Ойрх Дорнод, Ормузын хоолой орчимд байдал намжихгүй байсаар нэг сарын нүүр үзэв. Америкийн Зэвсэгт хүчний USS Tripoli хөлөг 3.5 мянган усан болон тэнгисийн явган цэргийн хамт тэнд хүрч очоод байна. Агаарын десантын 82 дугаар дивиз, нисдэг тэрэгний шөнийн десантын 106 дугаар анги, тусгай ажиллагааны 75 дугаар анги, “Дельта” болон “Далайн хав” бүлэг, босогчдыг удирдан зохион байгуулах, сургах ангиуд мөн энд цуглараад буй юм. Энэ нь Ираны нефтийн 90 хувийг гаргаж авдаг Хаарк арлыг эзлэхээр бэлдэж буй хэрэг гэж Өрнөдийн хэвлэлүүд мэдээлж байна. Ийм хүчнийг ийш илгээхийг Пентагоны тэргүүн Пит Хегсет тушаажээ. Тэнгисийн хөлгүүд цэргээс гадна тээврийн хэрэгсэл болон сөнөөгч онгоц, дайрах, довтлох зэвсэг хэрэгсэл тээвэрлэж очсон байна.
Ойрх Дорнод руу дахин 10 мянган цэрэг илгээх хувилбарыг Пентагон боловсруулж байгаа гэх мэдээлэл ч байна. The WSJ хэвлэлийн сэтгүүлч Алекс Уорд АНУ ойрын үед Иранд десантын ажиллагаа явуулж болзошгүй гэж бичжээ. Хаарк арал нь Хятад руу 90 хувийг нь гаргадаг Ираны нефтийн экспортын гол төв болдог юм байна. Ормузын хоолойг хаах Ираны ажиллагааг зогсоохын тулд тус арлыг эзэлж авахыг Дональд Трампын засаг захиргаа ихээхэн санаархаж байгаа юм. Ер нь Америк, Израилын Иранд явуулж буй ажиллагаанаас дэлхий дахинд гэж хэлж болохоор учирч буй төвөгтэй асуудал нь нефть, шатахуун, байгалийн хийн хомсдол болоод байгаа. Энэ үймээнээс гадна Орост Украин бас эл салбарт чамлахааргүй аюул учруулж байна. Балтийн тэнгис дэх Оросын нефтийн хоёр ч боомтод Украин халдаж ихээхэн хохирол уч руулснаар энэ салбарын үйлдвэрлэлийн 40 хувь ажиллагаагүй болоод байгаа юм. Азид бензин, шатахууны үнэ нэг баррель нь 115 ам.долларт хүрчээ.
АНУ хуурай замын хүчээ Иран руу татаж буй нь Вашингтоны хувьд “Хоёр дахь Вьетнам” болохын цондон гэж Ираны Гадаад хэргийн дэд сайд Саид Хатибзаде анхааруулав. Түүнээс гадна энэ үйлдэл нь олон улсын эрхийн хэм хэмжээнд харшилсан болгоомжгүй, хууль бус, бодож тунгаагаагүй явдал гэж Иран үзэж байна. Исламын БНУ-ын газар нутаг дээр хуурай замын ажиллагаа эхлүүлбэл Баб-эль-Мандебийн хоолойг Иран бас хааж болзошгүй аж. Хаарк арлыг эзлэхийг оролдсон тохиолдолд АНУ яалт ч үгүй сүүлийн нэг сард учраагүй томоохон эсэргүүцэлтэй тулгарна гэж Ираны “Tansim” агентлаг сэрэмжлүүлэв.
Америкийн армийн чөлөөнд байгаа дэд хурандаа Дэниел Дэвис хуурай замын цэргийн ажиллагаа өдөөх нь АНУ-ын хувьд амиа хорлосонтой адил хэмээн мэдэгдсэн байна. Түүний үзэж буйгаар АНУ-ын хуурай замын цэргийн тоо ийм ажиллагаа явуулах хэмжээнд хүрээгүй байгаа гэнэ. Персийн булангийн Хаарк арал дээр Америкийн цэргийг буулгаснаар АНУ сүйрэлд орно гэж тус улсын Алан хядах ажиллагааны эсрэг үндэсний төвийн захирал асан Жо Кент хэлсэн байх юм. Бангладешийн Дакка дахь олон улсын их сургуулийн профессор Грег Саймонс болохоор “Хаарк арлыг эзэлж авах оролдлого нь өс санасан иранчуудын санаанд нь багтамгүй бэлэг болно” гэж үзэж байна. Түүний бодлоор Трамп ийм алхам хийхээр шийдвэл түүний бүрэн эрхийн хугацааны төгсгөл ирж, Америкийн эзэнт улсын армид хүнд цохилт болох аж. Трампын энэ удаад гаргаж буй алдааг уг шинжээч түүний залуу насны буруу шийдэлтэй, тухайлбал Вьетнамд цэргийн алба хаахаас зайлсхийснээс цэргийн стратегийн талаар ойлголт олж аваагүйтэй нь холбон тайлбарлажээ. Өрнөдийн хэвлэлд бичиж байгаагаар Трамп Ирантай хэл хамаа ололцож чадахгүй бол ялалтаа зарлах, үүнд нь хэн ч итгэхгүй, эсвэл дайныг шатлан өргөжүүлэх арга зам хайх сонголт үлдээд буй юм байна. Трампын хувьд түүнд бий болоод байгаа нөхцөл байдалд энэ албыг хашиж байсан, холбоотнуудын цэргийг 1944 онд Нормандад буулгах ажлыг удирдсан Дуайт Эйзенхауэрийн хэлсэн “Төлөвлөгөө хэрэггүй, ердөө төлөвлөлт байхад л болоо” гэсэн үг тохирох янзтай. Төлөвлөнө гэдэг маань дайныг хэрхэн эхлүүлж, хэрхэн дуусгах, дараа нь яахыг багтаадгийг Трамп болон түүний хүрээлэл анзааралгүй орхиж.
Ираны дэглэм ийм бат бөх гэдгийг Трамп урьдчилан харж чадсангүй. Тэрбээр Венесуэлийн Ерөнхийлөгчийг гэргийтэй нь хамт олзолсон шиг ажиллагаа л давтагдана гэж тооцоолсон бололтой. Венесуэл, Иран хоёрын ялгаа их аж. Тегераны дэглэм урьдын хэвээр оршин тогтсоор, хариу цохилт өгсөөр, Ираны дэглэмийг унагах зорилготой Нетаньяхуг өмнөх хүмүүс нь яагаад дэмждэггүй байсныг Трамп одоо л ухаарч байх шиг.
Одоогийн дэглэмээ эсэргүүцэгч иранчууд ч дотооддоо бослого хөдөлгөөн дэгдээсэнгүй, Ираны өнөөгийн дэглэм тууштай, хатуу, сайн зохион байгуулалттай аж. 1979 оны хувьсгалаар шахын засаглалыг унагаж, Ирактай хийсэн найман жилийн дайнд хатаагдаж энэ тогтолцоо бий болжээ. Бас шашны хатуу, тууштай итгэл үнэмшилтэй. Тиймээс дээд удирдагчаа алдсан ч түүнийг дэглэм нь цаазын ял мэтээр хүлээж авсангүй. Ормузын хоолой хэмээх Персийн булан руу орох нарийхан “хаалга”-ыг дайснаа тогтоон барих, түүнд аюул учруулах газар зүйн хүчин зүйл болгож ашиглаж чадаж байна. Холбоотнууд нь устгагдлаа ч газар зүй өөрчлөгдөхгүй нь ойлгомжтой.
Баб-эл-Мандебийн хоолой гэдэг нь Улаан тэнгист байх дэлхийн худалдаанд Ормузынх шиг үүрэг гүйцэтгэдэггүй нарийхан гарц юм байна. Гэхдээ л хуситууд түүнийг хаачихвал Суэцийн сувгаар Ази, Европ руу усан замаар нэвтэрч чадахаа байна. Нетаньяху улс төрийн шатаар өгсөж эхлэхдээ л энэ дайнд нягт бодож, төлөвлөсөн гэлтэй. Үүгээрээ тэр Трампаас ялгаатай. Тэрбээр Ираныг Израилын хамгийн аюултай дайсан гэж үзсээр ирж. Тэрбээр сая Америкийн цэргийнхэн болон Трампад талархал илэрхийлэхдээ “Энэ эвсэл алан хядах дэглэмийг бут цохих гэсэн 40 жилийн мөрөөдлөө хэрэгжүүлэх боломж надад олголоо. Би чухам үүнийг амласан, түүнийгээ одоо хийж байна” гэжээ. Тэгэхдээ Ираны цэргийн хүчин чадлыг бидний нэг үе устгаж чадахгүй, эсвэл АНУ-тай хамтарвал зорьсондоо хүрч болох юм гэж израилчууд үзсээр иржээ. Гэвч тус хоёр улс нягт харилцаатай, АНУ-ын цэрэг, дипломатын дэмжлэгээс Израил хамаарсаар ирсэн ч Ираны эсрэг дайнд хамтрах боломж олдохгүй байсаар, Ирантай дайтах нь АНУ-ын эрх ашигт нийцнэ гэдэгт Ерөнхийлөгчийг нь итгүүлж чадахгүй явсаар өнөөг хүрсэн байна.
Ираны эрчим хүчний дэд бүцийг устгахаар заналхийлснээ Трамп хоёр дахин хойшлуулаад байна. Америк, Иран хоёр дайн зогсоох асуудлаар хэлэлцээр хийж буй гэж үүнийхээ шалтгааныг Трамп тайлбарласан ч Ираны тал үүнийг үгүйсгэсэн. Тэд хэлэлцээр хийж эс чадвал Трампад боломж, хувилбар тун бага болно. Энэ дайнаар тэрбээр өөрийн хүч чадлын хэмжээ хязгаарыг мэдрэв. Ираны хувьд тогтоон барьж, тэсэж тэвчиж байгаа нь ялалт болж байна. Тэгтэл Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Левитт “Ираны эрх баригчид ялагдаж байгаагаа ойлгохгүй байвал Ерөнхийлөгч Трамп тэдэнд урьд нь үзээгүй цохилт өгч чадна” гэж мэдэгдсэн байх юм. Гэтэл Ираны дэд ерөнхийлөгч Мохаммад Реза Ареф “Трамп цэргээ Хаарк арал руу илгээх шийдвэр гаргавал тэднийг буцаах шийдвэрийг тэд биш, Ираны тал гаргах болно” гэсэн үгээр хариу барьжээ. Дайн сунжрах тусам бүс нутаг хийгээд дэлхий дахинд учруулах үр дагавар ноцтой байх нь мэдээж.
Р.Жаргалан