-Өмнөх танхимд ажиллаж байсан 10 сайд улирч, шинээр есөн сайд нэмэгдэв-
УИХ-ын дөрөвдүгээр сарын 3-ны нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар буюу 20.30 цагт Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ танилцуулав. Тэрбээр намын эрх ашиг, дотоод зөрч лөө хойш тавьж, улс орны төлөө ажил хийх олон түмний нэхэл хатуутай шаардлага ч өдөр бүр өсөн нэмэгдэж байгааг анхааруулж, бодлогын залгамж чанар, тогтвортой байдал, тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах, мөн цаг үеийн онцгой нөхцөлийг харгалзан, хуульд нийцүүлэн Засгийн газраа байгуулж буйгаа илэрхийлэв.
Шинэ Засгийн газрын тэргүүн төрийн байгууллагын хийдэл давхардлыг иж бүрэн тодорхойлох дүн шинжилгээ хийж, төрийн үйлчилгээ, зөвшөөрлийг цааснаас цахимд шилжүүлж, зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод өгч, төсвийн хөрөнгийг хэмнэж, төрийн албыг цомхон, хурдтай, бүтээмжтэй болгохоо мэдэгдлээ. Мөн зах зээл дэх төрийн оролцоог хазаарлаж, хувийн хэвшлийн өсөж өндийх орон зайг нээн, хүнд суртал, хууль журам, татварын дарамтаас чөлөөлнө хэмээгээд “Чөлөөлье” санаачилга, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо товч дурдсан юм.
Үүний дараа Ерөнхий сайд Н.Учрал Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Шадар сайдад Т.Доржханд, Н.Номтойбаяр (Онцгой байдал хариуцан) нарыг, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад Б.Энхбаяр, Гадаад харилцааны сайдад Б.Батцэцэг, Сангийн сайдад З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайдад С.Амарсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад Г.Дамдинням, Батлан хамгаалахын сайдад Д.Батлут, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад Ц.СандагОчир, Боловсролын сайдад Л.Энх-Амгалан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад Т.Аубакир, Зам, тээврийн хөгжлийн сайдад Б.Дэлгэрсайхан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдад Ж.Алдаржавхлан, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдад Э.Бат-Амгалан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Ц.Идэрбат, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдад Ч.Номин, Эрчим хүчний сайдад Б.Найдалаа, Эрүүл мэндийн сайдад Э.Батшугарыг томилохоор танилцуулав.
Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх тухай Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын 40 гишүүн асуулт асууж, хариулт авч, үг хэлэв. Тэд МАН-ын дотоод хагарлыг сануулж, бүлэглэлүүд харилцан бие биеийнхээ авлига, албан тушаалын гэмт хэрэг, булхай луйврыг уудлан илчилснийг хууль, шүүхийн байгууллагаар шалгуулж, тогтоолгон сайдын албан тушаалд нэр цэвэр хүн тохоон томилогдох нь зүйтэй талаар саналаа хэлж байлаа. Мөн зарим сайдын томилгоо оновчтой бус, нарийн мэргэжил шаардах салбарт мэргэжлийн бус хүн томилж байгаа нь буруу гэж үзэж буйгаа УИХ-ын цөөнгүй гишүүн илэрхийлсэн юм. Ингээд зарим гишүүний асуултад Ерөнхий сайд болон салбарын сайдад нэр дэвшигчид хэрхэн хариулсныг сонирхуулъя.
Б.Пүрэвдорж: -“Өнгөрсөн жилүүдэд МАН ЖДҮ, “Хөгжлийн банк”, нүүрсний хулгай, оффтейк гэрээ, Боловсролын зээлийн сан, “Ковид”ын гээд маш олон хулгай хийсэн. Хулгайлсан мөнгөндөө цадсан та нар тамираа тасартал муудалцаж, улаан цайм маргалдаж байсан. Гэтэл одоо хоорондоо сүжрэн, нэгэндээ барьцаалагдаж, хулгайгаа нууж байна. Авлигачдыг 40 сая төгрөгөөр торгож, 2-3 жилийн ял оноодог. Ард түмэн 2028 онд та нарт хариуцлага тооцож, дүн тавина. Та нарыг бүгдийг чинь 461 дүгээр хорих ангийн нэг өрөөнд аваачиж, хорино, заавал ял өгнө” гэсэн юм.
С.Эрдэнэболд: -“Одоогийн 19 сайдын 12 нь өмнө нь сайдын албан тушаал хашиж байжээ. Ерөнхий сайд та яагаад энэ хүмүүст ёс зүйн шаардлага тавиагүй юм. Гэмт хэрэгт холбогдсон, хувийн эрх ашгийн зөрчил гаргасан, нэр цэвэр, эсэх дээр яагаад шалгуур тавьсангүй вэ. Мөн 19 сайдынхаа хэдэд нь сэтгэл хангалуун байна. Та улс төрийн шахаа, дарамтад орж, хүнд байдалд байгаа юм уу. Энэ Засгийн газар чинь ямар учиртай юм бэ. Сайдад дэвшигч зарим хүн ичих хэрэгтэй. Гэм буруугаа хууль, шүүхийн байгууллагаар тогтоолгоод орж ирээч” гэв.
Н.Учрал: -Надад Үндсэн хуулиар олгогдсон онцгой эрх бол кабинетаа өөрөө бүрдүүлэх. Ёс зүйн асуудлыг тавьсан, АТГ-аас урьдчилаад мэдээлэл авдаг. Хэний ч хамааралгүй, цаг хугацаа алдахгүй чөлөөлөх боломж хуулиар олгогдсон. Иймд кабинетын зарчим алдсан, хурдтай, шуурхай ажиллаж чадаагүй сайд нарыг чөлөөлөөд явна. Засгийн газрын үр дүнг урьдчилж ярих нь зохимжгүй, ажлын үр дүнгээр харуулна. Ард түмний амьдрал ойлгодог, ажиллаж байсан кабинет бүрдүүлэхийг хичээлээ.
С.Эрдэнэболд: -Эрх чөлөөний дөрвөн зам гэж та ярьж байна. Гэвч чөлөөлөх биш, чөдөрлөх хүмүүс орж ирлээ. Эрх баригч намд боловсролтой, чадалтай зөндөө залуу байна. Та сайд нартаа өндөр шаардлага тавьж ажиллах ёстой гэв.
Ө.Шижир: -Хонь, хурга нийлсэн юм шиг холион бантан болсон бүрэлдэхүүн орж ирлээ. Урам хугарч байна, Н.Учрал сайдад. Хэдхэн хоногийн өмнө яриад байсан хүн амь, авлига, хээл хахуулийн гэмт хэргүүд чинь хаачсан бэ, үүнийг хууль зүйн сайд болж байгаа хүнээс асууя. Төрийн түүхэнд анх удаа яам нь сайдгүй, тав хонолоо, ард түмнээр тоглолоо. Энэ хугацаанд та нараас ч хэн чинь ч махны үнэ кг нь 31 мянгыг давж, шатахууны үнэ нэмэгдсэн, амьдрал хэцүүдсэн тухай яриагүй шүү. Шинэ Засгийн газар хэмнэлтээс эхлэх ёстой. “Нэг байгууллага, нэг машин”гэсэн уриалга гаргая. Төрийн байгууллагууд 2.2 их наяд төгрөгийн машинтай, 2020 оноос хойш 225 тэрбум төгрөгийг зөвхөн шатахуунд зарцуулсан байна. Хулгайд том, жижиг гэж байхгүй. МАН-ын дарга, Ерөнхий сайд байсан хүмүүс нь хүртэл унаж байсан машиныхаа дугаарыг хулгайлсан. “0007 УНҮ” гэдэг төрийн тусгай хамгаалалтын автомашины дугаар С.Баяр, “0008 УНҮ” гэх дугаар танай намын дарга байсан Сү.Батболд, “0012 УНҮ” гэсэн дугаар М.Энхболдын нэр дээр байгаа. Ямар ичдэггүй юм.
Н.Учрал: -Тав хоног сайдгүй байхад төрийн ажил гацлаа гэх хариуцлагатай үгийг та хэллээ. Энэ гацааг үргэлжлүүлэхгүйн тулд Засгийн газраа бүрдүүллээ. Сандал суудал биш, санал шүүмжлэл ярьдаг, гацаадаг биш, гарц гаргадаг Засгийн газар байхыг хичээнэ. Ажил авсан бол үр дүн гаргадаг зарчмаа л барьж ажиллана. Улс төрд удаан явсан хүн цав цагаан цаас шиг байх боломж төдийлөн байхгүй. Кабинет доллар шиг хүн бүрд таалагдах албагүй.
С.Амарсайхан: -Төрд ёс хууль журмыг нэгдүгээрт тавьж ажиллана. Шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй хардлага, гүтгэлэг, гэмт хэрэгтэй холбоотой асуудлаар урьдчилан хэн нэгнийг ялладаг, шүүх байгууллага шиг ажилладаг хандлагыг нийгэмд өөрчлөх ёстой. Шүүмжилж болно, гүтгэж болохгүй. Энэ нийгэм үнэхээр хууль журамгүй болчихсон юм уу, эсвэл хулгайч дээрэмчид, гүтгэлэг доромжлолоор дүүрчихсэн юм уу гэдгийг хууль хяналтын байгууллага нь шалгаж тогтоох ёстой. Таны ярьж байгаа асуудлын талаар одоогоор ямар ч мэдээлэл алга. Дараа нь тодруулаад байрь сууриа илэрхийлье.
Г.Дамдинням: -Популизм энэ салбарыг урагш ахиулах боломжгүй болгосон. Тиймээс өмнөх Загийн газраас боловсруулж, яамнаас санал авсан Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг яаралтайгаар УИХ-д өргөн барьж, хайгуул хөрөнгө оруулалт татах, шинэ мөнгө оруулж ирэх, тэр дундаа, ашигт малтмалын нөөц олборлосны төлбөрийг оновчтой болгох, шинэ төслүүдийг хөдөлгөх хуулийг оруулж ирнэ. Олборлосон түүхий эдээ ядаж хагас боловсруулдаг болгоно. Дотоодын 47 үйлдвэр хаалттай байна, үүнийг нээнэ.
С.Цэнгүүн: -Залуу хүний хувьд эрс шинэчлэл хийгээд ажиллах болов уу гэж Н.Учрал таныг дэмжсэн. Энэ бүрэлдэхүүнээс харахад дэмжиж ажиллаж чадахгүй юм байна. Б.Энхбаяр таны эхлүүлсэн тэр хулгайтай тэмцэх ажлыг С.Амарсайхан үргэлжлүүлэх болов уу. Мөн эрчим хүчний салбарт эрс өөрчлөлтийг зоригтойгоор хийгээч. Төрийн өмчит компанийн ашигт ажиллагааг сайжруулах бэлэн судалгаа, тайлан бий. Улаанбаатар дулаан, цахилгаангүй өвөлждөг болчихлоо. Гэтэл Туулын хурдны замд 2.3 их наяд зарцуулна гэж байна. Үүнд Ерөнхий сайд ямар бодолтой байна.
Н.Учрал: -Засгийн газрын тогтвортой байдал надад юу юунаас эрхэм. Дотооддоо илүү сахилга бат, хариуцлагатай байхыг эрхэмлэх ёстой. Эргэлзэх, шүүмжлэх бол эрх чөлөөт нийгмийн эрүүл үзэгдэл. Сайд нарыг ачаа үүрэх чадвартай гэж сонгосон. Эрчим хүчний салбарыг би тэргүүлэх чиглэл болгоно. Авлига, эдийн засаг, эрх зүйн чиглэлээр хурдтай, шуурхай ажиллана.
Б.Энхбаяр: -Өнгөрсөн хугацаанд далд байсан олон зүйлийг ил болгож, цөөнгүй дайсантай боллоо. 15 давхраас хорт зохиолуудаар нийгмийн оюун санааг бузарлаж байсныг илчилсэн. Манай намын дарга, Ерөнхий сайд байсан хүн амьд тролл. Миний огт уулзаж үзээгүй хүмүү сээс нийлбэр дүнгээр хэдэн тэрбум их наядын авлига авсан гэж намайг гүтгэж, “Бичлэг байна, АТГ-т шалгуулна” гэдэг. Тэр хүн хуулийн байгууллагад ямар ч нотлох баримт өгөөгүй.
З.Мэндсайхан: -Ойрх Дорнодын зэвсэгт мөргөлдөөн эдийн засагт сөргөөр нөлөөлөх бодит нөхцөл биднийг хүлээж байгаа. Татвар төлөгчдийн орлогоос бүрдсэн төсөв нээлттэй, ил тод байх ёстой. Миний хувьд Санхүү эдийн засгийн дээд сургууль төгссөн, эдийн засагч мэргэжилтэй. Энэ ажлыг хариуцлагатай хийгээд явах болно.
С.Амарсайхан: -Хууль зүйн сайд гэмт хэрэг ярихгүй, бодлого ярина. Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй. Үндсэн хуулиар олгосон хүний эрхийг хангах, хууль хэрэгжүүлэх шаардлага тавьж ажиллана.
П.Батчимэг: -Ч.Номинг Соёлын сайд байхдаа “Оюутолгой”-гоос хууль бусаар авсан 20 сая ам.долларын тодорхой дүнг хоёрхон гишүүнтэй гадаад компанид шилжүүлсэн гэж Хууль зүйн сайд байсан Б.Энхбаяр удаа дараа мэдэгдэж байсан. Ийм ёс зүйгүй хүнийг шинэ Засгийн газарт сайдад нэр дэвшүүлээд оруулж ирсэнд гайхаж байна. Энэ асуудал юу болсон бэ, Ерөнхий сайд аа. Та дахин ийм ёс зүйгүй үйлдэл гаргахгүй байж чадах уу, Ч.Номин. Ер нь энэ Засгийн газар ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм?
Н.Учрал: -Ч.Номин өнгөрсөн хугацаанд зөөлөн хүчний бодлого, цахим засаглалын индексийг урагшлуулахад онцгой гавьяа байгуулсан. Надад ажил хийдэг хүн л хэрэгтэй. Эрх чөлөөний дөрвөн зам буюу дөрвөн чөлөөлөлтийг Засгийн газар хэрэгжүүлнэ. Авлигын эсрэг, ногоон хөгжил, эрх зүй, эдийн засгийн чөлөөлөлтийг хийнэ.
Ч.Номин: -20 сая ам.долларын асуудал миний өмнө нь тэргүүлж байсан яамтай хамааралгүй. Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлыг ахалж ажилласан. Үүний хүрээнд хоёр жилийн хугацаанд боловсруулсан стратеги, төлөвлөгөөний 200 гаруй хуудас тайлангийн зөвхөн нэг хуудсыг нь ил гаргаж тавьсан, ташаа мэдээлэлд суурилсан шууд гүтгэлэг гэж үзэж байна. Миний хувьд авлига, албан тушаалын зөрчилтэй үйлдэл нэг ч хийгээгүй.
Б.Бейсен: -Эрүүл мэндийн салбарт санаа зовж байгаа нэг ч гишүүн алга уу. Хүн эрүүл байж бүх салбарт хөдөлмөрлөх боломжтой. Би парламентад зургаан жил сууж байна, долоо дахь сайд нь солигдлоо. Төсөв нь хүрэхгүй, эмнэлгүүд нь өр зээлтэй, Эрүүл мэндийн даатгалын сан нь дампуурсан. Эмнэлгийн авлага, өр зээлийг ил зарла. Хувийн эмнэлгүүд улсынх шиг санхүүжилт авчхаад төлбөртэй үйлчилдэг. Энэ санхүүжилтийг зогсоож байж, улсынхыг өндийлгөхгүй бол болохгүй. Мөн эмийн чанар маш муу. Та алдаа завхралыг засаж ажиллаж чадах уу?
Э.Батшугар: -Эм чанаргүй,үнэтэй байгаа гэдэгтэй санал нийлж байна. Монголчууд өнгөрсөн онд гэхэд 120 сая ам.долларыг гадаадад явж, эмчлүүлэхэд зарцуулжээ. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог сайжруулж, хувийнхтай хэрхэн нийлүүлэхэд анхаарна. Олон улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцоог нутагшуулахад анхаарч ажиллана. Системийн анализ хийж, хаана нь нь болохгүй байна, түүнийг засахын төлөө явна. Эрүүл мэндийн даатгалын байгууллагын санхүүгийн бүх мэдээллийг авч, аудит хийнэ. салбарын хувьд туршлагатай мундаг, эмч, багш докторуудтай хамтарч ажиллана.
Г.Очирбат: -Өнөөдрийн томилгоо таны итгэл үнэмшлээр үнэн байж чадаж байна уу, Ерөнхий сайд аа. Мөн Шадар сайд Т.Доржхандаас асууя, Эрчим хүчний үндэсний хороо ажиллуулж, хоёр жилийн дотор эрчим хүчийг 100 хувь үйлдвэрлэн, тусгаар тогтнолоо зарлана гэсэн яав. Хэзээ бид эрчим хүч экспортлох юм?
Т.Доржханд: -Би 2025 оны нэгдүгээр сард ингэж зарлаж байсан, үнэн. Эрчим хүчний үндэсний хороо байгуулж, зургаан сар ажиллуулж байтал Засгийн газар солигдож, үндэсний хороог татан буулгасан. Тогтворгүй байдал үүссэн гээд томоохон хөрөнгө оруулагчид нэрээ татсан. Гэхдээ аравдугаар сард Саудын Арабын компани хөрөнгө оруулалт хийхээ өөрсдөө ирээд зарлаж, судалгааны ажлаа дуусгачихсан. Тэнд дайн болж байгаа, гэхдээ бид харилцаатай. Нэг жилийн хугацаанд хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр Европын хөрөнгө оруулалтын банк, Сэргээн босголт, хөгжлийн банк шийдвэрээ гаргасан. Одоо 20-30 хувийг нь гаргаад, үлдсэн санхүүжилтээ авах ажил гацчихаад байна.
С.Замира: -Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломж байна уу?
Т.Аубакир: -Тэтгэврийн зээлийн хүүг Засгийн газар, салбар яамнаас зохицуулах боломжгүй, цэвэр арилжааны банкны зохицуулалтаар явдаг. Зарим улсад тэтгэвэр барьцаалж, зээл олгохыг хуулиар хориглодог. Яамны хувьд тэтгэврийн зээлийн хүүг бууруулах тал дээр төсвийн ямар дэмжлэг байж болох вэ гэдэгт судалгаа хийж байгаа.
Ж.Баярмаа: -МАН сүүлийн 10 жил эрх барихдаа хүний эрх, шударга ёс гэж хангалттай ярьсан. Гэхдээ одоо МАН хоёр хуваагдаж, ард түмнийг талцууллаа. 30-ын бүлэглэлээс таван хүн сайд болоод ороод ирлээ. Ерөнхий сайд та юун дээр эвлэрчихэв, гэмт хэрэг наймаалцчихсан юм биш биз дээ. Танай намын уриа “Эвтэй байхдаа хүчтэй” биш, “Шударга байхдаа хүчтэй” гэх нь зөв л дөө.
Н.Учрал: -Засгийн газар авлигатай тэмцэх чиг үүргээ хэрэгжүүлнэ. Гэхдээ үг яриагаар биш, авлигын төсөөллийн индекс 10 байраар хойшилсон. Эрх зүйн орчноо сайжруул гэж бидэнд зөвлөмж өгсөн. Гэмт хэрэг, авлига гарахаас сэргийлэхийн тулд төрийн албан тушаалтны олгодог зөвшөөрлийг цахим болгож, “И-Монголиа” системийн хоёрдугаар платформыг нээнэ. Хиймэл оюунд суурилсан эрсдэлийн үнэлгээ хийж, зөвшөөрлийг автоматаар сонгоно. Манай намын бүлэг дотор үл ойлголцол гарсан нь үнэн. Гэхдээ би 68 гишүүнийг бүхлээр нь харж байгаад сонголтоо хийсэн.
Н.Алтаншагай: -Боловсролын сайдаас асууя. Ажилчин албан хаагчдын цалингийн нэмэгдэл юу болж байна. Мөн нэмэлтээр төсвийн тодотгол хийх үү, эрүүл мэнд, боловсролын салбарын санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд хүнд болсон гэсэн ойлголттой байна.
Н.Учрал: -Бид бодит нөхцөл байдалтайгаа эвлэрэх ёстой. Бидний баталсан төсөв 31.9 их наяд төгрөгийн орлого, зарлага нь 32.9 их наяд. Нэг их наядын алдагдалтай төсөв баталсан. Энэ оны хоёрдугаар сарын байдлаар төсвийн гүйцэтгэл 720 тэрбум төгрөгийн алдагдалтай байна. Нэг ёсондоо орлого дутагдана. Багш, эмч нарын цалин дээр 1.2 их наядын орлого нэмэлтээр шаардлагатай цаг үетэй бид тулж байна. Төсвийн тодотгол хийж, урсгалыг танахаас өөр гарцгүй. Хөрөнгө оруулалтыг эрэмбэлнэ, ялангуяа шаардлагагүй төслийг хойш тавина. Нийслэлд ч гэсэн зарим төслийг эрэмбэлэхээс өөр аргагүй.
Л.Энх-Амгалан: -Зөвхөн багш нарын цалинг 50 хувь нэмэх тооцоолол танилцуулж орж ирээд, сүүлдээ багш, ажилчдын цалинг ийм хэмжээгээр нэмэх тухай болж, батлагдаагүй төсвөөр том ачаалал авч, хүлээлт үүсгэсэн нөхцөл бодитоор үүссэн байна. Шинэ, хуучин гэх ялгаатай цалингийн ойлголт гарч ирсэн. Нэмэгдлийг хуучин цалингаас олгосон учраас багш нар сэтгэл дундуур үлдсэн. Нийгмийн даатгалын санд 70-аад тэрбум төгрөгийн өр үүссэн. Үүнээс болж багш нар жирэмсний амралтын мөнгө, тэтгэврээ тогтоолгож чадахгүйд хүрчихлээ. Төрийн албаны бүтцийн өөрчлөлт хийж, хүртээмжтэй, үр дүнд суурилсан цалингийн шинэчлэл боловсролын салбараас эхлэх ёстой.
02.10 цагийн үед Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүү дээ томилж, батламжилж, сайд нар тангараг өргөв. Засгийн газрын тэргүүн “Манай Засгийн газар нийт 19 гишүүний бүрэлдэхүүнтэй. Үүнээс МАН-аас 16, ХҮН намаас хоёр, Үндэсний эвслээс нэг сайд тус тус томилогдож байна. Засгийн газрын гишүүдийн 79 хувь нь өмнө нь Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байсан туршлагатай бол 21 хувь нь анх удаа томилогдлоо. Төсвийн тодотгол хүлээлгүйгээр Засгийн газар энэ өдрөөс эхлэн хэмнэлтийн горимд бүрэн шилжиж, өөрөөсөө хамаарах бүхнийг хийх болно” гэв. Харин шинэ сайд нар 03.10 цагт яаман дээрээ очиж, тамгаа гардаж авсан юм.