Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-өөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар танилцууллаа. Өчигдрийн байдлаар шинээр 20 тохиолдол батлагдаж, өмнөх өдрийнхөөс 16-гаар нэмэгдсэн байна. Дээрх тохиолдлын ес нь нийслэлд, 11 нь орон нутагт бүртгэгджээ. Хоногт уг өвчний тохиолдол 10 дотор бүртгэгдэж байсан бол өнгөрсөн сарын 31-нд гэхэд 33 хүүхэд улаанбурхны халдвар авсан нь тогтоогдсон байна.
Өвчний тохиолдлын тоо ийн нэмэгдэж буй учраас халдварын эсрэг вакцинд хамрагдах, урьдчилан сэргийлэхийг ХӨСҮТ-өөс анхааруулав. Улсын хэмжээнд нийт 14 522 тохиолдол батлагдсан бөгөөд үүний 11 732 нь нийслэлд, үлдсэн нь орон нутагт байна. Одоогоор 72 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн дөрөв, дунд 66, хүнд хоёр хүн бий аж. Өвчлөлийг насны бүлгээр нь авч үзвэл 10-14 насны хүүхэд хамгийн өндөр буюу 5260 тохиолдол бүртгэгджээ. Улаан бурхан нь халдварлах чадвар өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой юм.
Ч.Болор