ДБЭТ-ын хамт олон дэлхийн болон үндэсний сонгодог урлагийн сор болсон бүтээлүүдийг ирэх сард үзэгч олондоо цувралаар толилуулахаар бэлтгэж байна. Энэ удаагийн тоглолтууд нь нэрт уран бүтээлчдийн мэндэлсний ойтой давхцаж буйгаараа онцлогтой бөгөөд үзэгчдийг эрх чөлөөний төлөөх тэмцэл, хайр дурлалын нандин хэлхээ, сайн муугийн мөнхийн зөрчилдөөн дундуур хөтлөх аж. Ингээд тус театрын тайзнаа ирэх сард толилуулах онцлох уран бүтээлүүдийн мэдээллийг хүргэе. “ДОН КИХОТ”-ЫГ ДАХИН АМИЛУУЛНА Л.Минкусын “Дон Кихот” балетыг ирэх сарын 18-19-нд ДБЭТ-ын тайзнаа дахин амилуулна. Тэрбээр уг бүтээлээрээ Испани үндэстний хэв шинж, халуун уур амьсгал, өвөрмөц мэдрэмжийг хөгжмийн хэлээр гайхамшигтай илэрхийлж чадсан юм.
Балетмейстер М.Петипа М.Сервантесийн зохиолоос сэдэвлэн балет тавих төсөл боловсруулж, хөгжмийн зохиолч Л.Минкуст захиалан хөгжмийг нь бичүүлсэн нь ийнхүү дэлхийн балетын урлагийн сод бүтээлүүдийн нэг болон үлджээ. Манай улсын тайзнаа уг балетыг анх 1971 оны гуравдугаар сарын 1-нд тоглож байсан түүхтэй. Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт энэхүү балетын балетмейстерээр Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Б.Жамъяндагва ажиллаж, Монголын балетын урлагийн санд томоохон хувь нэмэр оруулсан билээ. Өдгөө “Дон Кихот” балет нь дэлхийн сонгодог балетын оргил бүтээлүүдийн нэгд зүй ёсоор тооцогдож байна.
“ҮҮЛЭН ЗАЯА”-ТАЙ
Монголын орчин цагийн хөгжмийн урлагийн сод төлөөлөгч, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн мэндэлсний 75 насны ойд зориулан түүний шилдэг бүтээлүүдийн нэг “Үүлэн заяа” дуурийг ирэх сарын 11-12-нд олны хүртээл болгоно. Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт эл дуурьд хөгжмийн зохиолч сайн муу, сайхан муухай, хар цагааны тэмцлийг симфони найрал хөгжмийн аргаар гайхамшигтай илэрхийлсэн байдаг. Тэрбээр эл бүтээлээрээ Монголын дуурийн урлагийн уламжлалт хэв маягт шинэчлэл хийсэн бөгөөд уран сайхны болоод түүхэн ач холбогдолтой сод бүтээл юм.
“СПАРТАК”-ИЙГ ИРЭХ САРЫН 4-5-НД ОЛНЫ ХҮРТЭЭЛ БОЛГОНО
А.Хачатуряны “Спартак” балетыг дэлхийн тайзнаа тоглосны 70 жилийн ой энэ онд тохиож буй. Түүхт ойг тохиолдуулан ДБЭТ-ын хамт олон уг балетыг ирэх сарын 4-5-нд толилуулахаар болжээ.
А.Хачатурян уг балетын цомнолыг Рафаэлло Жованьолигийн “Спартак” түүхэн зохиолоос сэдэвлэн Н.Волковтой хамтран бичиж, хөгжмийг нь 1954 онд туурвижээ. Улмаар балетмейстер Л.Якобсон 1956 оны арванхоёрдугаар сарын 27-нд Кировын театрт (одоогийн Мариинский театр) анхлан толилуулж байв. А.Хачатурян эл бүтээлээрээ 1956 онд Төрийн шагнал хүртсэн түүхтэй. Хожим 1968 онд алдарт балетмейстер Юрий Григорович Москвагийн их театрын тайзнаа шинээр найруулснаар ХХ зууны шилдэг балетын жагсаалтад зүй ёсоор багтсан юм.
“Спартак” нь бүжигчдээс мэргэжлийн өндөр ур чадвараас гадна жүжиглэлтийн нарийн “драматизм”-ыг шаарддаг драм, бүжиг, хөгжмийн цогц бүтээл гэдгээрээ онцлогтой. Амьдралын баяр баясгалан, хайр дурлал, эрх чөлөөний төлөөх тэмцэл, хагацлыг хөгжмийн хурц, өнгөлөг, яруу тодоор илэрхийлдэг тул дэлхийн хөгжмийн урлагийн сод бүтээлд тооцогддог билээ.
У.ЦЭЦЭГ