Гуравдугаар ээлжид хоолонд орохыг хэн хүнгүй л хүсэж байгаа аж. Улс төрчдийн ухаан санаа тийш хандаад, үндсэн ажилдаа анхаарах “завтай” хүн цөөн байна. Төрийн ордонд энд тэнд нэгнийхээ өрөөнд хуралдсан, амьсгаа дээгүүр улс төрчид илт олшров. Ерөнхий сайд Н.Учралыг мягмар гарагт танхимынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулна гэсэн хүлээлт байсан юм. Гэвч нэгдсэн чуулганы хуралдааны үеэр тэрбээр “Надад одоо нэг ч сайд алга, ганцаараа ажиллаж байна” хэмээснээс үзвэл тохиролцоо эцэслэгдээгүйг ойлгож болно. Мөн шинэ Ерөнхий сайд томилогдсоноор өмнөх Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцордог Үндсэн хуулийн заалттай. Гэхдээ нэг зүйл тодорхой нь Н.Учрал танхимаа бусад намтай хамтран байгуулна. МАН-аас энэ тухай саналаа ХҮН намынханд уржигдар орой хүргүүлсэн билээ. ИЗНН-ынхан ч битүүхэн урилга хүлээж, ганц квотоо хоорондоо булаацалдаж байна. Хэдийгээр албан ёсоор санал хүлээж аваагүй байгаа ч Үндэсний эвсэл хамтрахаар тохиролцсон аж. Тэгвэл АН дотор ч сайдын суудлыг зүүдлэгчид байна. Тус намын зарим гишүүн О.Цогтгэрэлийг УИХ дахь бүлгийн даргаас нь огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ.
МАН
МАН-ынхан хоёр асуудлаар маргаанаа тасалж чадахгүй байгаа учраас шинэ Засгийн газар байгуулах ажил гацсан аж. Юуны түрүүн өмнөх танхимаас зарим сайдыг Засгийн газартаа улираана гэдгээ Ерөнхий сайд хэлсэн. Бүх сайдыг шинээр томилох, ажилд нь дадуулах цаг хугацаа байхгүйг ч тэрбээр онцолж буй юм. Хэн хэн улирч үлдэх вэ гэдэгт тэд шийдэлд хү рээгүй байна. Н.Учралын танхимын 60 хувь нь хуучин сайд байна гэсэн таамаглал гараад буй. Х.Ганхуяг, Ч.Ундрам, Э.Батшугар, Б.Дэлгэрсайхан нарыг улираах мэдээлэл бий. Үүн дээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон бас бус хү мүүс нэмэгдэнэ. Мөн “Салбартаа амжилттай ажиллаж чадаагүй сайд нарыг улираах ёсгүй” гэсэн эсэргүүцэл ч гараад байна. Тэгэхээр нөгөө талд Гадаад харилцааны сайдын квотыг булаацалдаж буй хэсэг бий гэсэн үг. Б.Батцэцэг сайд муу ажилласан учраас л Монгол Улсын иргэд АНУ-ын виз мэдүүлэхийн тулд 15 мянган ам.долларын баталгаа гаргадаг боллоо гэсэн буруутгал хамгийн их гарч буй. Гэвч үүнийг шууд сайдтай нь холбохоос илүү тэнд “харлаж” үлддэг монгол иргэдийн хариуцлага, хувь хүний ёс зүйтэй хамаатай байж болох юм. Ямартай ч түүнийг Засгийн газарт улираах, үгүй талаар маргаан гарч, “саад” учруулж буй сурагтай. Тэрбээр Гадаад харилцааны сайдаар 2021 оноос эхлэн ажиллаж байгаа.
Түүнчлэн УИХ-ын дараагийн даргыг эхэлж тодруулаад цааш явъя гэж буй юм билээ. Гэтэл зарим улс төрч парламентын спикер, сайдын албан тушаалд зэрэг горилоод байна. Л.ОюунЭрдэнэ, Д.Амарбаясгалан нарын бүлэглэлд сайдын хоёр квот өгөхөөр тохирчээ. Үүнээс гадна тэд УИХ-ын даргын суудлыг авах хүсэлтэй, С.Амарсайханыг уг албан тушаалд зүтгүүлж буйг бид мэдээлсэн. Харин Төрийн тэргүүн “өөрийн” 38 буюу олонхын хэсгээсээ УИХ-ын даргыг тодруулах чиглэл өгсөн гэнэ. Үүнд нь С.Бямбацогт, Ж.Энхбаяр, Б.Жавхлан тэргүүтэн багтсан. Тэгэхээр эхлээд нэгийг нь “сонгож”, УИХ-ын даргад нэр дэвшүүлсний дараа танхим дахь хуваарилалтаа хийх шаардлага Н.Учралд үүсээд байна. Энэ тухай асуудлыг эхэлж шийднэ гэдгээ ч Ерөнхий сайд өчигдөр хэлсэн юм. МАН доторх 1980-аад оны бүлэглэл, Ерөнхийлөгчийн тал хоёрын хэн нь ялахаас дараагийн ажил хамаарах нь.
ИЗНН
Г.Занданшатар Засгийн газраа байгуулахдаа парламентад дөрвөн суудалтай ИЗНН-ыг танхимдаа урьж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын албан тушаалыг санал болгосон. Одоо Н.Учрал тэднийг танхимдаа урих, эсэх нь шийдэгдээгүй байна. Хэдий тийм ч гэсэн Ерөнхийлөгчийн сонгуулиас үүдэн дөрвөн тийшээ харсан ИЗНН-ын гишүүд ганц квотоо булаацалдаж эхлэв. Энэ намыг дотор нь талцуулах үүргээ биелүүлсэн гишүүн Р.Батболдод МАН-ынхан сайдын санал тавина гэсэн таамгийн араас М.Нарантуяа-Нара ихэд бухимдан барьцав. Тэрбээр “Үүндээ тулбал би лав ичихгүй. Байгаль экологид ээлтэй ажлыг арваад жил хийсэн хүн. Тэгээд ч энэ яахаараа миний урд ордог юм. МАН-тай сүлбэлдсэн гэдэг нь л давуу тал болдоггүй юм бол” гэжээ. Дур эзнээ, дунд чөмөг сүүжээ голохгүй гэдэг. Энэ эмэгтэйд угаас ичих булчирхай байдаггүйг олон нийт сүүлийн хоёр жилд хангалттай харсан. Тиймээс УИХ-ын дарга ч хийж чадна хэмээн санаанд нь багтсанаа хэлсэн байна лээ. Харин намын дарга Б.Батбаатар нь сайдын суудлаа хадгалаад үлдчих хүсэлтэй яваа нь мэдээж. Тэрбээр “МАН-аас одоогоор Засгийн газарт хамтран ажиллах санал ирүүлээгүй байна” хэмээх даруухан тайлбар өгчээ.
ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ
Тус эвслийн тэргүүн Н.Номтойбаярыг сэтгүүлчид Төрийн ордонд өдөрт хэдэн удаа ээрч, сайд болох гэж байгаа, үгүйг нь асуусаар залхааж орхижээ. Нөгөөх нь сүүлдээ “Санал ирээгүй учраас байр суурь хэлэх боломжгүй. Бичиг нь ирвэл хэлье тэгэх үү” хэмээн гуйсан юм. Урилгаа албан ёсоор өгөөгүй ч хөшигний ард талууд хэдийн тохиролцсон, Н.Номтойбаяр эвслээ төлөөлөн Засгийн газарт ажиллах нь тодорхой болжээ. Ингэхдээ Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд хийнэ гэж буй. Г.Занданшатар тэднийг танхимдаа урихад тэрбээр санал болгосон албан тушаалыг нь “голоод” ороогүй. Тэгэхээр энэ удаад хүссэн Тэргүүн шадар сайдынхаа албан тушаалаар тохиролцож чадсан бололтой юм.
ХҮН НАМ
Тэд албан ёсоор урилгаа хүлээгээд авчихсан, маадгар сууж байгаа. Г.Занданшатарын Засгийн газар огцроход ч Т.Доржханд малийтал инээсээр явсан. Огт гуниглаагүй. Тэгэхээр тэр хэдийн дараагийн танхимд үлдэх тохиролцоогоо хий чихсэн байсан гэсэн үг. Ийнхүү тэрбээр гурав дахь танхимд Шадар сайдаа үргэлжлүүлэх нь. Мөн ярьж байсан ч ажил хэрэг болоогүй наймаагаа гүйцээж, Б.Найдалаагаа Эрчим хүчний сайд болгоно. Угаас энэ хоёр хүн ХҮН намд “эзэн суусан” тул бусад гишүүнд нь “хүрд эргүүлэх” боломж гарахгүй биз ээ.
АН
Н.Учрал Засгийн газартаа АН-ыг багтаахгүй гэдгээ Бага хурлынхаа үеэр хэлсэн юм билээ. ГэхдээАН-тайхамтрах, эсэх тухайсэтгүүлчдийн асуултад тэрбээр “Удирдах зөвлөлдөө эхлээд танилцуулна” гэсэн хариу өгсөн. Ямартай ч сөрөг хүчнээс сайд болох хүсэлтэй гишүүн цөөнгүй байна. Тиймээс тэд “АН сөрөг хүчнээ хийнэ, хөөгдөж гарчхаад ахиж Засгийн газарт орно гэж байхгүй” гэсэн байр сууриа хатуу баримталж буй намын дарга О.Цогтгэрэлийнхээ өмнөөс “бослого” гаргахаар болжээ. Өчигдөр өглөө энэ саналыг АН-ын бүлгийн 14 гишүүн дэмжиж, гарын үсгээ зурсан гэсэн мэдээлэл тарав. УИХын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга Ч.Лодойсамбуу энэ талаар цахим хуудсандаа “Бүлэг нь амь ороод, хүчтэй болмогц айлын дохиураар даргаа огцруулна гээд бичиг бариад гүйж буй манай бүлгийн “зартай наймаачид” жирийн гишүүд, дэмжигчдийн итгэл, намаа биш юм гэхэд улс орноо бодож ганц удаа арчаатай байгаарай” хэмээн сануулан бичжээ. Мөн тэрбээр сэтгүүлчдэд “Г.Занданшатарыг огцруулсан Үндсэн хуулийн зөрчилтэй хуралдааны үед манай намын хэн гэдэг гишүүд бүлгийн шийдвэрээ дагаагүйг тоолоход л “наймаачид” ил болно. Н.Учрал манай намд урилга ирүүлэхгүй, өгсөн ч бид авахгүй. Гол нь манай хэсэг гишүүн эрх баригчдыг хамгаална гэдгээ л үүгээр харуулж байна” гэсэн юм.
Нэг намын дарга УИХ-ыг удирдах ёсгүй гэсэн улс төрийн акцынх нь ашиг сонирхол энд гарч буй бололтой. Өөрөөр хэлбэл, тус намын зарим гишүүн дараагийн Засгийн газарт “хоолонд орох” сонирхол, тохиролцоогоор дээрх улс төрийн ажиллагаанд нэгдсэн байх нь. Айлын дохиур гэдэг нь эрх баригч намыг хэлж буй нь тодорхой. Мөн сайд болох хүсэлтэй гишүүд нь Н.Учралын Засгийн газарт 4-8 квот хүсэж байгаа гэх. “Н.Учрал танхимаа илүү тогтвортой байлгая гэвэл АН-тай хамтрах нь зөв” гэсэн мессежийг ч санаандгүй тараагаагүй биз. Гарын үсгээ зурж, “хоолонд орох” сонирхлоо илэрхийлсэн хэмээн нэр дурдагдсан гишүүдийн нэг Ө.Шижир “Тийм гарын үсэг цуглуулж буй, эсэхийг мэдэхгүй байна. АН Засгийн газарт хамтрахгүй. Хөөгдөж гарчхаад дахин орно гэж байхгүй. Гэрээгээ огт зөрчөөгүй байхад хөөж гаргасан увайгүй намтай дахин хамтрахгүй. 2028 онд бидэнд ирэх ялалтыг үүнээс болж алдахгүй. Мөн 2024 оны долоодугаар сард бүлэг анх хуралдахад дарга, дэд даргаа жил жилээр ээлжилдэг байя гэсэн саналыг би бичгээр гаргаад дэмжээгүй юм. Эл байр сууриндаа хэвээр байгаа” гэв. Ж.Баярмаа гишүүн ч мөн адил бүлгийн даргыг өөрчлөх тухай яриа гарсныг хүлээн зөвшөөрнө лээ. Гэхдээ гол нь тэд бүлгийн даргаа солих саналыг яагаад Засгийн газрыг бүрдүүлэх үеийнхтэй давхцуулсан нь анхаарал татна. Тиймээс л дээрх хардлага гарсан биз ээ. Уг нь сонгогчид тус намыг хүчтэй сөрөг хүчин бай гэж саналаа өгсөн. Тэд нэг удаа алдсан, тэгээд түүнийгээ зассан. Одоо бүрэн эрхээ дуустал уг байр сууриндаа үнэнч байх нь 2028 оны сонгуулиар дахин сэхэхэд нь хэрэгтэй баймаар. Гэтэл АНын 42 гишүүн эрх мэдлийн сургаар ийнхүү дотроо хуваагдав.
Ийнхүү эрх мэдэл, албан тушаалын төлөөх марафон Төрийн ордонд өрнөж байна. МАНынхан дотроо хэрхэн учраа олохоос дараагийн нүүдэл хамаарах нь.