Олон улсын хэмжээний мастер (ОУХМ) Г.Болдбаатар багш модон бөмбөгийн спортын түүхэнд эрэгтэй, эмэгтэй тамирчид бэлтгэн, шигшээ баг бүрдүүлж олон улс болон тивийн тэмцээнд анх оролцуулсан гавьяатан.
Тухайлбал, Тайландын Пукет аралд 2014 онд болсон Азийн элсний IV наадамд шавь нараа сойсон нь хүрэл медаль хүртсэн билээ. Түүний хичээл зүтгэл, тамирчдынх нь амжилт Монголын багийг тус наадамд зургаан алт, хоёр хүрэл медальтай өндөрлүүлж, нийлбэр дүнгээр тэргүүн байрт шалгарахад томоохон хувь нэмэр оруулсан. Дархан-Уул аймагт түүний байгуулсан ШУТИС-ийн баг дотооддоо хамгийн хүчтэй өрсөлдөгч болж, УАШТ-д тасралтгүй 11 удаа түрүүлэн аваргаар тодорсон юм. Хэдийгээр гавьяаныхаа амралтад гарсан ч өдгөө тав дахь багаа бүрдүүлж, улсдаа мэргэжлийн тоглогчдыг бэлтгэж буй түүнийг зочноор урилаа
-Модон бөмбөгийн дотоод, гадаадын томоохон тэмцээнүүд урин дулааны улиралд болох юм аа.
-Тийм ээ. Энэ спорт эко спортын төрөлд багтдаг тул олон орон тэмцээнээ хавар, зун, намар зохион байгуулдаг юм. Би 2009 оноос эл спорттой нөхөрлөсөн. Дархан-Уул аймгийн модон бөмбөгийн багийн дасгалжуулагчаар ажиллахдаа ШУТИС-иас баг бүрдүүлж, 10 гаруй жил дотоод, гадаадын тэмцээнд оролцууллаа. Тус аймагт хүүхэд залуусыг урин хичээллүүлж, анхны багаа байгуулсан түүхтэй. Дарханд модон бөмбөгийн УАШТ анх зохион байгуулахад манай багийнхан хүрэл медалиас мултран, шар нь хөдөлж, “Ирэх жил заавал түрүүлж, алтан медалийг нь алдахгүй хүртдэг болно” гэж амласнаас хойш 2019 он хүртэл тасралтгүй улсын аваргаар шалгарсан. Тэр цагаас эхлэн шавь нар маань аймаг, хот, дүүргүүдийн багийн хүчтэй өрсөлдөгч болсон юм. Хамгийн сүүлд бүрдүүлсэн отгон багт маань Дархан-Уул, Улаанбаатар хот дахь ШУТИС-ийн I, II дамжааны оюутнууд тоглодог.
-Оюутны спортын “Универсиад-2026” наадамд багтсан спортын төрлүүдийн тэмцээн үргэлжилж байна. Модон бөмбөгийн тоглолт хэзээ эхлэх вэ?
-Монголд модон бөмбөгийн тэмцээнийг олон улсын стандартын дүрмийн дагуу өндөр хэмжээнд зохион байгуулдаг. УАШТ-ий эхний гурван байрт шалгарсан тамирчид олон улсын тэмцээнд оролцох эрх авдаг. Оюутны спортын “Универсиад-2026” наадмын модон бөмбөгийн тэмцээн зургаадугаар сард болно. Хэдийгээр гавьяаныхаа амралтад гарсан ч хамгийн сүүлд байгуулсан отгон багийнхаа тамирчдыг их, дээд сургуулиудын дунд болдог тус наадамд оролцуулахаар бэлтгэл хийлгэж байна. Энэ удаа Дархан-Уул аймгийн болон Улаанбаатар хотын ШУТИС-ийн хамтарсан багийнхан оролцоно. Дасгалжуулагчийн хувьд шавь нартайгаа нэг бүрчлэн тулж ажилладаг. Тамирчин хүн өөрийн хүсэл сонирхолд тулгуурлаж спортоор хичээллэдэг. Тиймээс энэ спорт тухайн хүний зорилго тэмүүлэл, зориг, тэсвэр хатуужлыг нь олон талаар сорьж шалгадаг. Энэ бүхнийг даван туулсны дараа тууштай замнах тамирчид төрдөг юм. Бэлтгэлээ эхлүүлсэн тамирчид талбайд тоглох замаа сайтар тооцоолон дүгнэлт хийх нь зүйтэй. Тэмцээний үед ойр, хол, шулуун замд бөмбөгөө хэрхэн цохихоо багш, багийнхантайгаа зөвлөлдөх нь амжилт гаргахад нөлөөлдөг юм.
-Модон бөмбөгөөр хичээллэдэг тамирчдын олонх нь орон нутгийн оюутан залуус байдаг. Та тэднийг хэрхэн сонгож, баг бүрдүүлэв?
-Тэдний саад бэрхшээлд амархан бууж өгдөггүй дайчин, шаргуу зан таалагддаг. Шавь нарын маань дунд Багануур дүүрэг, Говь-Алтай, Баянхонгор, Сүхбаатар, Хэнтий аймгийн залуус бий. Тэднээс хичээл зүтгэлтэй, хүсэл тэмүүлэл, зорилготойг нь сонгон авч, баг бүрдүүлэн тэмцээнд оролцуулдаг. Олон улс, тив, дэлхийн тэмцээнд өрсөлддөг тамирчдаас 11 нь ОУХМ цол хүртжээ. Бусад нь спортын мастер, дэд мастер, I, II зэрэгтэй. Миний бүрдүүлсэн модон бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ баг Тайландын Пукет аралд 2014 онд болсон Азийн элсний спортын IV наадамд анх удаа оролцохдоо хүрэл медальтай ирж, Монголын спорт сонирхогчдыг баярлуулсан. Тус наадмын тэмцээнийг МҮОНТ, ТV5, ТВ9 шууд дамжуулан хүргэж байв. Тухайн наадамд УИХ-ын гишүүн агсан Д.Арвин Монголын багийг ахалж явсан. Модон бөмбөгийн тамирчид Индонез, Филиппиний шигшээтэй медалийн төлөө ана мана тоглож, III байрт шалгарахад олон орны дасгалжуулагчид эхэндээ итгэхгүй эргэлзэж “Та ийм жаахан хүүхдүүдийг богино хугацаанд яаж ингэж сайн тоглуулж сургав” гээд асууж билээ. Тухайн үед модон бөмбөг манай улсад хөгжөөд удаагүй байсан үе. Багийн маань 18, 19-тэй оюутнууд бусад орны 40-өөс дээш настай туршлагатай тамирчидтай тоглож хожсон нь тэмцээн үзэхээр ирсэн үзэгчдийг хүртэл гайхшируулсан. Ийм өндөр амжилт гаргахад дотооддоо болсон УАШТ-д медальгүй үлдэж, хойтон жил нь аварга болохын төлөө шарандаа уйгагүй бэлтгэл хийж, ур чадвараа хөгжүүлсэн тамирчдын минь хичээл зүтгэл, зорилго нөлөөлсөн юм. Тэд Азийн элсний наадамд амжилттай оролцохын тулд амрах завгүй хөдөлмөрлөж, бороо, цас, салхи, шуурга, халуун, хүйтэн гээд цаг агаарын хүнд нөхцөлд ч бэлтгэлээ таслалгүй үргэлжлүүлсэн нь үр дүнд хүрсэн.
-Дотооддоо тасралтгүй 11 жил түрүүлсэн аваргуудыг буулгаж авсан хүчирхэг баг ямар сургуулийн тамирчид байсан бол?
-Дархан-Уул аймгийн оюутны баг Монголын их, дээд сургуулийн универсиад наадам, УАШТ-д гурван жил дараалан түрүүлж, алтан цом гардаж байлаа. 2019 оноос Ж.Загас дасгалжуулагчийн бүрдүүлсэн ХААИС-ийн “Залуу од” клуб, М.Ганболд дасгалжуулагчтай “МонАлтиус” биеийн тамирын дээд сургуулийн баг хүч түрэн орж ирснээр Дархан-Уул аймгийн тамирчдын хүчтэй өрсөлдөгч болж, дотоодын тэмцээнд тэргүүлж эхэлсэн. Сүүлийн үед залуус үүгээр сонирхон хичээллэснээр УАШТ-д их, дээд сургуулиас гадна орон нутгийн багууд оролцож, тоглолт хоёр өдөр үргэлжилдэг боллоо. Монголд модон бөмбөгийн холбоо байгуулагдахад анхны ерөнхийлөгчөөр нь УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд асан М.Сономпил сонгогдож байлаа. Тэрбээр холбооны ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ багийг дэмжиж, олон улсын тэмцээнд цөөнгүй оролцуулсан нь ур чадвар, чансаагаа ахиулахад багагүй нөлөөлсөн шүү.
-Насны хязгаар заадаггүй спортын төрөл манайд тийм ч олон бус. Хүн бүрт модон бөмбөгөөр хичээллэх боломж нээлттэй байгаа нь орон нутагт тамирчид бэлдэхэд дөхөм санагдлаа.
-Модон бөмбөгийг ”Газрын шатар” хэмээдэг. Энэ нь шатрын хөлөг дээр тоглож байгаагаас ялгаагүй ухаан, ур чадвар, мэдрэмж зарцуулдаг гэсэн үг. Энэ спорт манай улсад хөгжсөний ачаар Дархан-Уул аймагт нийтийн биеийн тамираар хичээллэгсдийн тоо өмнөхөөсөө нэмэгдсэн. Түүнчлэн үүгээр хичээллэдэг тамирчид гранд гольф тоглож байна. Гольф, гранд гольф, модон бөмбөгийн тоглох дүрэм, талбай нь өөр ч, цохих техник нь төстэй. Миний шавь нараас Б.Мөнхбат Багануур дүүргийн багийг ахлан дотоодын томоохон тэмцээнд оролцдог. Мөн зарим нь Улаанбаатар хотын багуудад ч тоглож байна. Монголд анх хөгжих жилүүдэд бөмбөг, цохиур ховор байсан тул холбоогоороо дамжуулж, Азийн орнуудаас худалдаж авдаг сан. Биднийг модон цохиураар тоглохыг хараад гадаадын тамирчид “Бидний өмнө нь хэрэглэдэг байсан цохиур харагдана” гэж шоолонгуй хэлдэг байв. Гэсэн ч бид хайлшин цохиуртай тэдэнд бууж өгөлгүй өрсөлдсөөр Азийн элсний наадам, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс тус бүр хүрэл медаль хүртсэн дээ. Дараа жил нь Дархан-Уул аймагт (2015 онд) олон улсын тэмцээн анх зохион байгуулахад Азийн элсний наадамд оролцсон орны багууд ирсэн. Тус тэмцээнд манай улсаас дөрвөн баг өрсөлдөхөд Филиппиний шигшээ түрүүлж, Монголынх мөнгө, Индонезийн тамирчид хүрэл медаль гардсан. Бид ч эхний гурван байрт шалгарахын тулд урин дулаан эхлэнгүүт бэлтгэлдээ гарч, хэдэн сар шаргуу базаасан.
-Шигшээ багийн тамирчдын олонх нь оюутан тул хичээл, бэлтгэлд нь зэрэг анхаарал хандуулах танд хэцүү санагддаг байв уу?
-Миний хувьд Монголд шигшээ баг бүрдүүлж, олон улсын тэмцээнд оролцуулсан анхны дасгалжуулагч. Тэднийхээ хичээл, бэлтгэлийн аль алийг нь цалгардуулахгүй урагшуулах эхэндээ амаргүй байлаа. Шавь нараа сайн тамирчин болгохыг зорьж, гэртээ ч тухлах завгүй хэдэн жил хөдөлмөрлөсөн. Спортын цол хүртээд удаагүй байсан тамирчид маань эх орондоо 2015 онд болсон олон улсын тэмцээнд тив, дэлхийн медальтнуудыг хожсон нь том амжилт байв. Гадаадын тамирчид буцахдаа хамгийн залуу баг болох Монголын тамирчдын хурд, ур чадвар, нэгдмэл байдлаар бахархаж, бөмбөг, цохиураа бэлэглэж билээ. Хайлшин цохиур бат бөх тул тамирчид хол зайд тоглохдоо ашигладаг юм. Модон цохиур хөнгөн, ойрын зайд тоглоход тохиромжтой. Спортын талбар өрсөлдөөн ихтэй ч тамирчид нэгнээ хүндэлж, туршлагаасаа хуваалцан найз нөхөд болдгоороо гайхалтай. Модон бөмбөг Тайваниас гаралтай. Манай улсад хөгжиж буй залуу спорт ч гэлээ эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ баг олон улс, тив, дэлхийн тэмцээнээс хэдийн медаль гарджээ.
-Тамирчдаа тоглолтын талбайд гарахын өмнө таны зөвлөдөг гол зүйл юу вэ?
-Олон жил бэлтгэл хийлгэхээр тамирчдынхаа харц, хөдөлгөөнийг хараад сэтгэл зүй нь ямар байгааг төвөггүй мэддэг болдог. Тамирчдадаа “Модон бөмбөг бол эр зориг, тэсвэр хатуужил, тооцоолол, сэтгэл зүйн спорт. Тууштай хичээллэж, уйгагүй бэлтгэл хийж байж амжилтад хүрнэ. Тиймээс техникээ эхнээс нь зөв сурч, тоглох замаа сайн тооцоолон, тактикаа төлөвлөсний дагуу гарга. Тэмцээний үед өрсөлдөгчөө бүх талаас нь уншиж, тоглох арга барилыг нь мэдэрдэг байх хэрэгтэй” гэж зөвлөдөг. Үүгээр хүүхдүүд 15-аас дээш насандаа хичээллэхэд тохиромжтой. Тухайн хүүхдийн бие хөгжин, сэтгэл зүй нь төлөвшиж тогтворждог тул өөртөө дүгнэлт хийж, тэмцээнд алдаа бага гаргадаг. Багшийнхаа зөвлөснийг сонсож, тоглолтдоо хэрэгжүүлэх тусам туршлага хуримтлуулж, ур чадвараа хурдан ахиулдаг. Нас бага хүүхдүүд тоглохдоо анхаарал нь сайн төвлөрдөггүй тул замаа тооцоололгүй хурдан дуусгах гэж яарснаас алдаа их гаргадаг. Бэлтгэлээс гадна анхаарал төвлөрөл, сэтгэн бодох чадвар, орчин нөхцөлдөө зохицон тоглох өндөр мэдрэмж шаарддаг. Энэ бүхнээс нэг нь дутуу байвал сайн тоглолт гарахгүй. Нэг зам дээр тааруухан тоглосон бол нөгөөд нь алдаагаа засан, нөхөж тоглоод амжилт гаргах чадвар, техникийг эзэмшсэн байх ёстой. Бие, сэтгэл зүйн бэлтгэлийг сайн базаасан тамирчин ямар ч тэмцээнд амжилт гаргадаг. Миний хувьд улсдаа мэргэжлийн тамирчид бэлтгэхийн тулд 18 жил дасгалжуулсан. Одоо ч гэсэн хөдөлмөрлөж байна. Би бусад клубийн дасгалжуулагчтай байнга холбоотой хамтран ажиллаж, тамирчдын ур чадвар, бэлтгэл хийлгэх орчин, нөхцөлийг хойшид хэрхэн сайжруулах талаар ярилцдаг. Бидний ярианы гол сэдэв бол тамирчдыг бэлтгэл хийлгэх олон улсын стандартад нийцсэн талбайтай болгох асуудал байдаг. Монголын тамирчид шаардлага хангасан талбайтай болбол дэлхийд өндөр амжилт гаргах ур чадвартай.
-Та багш мэргэжлээ дасгалжуулагчаар сольж, мэргэжлийн тоглогчдыг энэ спортод бэлдсэн юм билээ.
-МУБИС-д биеийн тамир, цэрэгжлийн багш мэргэжлээр суралцаж, 1987 онд төгссөн. Дархан-Уул аймагт биеийн тамирын багшаар 10 гаруй жил ажиллаж, Монголд модон бөмбөгийн спорт хөгжихөд тамирчид бэлтгэх зорилгоор дасгалжуулагч болсон. Тухайн үед спортын шинэ төрөл байсан тул хүмүүсийн сонирхлыг их татсан. Хичээллэхэд нас хязгаарлахгүй, байгальтай ойр, цэвэр агаарт гадаа тоглодог нь залууст таалагдаж байгаа нь анзаарагдсан юм. Би сүүлийн үед үүгээр хичээллэх сонирхолтой хүүхдүүдийг орон нутагт олон байгаа, эсэхийг судалж байна. Хөдөөгийн хар, бор ажил гололгүй хийж өссөн даруу төлөв зан, тууштай байдал, өссөн орчин, нөхцөл нь энэ спортоор хичээллэх давуу тал нь болдог. Дархан-Уул аймгийн ШУТИС-д сурахаар ирсэн оюутнуудыг сонгож авч эцэг, эхэд нь энэ спортын талаар зөв ойлгуулан, нэг өдөр дагуулж яваад хэрхэн бэлтгэл хийж байгааг нь харуулахад дэмжиж, дуртай хүлээж авдаг. Харин биднээс “Багш аа, хэнийг ч бүх талаар хөгжүүлж болох сайхан спорт байна. Хамгийн гол нь хичээлээс нь хөндийрүүлэхгүй бэлтгэл, тэмцээнийг хослуулбал зүгээр санагдлаа” гэдэг юм. Зарим нь нутгаасаа ирж, тэмцээнд хүүхдийнхээ хэрхэн тоглохыг сонирхон үзэж байхад нөгөө нь тэмцээний ажилд туслан, халуун цай, хоолоор дайлах жишээтэй.
-Олон улсын тэмцээнд тамирчдаа оролцуулах үед танд ямар бодол их төрдөг байв?
-Тэмцээн болох газрын талбайг нь түрүүлж хараад “Манай улс хэзээ ийм сайхан зүлэгтэй талбайтай болох бол” гэж атаархангуй боддог байлаа. Тамирчдыг амжилт гаргахад бэлтгэл хийдэг орчин, нөхцөл нь их нөлөөлдөг. Бэлтгэлийн бааз, тоглох багаж хэрэгслээр хангадаг орны тамирчид тэмцээнд өндөр сэтгэл зүй, өөртөө итгэлтэй оролцдог юм. Дасгалжуулагчид тэмцээнд тамирчдаа оролцуулсаар байгаад нэгнээ мэднэ. Бид тэмцээний үед дүрэм, заалт, эл спортыг өөрийн улсад хэрхэн өндөр хэмжээнд хөгжүүлэх талаар санал бодлоо хуваалцдаг. Мөн нэгнийхээ бэлтгэл хийлгэх арга барил, давуу тал, туршлагаас суралцаж судална. Тэмцээний дараа үр дүнтэй яриа өрнүүлж, зөвлөлдөх нь сайхан санагддаг шүү. Би модон бөмбөгийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагчаар таван жил ажилласан. Тамирчин хүний ухаан, ур чадвар, орон зайг тооцоолох мэдрэмж, авхаалж самбаа, гярхай байдал тоглож буй арга барил, техникээс нь харагддаг. Гадаадын дасгалжуулагчид, мөн тэмцээн зохион байгуулагчид Монголын тамирчдын давуу тал, тэсвэр хатуужлаар бахархдаг. Бороо орсон үед, халуун нартайд, сэрүүн салхитай байсан ч манайхан тэмцээнээ үргэлжлүүлдэг. Индонез улсад болсон тэмцээний үеэр цаг агаар 20 хэм болоход гадаадын тамирчид хүйтэрлээ гээд тоглолтоо хойшлуулахад манайхан шорт, футболиктой хэрнээ л халууцчихсан тоглож байв. Миний хувьд өнгөрсөн жилүүдэд шигшээ багийн тамирчдыг олон улс, Азийн элсний IV наадам, тивийн АШТ-д амжилттай оролцуулж, аль алинаас медаль авхуулсан даа.