Дэлхийн хамгийн том хомсдол нь эрчим хүч, хоол хүнс биш, харин цэвэр ус байх болно гэж эрдэмтэд таамаглаж байна. “Дэлхийн хүн амын 40 гаруй хувь нь усны хомсдолд аль хэдийн өртөөд буй. Гэхдээ энэ бол мөсөн уулын зөвхөн орой юм. Нэг хүнд ногдох цэвэр усны хангамж одоогоор жилд дунджаар 750 шоо метр байгаа бол 2050 он гэхэд энэ тоо 450 болж буурна. Дэлхийн улс орнуудын 80 хувь нь усны хомсдолын босгоос доогуур түвшний ангилалд багтах болно. “Шингэн алдалт” нь Африкт, ялангуяа цөл, хагас цөлийн бүс нутагт онцгой хүнд тусна. Эдгээр нутгаас хүмүүс дайжин, нүүдэллэх таагүй ирээдүй холгүй байгааг санах хэрэгтэй” хэмээн 2002-2024 онд хуримтлуулсан хиймэл дагуулын өгөгдлийг судалж буй Америкийн эрдэмтэд мэдээлжээ. Дэлхийн хуурай бүс нутгууд хурдацтай тэлж буйг тэд тогтоосон бөгөөд энэ нь асар хурдтай буюу жилд 800 000 гаруй ам километрээр хэмжигдэж байгааг санууллаа. Энэ нь Британи, Францын нутаг дэвсгэртэй тэнцэх хэмжээ юм. Мэдээж гол буруутан нь уур амьсгалын өөрчлөлт. Температурын өсөлт нь усыг ууршуулснаар хүмүүс гүний усыг илүүтэй олборлоход хүргэж байгаа нь цэнгэг усыг хуурай газраас далай руу шилжүүлэхэд хүргэж байна. Ингэснээр “тивийн хуурайшилт” гэгдэх үзэгдлийг бий болгодог. Эрдэмтэд усны алдагдалтай бүс нутгийг тодорхойлсон. Үүнд Америкийн баруун өмнөд болон хойд, Канад, Аляск, Орос, Ойрх Дорнод, Африкийн хойд хэсэг, Еврази хүртэлх бүс багтжээ. Үүнээс гадна мөсөн голууд хайлж байгаатай холбоотойгоор тивүүдээс далай руу асар их хэмжээний ус алдагдаж байна. Тэгвэл энэ долоо хоногийн эхээр цацагдсан тайлан мэдээлэлд дурдсанаар дэлхийн хүн амын өсөлт уур амьсгал болон нөөцийн эрсдэлийг эрчимтэй нэмэгдүүлж байна. Эл өсөлт гаргийн урт хугацаанд тэсвэрлэх түвшнийг хэдийн давсан гэдгийг Австрали улсын Флиндерсийн их сургуулийн судлаачид тайлбарлажээ. Уг судалгаа нь усны хомсдолын бас нэгэн шалтгаан нь хүн амын өсөлт гэдгийг харуулсан байна. “Сөрөг хүн ам зүйн үе шат”-д нэг хүнд ногдох хэрэглээнээс илүү нийт хүн амын тоо нь хүрээлэн буй орчны үзүүлэлтүүдэд, тухайлбал ялгаруулалт, температурын өсөлт, усны хомсдол зэрэгт илүү нөлөөлдөг болохыг тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ, эрдэмтэд бууруулах боломжийн цонх бий гээд, хүн амын тоог тогтворжуулах, хэрэглээг бууруулах, байгалийн экосистемийг хадгалахын чухлыг дурдав.