УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Туулын хурдны замын бүтээн байгуулалтын талаар Хотын дарга Х.Нямбаатар тэргүүтэй нийслэлийн удирдлагууд ирж мэдээлэл өгөхөөс гадна гишүүдийн асуултад хариулm өглөө. Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар туулын хурдны талаар дараах тайлбар мэдээллийг өглөө. Тэрбээр, " Олонх болж санал авч чадаагүй нам улс төрийн хүчнүүд улс төрийн шүүмжлэл өрнүүлж, эсэргүүцэх нь ардчилсан нийгэмд байх зүй ёсны үзэгдэл. Харин хүчээр НИТХ-ын гаргасан шийдвэрийг зогсоох, тасалдуулах үйлдлийн эсрэг миний бие жагсах, цуглах, үгээ хэлэх нь миний эрхийн асуудал юм. Хан-Уул дүүргээс зөвшөөрлөө аваад би жагссан. Хэрэв өөрийгөө судлаач гэх нэрийдлээр цахим орчинд нийгэм мэдээлэл түгээж, төсөл хөтөлбөрийг зогсоох, гацаах үзэгдэл гаргах нь хууль ёсонд нийцэхгүй.
Энэ автозам ашиглалтад орсноор Улаанбаатар замын ачаалал ирэх жилийн намар гэхэд 35 хувиар буурна. Маргааш нийслэл дээр тойрог нэгдүгээр хурдны замын тендер нээгдэнэ. Энэ амжилттай болвол энэ хоёр зам 2027, 2028 онд ашиглалтад орсноор нийлж нэг тойрог зам болох юм. Ингээд нийлсний дараа Улаанбаатарын автозамын түгжрэл 50 хувь буурна.
Туулын хурдны зам дээр өр тавьж барих гэж байна гэж сошиалд яриад байсан. Энэ зардал нь нийслэл өөрөө замын сангийн хураамж, нийслэлийн татвар төлөгчдийн хураамжийг төсөвт төвлөрүүлснийгээ төсвөөр хуваарилаад хийгдэж байгаа ажил. Энэ замын төсөвт өртөг 13 жилийн хугацаанд өсчихлөө гэж байна. 2013 онд энэ замын төсөвт өртөг 468 сая ам.доллар буюу нэг эгнээ дөрвөн гүүрэн байгууламжтай байсан бол өнөөдөр 6 эгнээ болж 9.9 км урттай болсноор 680 сая ам.доллар болж өөрчлөгдсөн" гэв.