АН-ын “4-11” мэдээллийн цагаар Х.Тэмүүжин, Б.Жаргалан нарын гишүүн цаг үеийн сэдвээр байр сууриа илэрхийлэв. УИХ-ын даргыг олонх болсон намаас нэр дэвшүүлэх тухай ямар ч хуулийн заалт байхгүй, парламент дотроос шийдэх ёстой, аль нэг намын байранд уг асуудлыг шийдэх учиргүй хэмээн Х.Тэмүүжин гишүүн өгүүлсэн. Тэрбээр “УИХ-ын даргыг нийт гишүүний олонхын дэмжлэгээр сонгодог. Тиймээс нэр дэвшүүлэхдээ ч 64-өөс дээш гишүүний саналаар оруулах ёстой. Манай намаас өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд энэ талаар тусгасан. Гэвч одоо болтол хэлэлцэхгүй байна. Бид уг төслийг хэлэлцэхийг олонхын бүлгээс шахна” гэлээ.
Өнгөрсөн даваа гарагт тус намын бүлгээс Туулын хурдын зам төсөлтэй холбоотой хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ талаар Б.Жаргалан гишүүн ярьж, “Уг хэлэлцүүлгээр гурван асуудал хөндсөн. Усны газраас уг төсөлд усны нөөцийн нөлөөллийн үнэлгээ хийгээгүйг хэлсэн. Мөн төслийн бүтээн байгуулалтын явцад 2574 багана барина. Үүний 18 нь голын голдиролд, үлдсэн нь татам хэсэгт байрлах юм билээ. Туул голын аюулгүй байдал, байгаль орчны асуудалд энэ нь ноцтойгоор нөлөөлж магадгүй гэдгийг судлаачид хэлж буй. Хоёрдугаарт, уг төсөл үнэхээр түгжрэлийг бууруулж чадах уу гэдэгт тодорхой хариулт хотын удирдлага өгч чадаагүй. Түүнчлэн анх 1.9 их наяд төгрөгийн төсөв баталсан нь 2.3 болж өссөн. 32 км замын нэг км нь л 70 гаруй тэрбум буюу маш өндөр өртгөөр бүтэх нь” гээд хэлэлцүүлгийн үр дүнгийн талаар ирэх даваа гарагт АН-ын бүлгээр хэлэлцэнэ гэв. 2016-2026 онд нийслэлийн төсөв 7.5 дахин нэмэгдэж, 19.2 их наяд төгрөг зарцуулсан байна. Үүгээр 44 км метро, Туулын хурдны замтай дүйхүүц 267 км зам, гүүр барих төсөв байсныг тэд сануулсан юм.
С.Уул