тавьж, мэргэжилтнүүдтэй ярилцсанаар 1988 онд анх байгуулсан түүхтэй. Тэр цагаас өнөөг хүртэл 30 гаруй мянган даам сонирхогч тэмцээнд оролцсон гэх судалгаа бий. Тив, дэлхийн аварга, Олон улсын их мастер цолтой тамирчдын олонх нь түүний шавь. Гарынхаа анхны шавь нарыг 1988 оноос бэлтгэж, 10 гаруй хүүхэд хичээллүүлснээс Р.Манлай, Д.Эрдэнэбилэг, Ц.Балжинням, С.Батсүх гээд Монголын 100 буудалт даамын спортод ур чадвартай, чансаа өндөр тамирчид төржээ. Өдгөө шавь нарынх нь бэлтгэсэн тамирчид дотооддоо төдийгүй олон улс, тив, дэлхийн тэмцээнд амжилт гаргасаар байна. Азийн орнуудаас өмнөд хөршийнхөн даамын спортыг эрчимтэй хөгжүүлснээр тамирчид нь дэлхийд цахиур хагалан, түрүүлэх болов. Тус улсын холбоо Монголын дасгалжуулагчдаас түүнд анх санал тавьж, тамирчдадаа 64, 100 буудалт даам анх заалгажээ. Тэрбээр 2007 онд Их мастер цолтой зургаан шавийнхаа хамт Бээжинг зорьж, 20 гаруй залууст нэг сарын хугацаатай даам заасан юм. Ингэж санал тавьсны учир нь 2008 онд оюуны спортын анхдугаар их наадам болохтой холбогдуулж, зохион байгуулагч орон БНХАУ-аас ийм арга хэмжээ авсан аж. Наадмын хөтөлбөрт багтсан шатар, го, бриж төрөлд тус улсын тамирчид медаль авах бүрэн боломжтой ч даамын спорт огт хөгжөөгүй байжээ. Тиймээс эл төрөлд яаралтай суралцах хэрэгцээ гарсан хэрэг.
Тэрбээр шавь нарынхаа хамт тэнд 100 буудалт даам ямар гайхамшигтай тоглоом байдгийг зааснаар өмнөд хөршийнхөн энэ спортыг улсдаа хөгжүүлж эхэлж. 2008 оны хавар 64 буудалт даам заалгахаар түүнийг сарын хугацаатайгаар дахин урив. Орчуулагчаар нь ажилласан ӨМӨЗО-ы дасгалжуулагч А.Гансүх Монголд 2011 онд болсон өсвөр үеийнхний Азийн АШТ-д тамирчидтайгаа ирж, “Таван цагариг” сонинд зочноор уригдахдаа “БНХАУ-д одоо хоёр сая хүн даам тоглож байна” хэмээн өгүүлснээс хойш таван жилийн дараа өсвөр үеийн дэлхийн аваргатай болсон аж. Тэгвэл одоо өмнөд хөрш Олон улсын их мастер цолтой тамирчдаа ДАШТ-д оролцуулж, шилдгүүдтэй өрсөлдүүлж байна. Өмнөд хөршийн дасгалжуулагчдынх нь тамирчдаа бэлтгэх арга барил, ухаан манайхаас арай өөр.Тэд тамирчдаа өдөр бүр зургаан цагийн бэлтгэл хийлгэснээр ур чадвар нь хурдан ахиж, хөдөлмөрч, сахилга бат, дэг журамтай байдал нь амжилт гаргахад багагүй нөлөөлжээ. Тэгвэл Монголд долоо хоногт гурван удаа хоёр цагийн бэлтгэл хийдэг дугуйлангийн хэмжээний суурь мэдлэгтэй хүүхдүүд тив, дэлхийн шилдгүүдтэй эн тэнцүү өрсөлдөж хождог. Энэ бол монгол хүний ген, ухаан, авьяас, ур чадварын онцлог, аливааг хурдан тусгаж авдаг сэтгэлгээний давуу талтай холбоотой. Монгол Улс ДАШТ зохион байгуулдаг Европ тивээс алс оршдог тул тамирчид зардлаа хувиасаа гарган оролцох амаргүй. Хятадын даамчид шиг улсынхаа дэмжлэгээр оролцож, Беларусь, Латви, ОХУ шиг Их мастеруудаар системтэй бэлтгэл хийлгэвэл манайхан дэлхийд тэргүүлэх байр луу дөхөх нь гарцаагүй. Сүүлийн үед ОУИМ цолтнуудаас Д.Эрдэнэбилэг, Г.Ганжаргал, Р.Манлай, Ц.СүхДаамын спортод мэргэжлийн тамирчдыг бэлтгэж, тив, дэлхийн аваргатай болгосон ачтан бат, Д.Баттулга нар амжилт гаргаж буй авьяаслаг хүүхдүүдтэй тулж ажиллан, бэлтгэл хийлгэсний үр дүнд 2022 онд өсвөр үеийнхний ДАШТ-ий үндсэн төрөлд дөрвөн алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл, бусад төрөлд 20 гаруй медаль эх орондоо авчирсан билээ.
МЭРГЭЖЛИЙН ТАМИРЧДЫГ БЭЛТГЭЖ, ТИВ, ДЭЛХИЙН ТЭМЦЭЭНД СОЙВ
Түүнээс “Спортын хөгжлийн түүхийг тамирчид амжилтаараа бичдэг. Таны шавь нар хэрхэн амжилт гаргасан талаар сонирхуулаач” гэхэд Г.Пүрэвдорж “Миний шавь нар даамаар нэг жил хичээллээд ур чадвар нь өмнөхөөсөө илүү сайжирсан. Тухайн үед өнөөгийнх шиг интернэт, компьютер, гар утас байгаагүй тул дөрвөлжин дэвтрийн цаасан дээр даамын хөлөг зураад бодлого бодуулна. Хүүхдүүд бодлого сонирхож бодсоор дааманд дуртай болдог. Д.Эрдэнэбилэг өмнө нь шатрын дугуйланд нэг жил хичээллэсэн байв. Ц.Балжиннямыг дагаж дугуйланд ирснээр даамтай нөхөрлөсөн. Шавь нар минь одоо өөрийн клубээ байгуулж, улсдаа мэргэжлийн тамирчид бэлтгэж байна. Монгол Улс Дэлхийн даамын холбоонд 1991 онд элссэн. Өсвөрийн даамчдын ДАШТ-д Д.Баттулга анх оролцохдоо медалиас атгаад алдсан юм. Түү нийг алдааг залруулж, Латви улсад 1992 онд болсон өсвөр үеийнхний ДАШТ-ээс Г.Ганжаргал мөнгө, 1993 онд Д.Эрдэнэбилэг хүрэл медаль хүртэж, даамын ертөнцийнхнийг шуугиулж байлаа. 2007 онд Г.Гэрэлболд Нидерландын гурван даамчинтай, 2016 онд М.Шийравжамц ОХУ-ын гурван тоглогчтой ана мана үзэлцэж, өсвөр үеийнхний дэлхийн аварга цол хүртсэн. 2022 онд өсвөр үеийнхний дөрвөн дэлхийн аваргатай болсныг харахад монгол хүүхдүүд Европын туршлагатай, шилдгүүдээс дутуугүй сэтгэн, тоглож байна. Гадаадын тэмцээнд анх оролцохдоо өрсөлдөгчдөө сайтар ажиглан судлан, туршлага чамгүй хуримтлуулж, хойтон жил нь медаль заавал хүртдэг зүй тогтол манай даамчдаас ажиглагддаг. Оюуны спортоор хи чээллэсэн хүүхдүүд амьдралд хөл алдахгүй зөв төлөвшиж, нийгэмд өөрийн гэсэн байр сууриа эзлэн, ажиллаж буй салбартаа тэргүүлэх нь их. Тэд хичээллэдэг спортынхоо онцлогоос хамаарч, шийдвэр гаргахдаа сэтгэлийн хөөрлөөр бус, олон талаас нь эргэцүүлэн бодож дүгнэдэг” хэмээв. Тамирчдын хөлөг дээрх нүүдэл, өрсөлдөгчөө хожих арга барил, техник, сэтгэл зүй нь өөр. Тухайлбал, түүний шавь нараас Р.Манлай онолын мэдлэг сайтай, ямар ч байрлалаар тоглодог. Өрсөлдөгчийнхөө жаахан алдааг ч ашиглан хожиж, нягт нямбай тоглолт гаргадаг шилдэг тамирчдын нэг. Тэгвэл Г.Гэрэлболд ямар ч нөхцөлд уран комбинац хийдэг. Түүний хувьд туршлага хуримтлуулж, дэлхийн хэмжээнд өрсөлдөх хүртлээ ур чадвар нь өссөн. Францын Турнефеул хотод болсон өсвөр үеийнхний ДАШТ-д тэрбээр амжилттай өрсөлдөж, аварга болсон юм. Гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг стратеги, тактикийг зөв хослуулж, богино хугацаанд хурдан тооцоолох чадвартай. Хүүнүүдийг зөв байршуулж чаддаг тоглолтын өвөрмөц арга барилтай. Энэ ур чадварынхаа үр дүнд муу байрлал авдаггүй тул хамгийн “универсальный” тоглогч. Дэлхийн алдартнуудаас эмээлгүй хожихын төлөө эцсээ хүртэл тэмцдэг чанар нь түүнийг шилдгүүдийн хэмжээнд хүргэсэн юм. Г.Ганжаргал мөн л өвөрмөц арга барилтай. Тэрбээр тэмцээнд оролцохдоо онолын ном үзэж, бэлдээд байдаггүй, зөвхөн өөрийн оюун ухаан, мэдрэмжид найддаг байна. Хоёр, гурван тавил тоглосны дараа тоглолт нь чамбайрна. Түүнд байгалиас заяасан ер бусын содон авьяас бий. Тэмцээнд алдаа бараг гаргадаггүй. Муу байрлалыг ч хамгаалахдаа гарамгай. Ээдрээтэй, төвөгтэй, амаргүй байрлал байх тусам хувилбаруудыг хурдан хугацаанд зөв тооцоолно. Стратеги, тактикийг сайтар хослуулдаг тул түүнийг хөлөг дээрх тулаанд буулгаж авахад маш хэцүү. Тэрбээр өрсөлдөгчдөө боломж ч олгодоггүй тоглогч.
“ҮНДЭСТНҮҮДИЙН ЦОМ”-Д БАГААРАА ТҮРҮҮЛЖ, СПОРТЫН ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛД БАГТЖЭЭ
“Монгол Улс даамаар тивдээ тэргүүлэгч гэдгээ 2020 онд зохион байгуулсан “Үндэстнүүдийн цом” тэмцээнд ОХУ, Беларусь, Украины тамирч дыг хожиж, түрүүлсэн амжилтаараа харуулсан шүү дээ” хэмээхэд тэрбээр “Манай даамчид тус тэмцээнд гаргасан амжилтаараа тухайн жилийн Монголын спортын онцлох 10 үйл явдалд зүй ёсоор багтсан. Харин одоо улсынхаа нэрийг гаргаж буй тамирчдаа төр, засаг өмнөд хөршийнхөн шиг дэмжих хэрэгтэй байна. 100 буудалт даамыг хөгжүүлэхэд зориулж, Биеийн тамир, спортын улсын хорооноос анхааран, жил бүрийн төсөвтөө тусган, санхүүжилт өгч байвал их сайн сан. Монголын даамын холбоо ивээн тэтгэгч байгууллагуудтай гэрээ байгуулж, хөрөнгө мөнгө олох талаар анхааран, спортоо сурталчлах ажлыг зохион байгуулах нь чухал. Дотооддоо олон улсын тэмцээн, өсвөр үеийн даамчдын ДАШТ-ийг улсдаа зохион байгуулах нь зүйтэй. Залуучуудын шигшээ баг байгуулж, насны ангилал бүрд ДАШТ-ээс медаль авах боломжтой хүүхдүүдийг сонгон, ОУИМ цолтнуудаар хичээл заалгаж, дэлхийд өрсөлдөх залуу үеийг системтэй бэлтгэх шаардлагатай байна” хэмээн санал бодлоо хуваалцав.
“Бид тэргүүлэгч байр сууриа өмнөд хөршийнхөнд алдахгүйн тулд яах ёстой вэ” гэж асуухад тэрбээр ярилцах зуураа “Монголын даамчид энэ эрчээ алдахгүй, шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Хүрсэн түвшин, эзэлсэн байр сууриа хадгалахгүй нэг хэвийн байвал өмнөд хөршийнхөнд мөдхөн гүйцэгдэх нь. БНХАУ мужууддаа 2008 оноос хойш I, II шигшээ баг байгуулснаар Азийн АШТ-д манайхны гол өрсөлдөгч болсон. Өмнө нь дундад Азийн таван орны даамчид монголчуудтай эн тэнцүү өрсөлдөх хүчтэн байв. Хятадын тамирчдын ур чадвар маш хурдан ахихад улсынх нь бодлого, дэмжлэг их нөлөөлдөг. Тэд зөвхөн шатар, даам гэлтгүй спортын бүх төрлийг сайн хөгжүүлж байгаа. Тамирчид нь гаргаж буй амжилтаараа дэлхийд эхний байруудад шалгардаг боллоо. Шатрын спортоор ОХУ-ын дараа бичигддэг. Сахилга бат, хөдөлмөрч зан, хөрөнгө харамгүй зарцуулдаг нь спортод тэргүүлэгч болоход хөтөлсөн гол зүйл нь. Монгол Улс оюуны спортын тамирчдаа ер нь дэмждэггүй. Долоо хоногт гурван удаа хоёр цагаар бэлтгэл хийдэг хүүхдүүд дэлхийн шилдгүүдтэй эн зэрэгцтэлээ удна. Монголчууд даамаар цөөнгүй дэлхийн аваргатай боллоо. Беларусь, Латви улс шатрын шаталсан сургалттай.
Хүүхдүүд нэг багшийн арга барилд олон жил хичээллэхэд ур чадвар нь төдийлөн ахидаггүй. Тиймээс амжилтаа дээшлүүлэхийн тулд дараагийн багшийг сонгодог” хэмээн санаа зовнингуй өгүүлсэн. Оюуны спортыг хөгжүүлж, шилдгүүдийг бэлтгэдэг улсаас Монголын тамирчид хамгийн дэмжлэг муутай нь гэхэд болно. Төр, засгийн удирдлагууд шатрын спортод анхаарал хандуулдаг шигээ даамд ч гэсэн адил хандах нь зүйтэй. Манайхан шатрын адил даамаар тивдээ мөн тэргүүлж буй. Гэхдээ санаа амарч хэрхэвч болохгүй. Монголын даамын холбоо дорвитой арга хэмжээ авахгүй бол хүний нөөц ихтэй, уйгагүй, шаргуу хөдөлмөрч өмнөд хөршийнхөнд тэргүүлэх байр сууриа алдах магадлал ойрхон байна. Ингэж эмээж байгаагийн учир нь тэд эмэгтэйчүүдийн ангилалд дэлхийн аваргатай болж, багийн дүнгээр эхний таван байрт жагслаа. Дэлхийн 10 удаагийн аварга А.Чижов, дэлхийн аварга Г.Валнерис нарыг улсдаа урьж, өсвөр үеийн тамирчдаа 13 жилийн өмнөөс бэлтгэл хийлгэж эхэлсэн юм.
СУДАЛГААНЫ НОМ БИЧСЭН НЬ ТАМИРЧДЫГ АМЖИЛТ ГАРГАХАД ХЭРЭГ БОЛСОН ЮМ
Монголын дасгалжуулагчдаас Т.Пүрэвдорж багш судалгааны олон ном бичсэнийг оюуны спортын хүрээллийнхэн онцолдог. Түүн шиг даамын спортод ОУИМ цолтон төрүүлсэн багш одоогоор алга. Спортын төв сургуульд сурч байсан хүүхдүүдээс Б.Мөнхжин 2019, Ц.Сүхбат 2022 онд ОУИМ цол хүртэж байв. 2012 оноос насанд хүрэгчдээс гадна өсвөр үе, залуучуудын дунд Азийн АШТ-ийг жил бүр зохион байгуулж, Дэлхийн даамын холбооноос насанд хүрэгчдийн ангилалд түрүүлсэн тамир чинд ОУИМ цол хүртээдэг болсон. Даам сонирхогчдод зориулан цөөнгүй ном хэвлүүлсэн нь Монголд мэргэжлийн тамирчдыг бэлтгэхэд их хэрэг болжээ. Түүнчлэн цол зэрэгтэй даамчдад зориулан “Хөлөг дээр бичсэн түүх”, “Даамын дэлхийн аваргууд”, “Монголын даамчид дэлхийн дэвжээнээ I, II” зэрэг судалгааны ном хэвлүүлж, И.Куперманы “100 буудалт дээрх гарааны комбинац”, “100 буудалт дээрх байрлалын тоглолт”, М.Кацын “100 буудалт дээрх стратегийн хичээлүүд” зэрэг номыг орчуулан олны хүртээл болгосон юм. Хамгийн сүүлд 2018 онд “Хөлөг дээр бичсэн түүх” 20 дахь номоо хэвлүүлжээ. Тэрбээр шавь нарынхаа авьяас, ур чадвараар бахархах дуртай ч өөрийнхөө амжилтын талаар нэг их өгүүлж байгаагүй. Харин дотоод, гадаадын томоохон тэмцээнд оролцож, амжилт гаргасан тухайгаа 2016 онд хэвлүүлсэн “Миний мэдэх даам” номдоо дурссан байдаг. Тэрбээр “Замчин” клубийн дасгалжуулаг чаар ажилласнаас хойш хүүхдүүдэд даамын сургалт явуулах болжээ. Тэр цагаас өнөөг хүртэл 38 жилийн хугацаанд улс, хотын хэмжээний, нэрэмжит болон олон улсын чанартай тэмцээн зохион байгуулж, ерөнхий шүүгчээр ажилласан тул тоглох боломж бараг гараагүй аж.
Залуудаа УАШТ-д 1990 он хүртэл тасралтгүй оролцохдоо хошой алт, дөрвөн мөнгөн медаль хүртэн, Улаанбаатар хотын АШТ-д долоон удаа түрүүлжээ. БНХАУ-д 2010 онд болсон И Чунийн олон улсын “Нөхөрлөл” тэмцээнд БНХАУ, ОХУ, Монголын даамчид оролцоход Хүбэй мужийн тамирчдыг дасгалжуулсан дэлхийн 10 удаагийн аварга А.Чижовыг манай гурван тамирчин буулган авч, эхний гурван байрт шалгарсан аж. Тэр тэмцээнд Т.Пүрэвдорж багш 11 дүгээр байр эзэлсэн нь 66 настай хамгийн ахмад даамчны хувьд томоохон амжилт байв. Мөн ахмадын Азийн АШТ-д гурван удаа өрсөлдөхдөө Узбекистаны Ташкент хотод 2015 онд болоход нь түрүүлж, дараагийн хоёрт нь удаалсан юм. Тэр жил 55-аас дээш насны ахмад даамчдын тэмцээнийг зохион байгуулахад рапид төрөлд хүрэл, блицэд мөнгө, стандартад алтан медаль хүртэж байв. Мөн Латви улсын Рига хотод 2013 онд зохион байгуулсан ахмад даамчдын ДАШТ-д 15 улсын 49 тамирчин швейцар системээр есөн өрөг тоглож, тус улсын их мастер Л.Залитисийн ялалтаар өндөрлөсөн юм. Латви улс анхны дэлхийн аварга цолтноо өлгийдөж авсан нь тэр. “Хүүхдүүдийг даамаар хичээллүүлж, сайн тамирчин болгоход ямар зан чанар их нөлөөлдөг бол” гэхэд “Тухайн хүүхдэд авьяасаас гадна аливааг түргэн ойлгох, багшийн заасныг хурдан сурах, бодлого комбинацыг бодож чадах ой сайтай байх ёстой. Эхний үед цээжлэх арга хэрэгтэй ч тэр олон бодлогыг нэгбүрчлэн тогтоох боломжгүй тул аль байрлалд ямар арга хэрэглэж байгааг нь мэдэх хэрэгтэй болдог. Авьяастай ч залхуу, оролдлого муутай бол амжилт гаргахгүй. Багшийн заасныг гэртээ давтахгүй байвал ур чадвар нь ахихгүй. Хүүхдүүд тэмцээнд амжилт гаргавал сонирхол нь нэмэгдэж хичээдэг юм. Үүнээс гадна эрүүл мэнд тааруу, хичээлдээ сайнгүй, ар гэрийн боломж муу бол эхлээд амьдрах, дараа нь хичээлээ давтах ёстой гээд даамд цаг зав гаргахгүй шүү дээ. Хэрэв энэ гурван нөхцөл биеллээ олсон бол даамаар тууштай хичээллэхэд өндөр амжилт гаргана” гэв.