Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралыг УИХ цаг сунган хуралдаж, уржигдар 22.40 цагт томилов. Залгуулаад шууд Г.Занданшатараас тамгаа хүлээж авсан юм. Үндсэн хуулийн 39.3-т “Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн, УИХ-д өргөн мэдүүлнэ” хэмээн заасан. Үүний дагуу өчигдөр Засгийн газрын тэргүүн танхимынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг Төрийн тэргүүнтэй зөвшилцөнө гэсэн хүлээлт байв. Мөн танхимаа хуучин сайд нар болон шинэ хүмүүсээс “хольж” бүрдүүлнэ, чиг үүргийн яамдад дэд сайдыг үлдээнэ гэдгээ тэрбээр томилогдох үедээ хэлсэн билээ. Түүнчлэн Н.Учрал АН-аас бусад парламентад суудалтай намтай хамтран ажиллана гэж буй. Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүний талаар хэдэн хэдэн хувилбартай таамаглал өрнөж байна. Гэхдээ зарим хүний нэр бүх хувилбарт давтагдаж байгаа нь улирах, томилогдох нь баталгаажсаны илрэл аж.
Г.Занданшатарын танхимаас Х.Ганхуяг Шадар сайд, Б.Батцэцэг Гадаад харилцааны, Ч.Ундрам ССАЖЗ-ын, Э.Батшугар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны, Г.Дамдинням Аж үйлдвэр, эрдэс баялгийн, Б.Дэлгэрсайхан Зам, тээврийн, ХҮН намын Т.Доржханд Шадар сайдаар тус тус үлдэх магадлал өндөр байна. Мөн Үндэсний эвсэл Засгийн газарт хамтрах нь тодорхой болжээ. Н.Номтойбаяр Тэргүүн шадар бөгөөд Эдийн засгийн хөгжлийн, Г.Тэмүүлэн Сангийн, Д.Идэрбат ХХААХҮ-ийн, Ц.Сандаг-Очир Барилга, орон сууцжуулалтын, Ж.Энхбаяр Батлан хамгаалахын, Д.Үүрийнтуяа Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад яригдаж буй. Г.Занданшатарын Засгийн газарт зэрэг нэмэхийн өмнө болсон Л.Энх-Амгалан, Б.Найдалаа хоёр ч Н.Учралын танхимд ярьж байсан албан тушаалаа бататгах нь.
Ерөнхий сайд асан Г.Занданшатарыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болгох, эсэх тухай тохиролцоо эцэслэгдээгүй байна. УИХ-ын дарга болох мөрөөдөл нь бүтэхгүй бол С.Бямбацогт энэ албан тушаалдаа үлдэх сонирхолтой байгаа болов уу. Мөн ХЗДХ-ийн сайдад Д.Цогтбаатар, Л.Мөнхбаатар нар горилж буй юм. Эрүүл мэндийн сайдаар Ж.Чинбүрэнг улираах, эсвэл Т.Мөнхсайханыг буцаан авчрах хувилбар бий. Харин ИЗНН-д өгсөн нэг квотыг Н.Учрал хадгалах, үгүй нь эргэлзээтэй. Ямартай ч Н.Учралын танхимд хуучин сайд нар 60, шинэ нь 40 хувийг эзлэх төлөвтэй байна.
С.Уул