Урчуудын эвлэлийн гишүүн, “Шинэ өглөө” нэгдлийн тэргүүн, “Мөнгөн мод-2025” наадмын дүрслэх урлагийн шилдэг бүтээлийн эзэн, зураач Н.Ринчин-Очиртой ярилцлаа. Тэрбээр монгол зургийн уламжлалт сэтгэлгээг орчин үеийн дүрслэлийн хэлтэй хослуулсан “Тэнгэрийн хэл” хэмээх бие даасан ээлжит үзэсгэлэнгээ Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дэлгээд буй юм.
-Соёл, урлагийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Мөнгөн мод-2025” наадмын дүрслэх урлагийн төрөлд шилдэг уран бүтээлчээр шалгарсанд тань баяр хүргэе. Энэхүү наадамд анх удаа оролцсон уу?
-Тус наадамд “Сарны дор тэнгэрийн хаяанд” үзэсгэлэнгээрээ оролцож, шилдгээр шалгарсандаа маш их баяртай байна. Уг бүтээлийг анх “Улаанбаатар” биеннальд зориулж зурсан юм. Дараа нь БНСУ-д гаргасан “Далд өлсгөлөн” бие даасан үзэсгэлэндээ дэлгэж, улмаар Бээжингийн олон улсын биеннальд материалаа илгээн шалгарснаар “Мөнгөн мод” наадмын болзол хангасан. Шагнал гардуулах ёслолын өмнөх өдөр над руу залгаад “Та эхний гурван байрт багтсан байна” гэхэд маш их догдолсон. Хэнтэй өр сөлдөж байгаагаа мэдээгүй ч дотроо бол догдлол дүүрэн, бас хүлээлттэй байлаа. Шилдгийг зарлах мөчид үнэхээр сайхан санагдаж, бахархах сэтгэл төрсөн. Уран бүтээлч хүний хувьд хийж бүтээсэн зүйлийнхээ эцсийн үр дүнг үзэж, хөдөлмөрөө үнэлүүлэх хамгийн сайхан шүү дээ.
-Та “Тэнгэрийн хэл” бие даасан үзэсгэлэнгээ энэ сарын 2-нд олны хүртээл болголоо. Нэрнээсээ эхлээд ихэд сонирхолтой санагдсан. Эл үзэсгэлэнгийн гол онцлог нь юу бол?
-Монгол зургийн уламжлалт арга барил, хэлбэрийг орчин үеийн дүрслэлийн хэллэгт хөрвүүлж, хүн ба байгалийн салшгүй холбоог өгүүлснээрээ онцлогтой. Тэнгэр бол хүн төрөлхтний дотоод ухамсар, оршихуйн гүнээс урган гардаг чимээгүй орон зай юм. Хүн бүрийн дотор өөрийн гэсэн тэнгэр оршдог бөгөөд түүнтэйгээ үг хэлнээс ангид мэдрэмж, зөн совингоороо холбогддог. Бас “Тэнгэрийн хэл бол зүрхний хэл” гэж тодорхойлсон нь ч бий. Тэнд зөвхөн мэдрэмж л үнэн байдаг учраас үзэгчдийг өөрийн дотоод ертөнц рүүгээ өнгийж, амар амгаланг эрэн хайгаасай гэж хүссэн. Миний хувьд үзэсгэлэнгээ үндсэн гурван агуулгын хүрээнд толилуулжбайна. Нэгдүгээрт, хөдөлгөөн ба орон зайг чухалчилсан. Морьдыг салхи, үүл мэтээр дүрсэлсэн нь үзэсгэлэнгийн хөдөлгөөний эрчим, динамик хэмнэлийг илэрхийлж байгаа юм. Хоёрдугаарт, үл үзэгдэх оршихуй буюу илүү дотогшоо чиглэсэн, сүнслэг ертөнцийн тухай өгүүлнэ. Энд байгалийн шороон будаг ашиглан, нүдэнд үл үзэгдэх боловч зөвхөн мэдрэмжээр хүрч болох тэрхүү нууцыг нээхийг зорилоо. Гуравдугаарт, домог ба түү хэн хэлхээг харуулсан. Уламжлалт монгол зургийн элементүүдийг орчин үеийн хэлбэрт шилжүүлж, хүн, амьтан, байгалийн нэгдэл болон ахуйн гүн ухааныг домгийн хэлээр хүүрнэсэн бүтээлүүд энд багтаж байна. Өнөөдрийн хэт хурдтай, технологижсон ертөнцөд бид өөрсдийн соёлын үндэс, дотоод үнэт зүйлс рүүгээ эргэн харах шаардлагатай болжээ. Монголчуудын хувьд энэ нь эртний уламжлал, байгальтай харилцах ухаан, тэнгэрээ дээдлэх үзэлтэй салшгүй холбоотой. Энэхүү уламжлалт сэтгэлгээ нь бидний ирээдүйд авч явах ёстой хамгийн том өв бөгөөд үүнийг урлагаар дамжуулан шинээр амилуулах нь миний бүтээлүүдийн гол цөм юм. Түүнчлэн энэхүү эрэл хайгуул нь зөвхөн хэлбэр төдий бус, монгол зургийн амин чанарыг орчин үеийн дүрслэх урлагийн хэлтэй хэрхэн уялдуулах вэ гэдэг асуултад хариулт эрж буй хэрэг.
-“Үг хүрэхгүй орон зайд тэнгэрийн хэл эхэлдэг” хэмээх бүтээлийг тань асуулгүй өнгөрч болохгүй байх. Энэхүү бүтээлээрээ дамжуулан юуг илэрхийлэхийг зорьсон бэ?
-Уг бүтээл бол өөрөө бие даасан нэгэн бүхэл ертөнц гэсэн санааг агуулж байгаа юм. Үүнийг үзэж буй үзэгч ч бас өөрийн гэсэн өвөрмөц ертөнц шүү дээ. Өөрөөр хэлбэл, уран бүтээл болон үзэгч хэмээх хоёр өөр ертөнц хоорондоо үгээр бус, зөвхөнмэдрэмжийн хэлээр холбогдох юм.
-Тэгвэл “Атга шороо” хэмээх бүтээлээ тайлбарлаж болох уу?
-Үүний үндсэн агуулга нь атга шорооны үнэ цэн юм. Өнөөдрийн бидний амьдарч буй энэ орон зай, тусгаар тогтнолыг авч үлдэхийн тулд өвөг дээдэс маань үеийн үед халуун амь, бүлээн цусаа зориулж ирсэн түүхтэй. Тэд бидэнд зөвхөн газар нутаг төдийгүй, аугаа их түүх, ёс заншил, өв соёлыг бүрэн бүтнээр нь өвлүүлэн үлдээсэн. Тэгэхээр атгахан шороонд нь хүртэл өвөг дээдсийн минь үнэт зүйл, Монголын соёл, уламжлал шингэсэн гэсэн үг. Тиймээс хойч үеийнхэн маань атга шороогоо ч эх орон шигээ нандигнан хайрлаж, хамгаалаасай, эх орныхоо төлөө ганц зүйл ч болов хийгээсэй гэсэн санааг энэхүү бүтээлээрээ дамжуулан хүргэхийг зорилоо. -Ер нь монгол зургийн бусдаас ялгарах онцлогийг та юу гэж тодорхойлох вэ? -Монгол зургийн хамгийн том онцлог бол орон зай юм. Манайхан монгол зургийг шувуу нисэж буй мэт дээрээс хардаг гэж тайлбарлах нь бий. Гэтэл энэ нь шувууны хараа гэхээсээ илүүтэй оюун санааны орон зай юм. Үүний хамгийн тод жишээ бол Марзан Шаравын “Монголын нэг өдөр” бүтээл шүү дээ. Уг бүтээлд Монгол орны газар зүйн онцлогийг бүхэлд нь хураангуйлан харуулсан байдаг. Хойд хэсгийн хөвч тайга, өмнөд хэсгийн говь цөл, Сэлэнгэ орчмын тариалангийн бүс нутгийг нэг дороос харж болно. Угаас Улаанбаатар дээгүүр нисэж буй шувуу зөвхөн тухайн хотыг л харахаас биш, Монгол орныг бүхэлд нь харж чадахгүй. Онгоцоор ниссэн ч бидэнд тодорхой хязгаарлагдмал хэсэг л харагдана шүү дээ. Харин монгол зурагт тэрхүү хэдэн зуун км-ийн алслалыг оюун санааны орон зайгаараа нэгтгэн багтаадагт л гайхамшиг нь оршдог. Өөрөөр хэлбэл, уран зураг бол тухайн хязгаарлагдмал орон зай, нэг цэгийн алслалыг л харуулдаг. Тэгвэл монгол хавтгай орон зайд асар уудам алслал, тал нутгийг тэр чигт нь багтаан харуулж чаддагаараа гайхамшигтай.
-Багаасаа сийлбэрч болох мөрөөдөлтэй байсан хүүхэд гэнэт яагаад монгол зургийн анги руу “хазайх” болов?
-Би Архангай аймгийн Жаргалант сумын хүүхэд. Дунд сургуульд байхдаа л сийлбэрч болохыг мөрөөддөг байлаа. Бүр дөрөвдүгээр ангиасаа төмрийн хөрөөгөөр сийлбэрийн хутга хийж, жаахан томроод морин хуур урладаг болсон юм. Ингээд 2005 онд Дүрслэх урлагийн дээд сургуульд элсэхээр ирэхэд Ц.Нармандах багш маань надад зөвлөгөө өгсөн. Тэрбээр “Чи сийлбэрээр энэ хэмжээнд бүтээл урлаж чадаж байгаа юм чинь эхлээд зураад сурчих” гэсэн юм. Бас “Монгол зургийн дүрслэл, формыг зураад сурчихвал сийлбэр хийхэд асуудалгүй. Цаашид хөгжих бүрэн боломжтой” гэж зөвлөсөн. Тэгээд л монгол зургийн ангид элссэн. Харин одоо тодорхой хэмжээнд зураад сурчихсан учраас эргээд сийлбэр хийж эхэлсэн.
-“Шинэ өглөө” нэгдлийнхээ талаар мэдээлэл өгөхгүй юү. Нийт хэдэн уран бүтээлчтэй вэ?
-Бид “Шинэ өглөө” нэгдлийг 2017 онд байгуулсан, одоо 20 гаруй уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Анх М.Чинбат багш маань нэгэн томоохон захиалгат ажилд намайг залуучуудаа ахлаад ор гэснээр бид 10-уулаа хамтарч эхэлсэн юм. Тэр үед манай эхнэрт бие даасан үзэсгэлэн гаргах хүсэлт ирсэн ч хугацаа нь маш давчуу, ердөө нэг сарын дараа гэхэд нээлтээ хийх ёстой байв. Ганцаараа амжихгүй учраас хамт байгаа уран бүтээлчидтэйгээ нэгдэн үзэсгэлэн гаргахаар шамдаж, ердөө нэг сарын дотор 70 гаруй бүтээлтэй үзэсгэлэн дэлгэж чадсан. Тэгээд л хэдүүлээ уран бүтээлийн нэгдэл байгуулъя гэж шийдсэн. Хамтдаа байх нь илүү үр дүнтэй юм билээ. Харин “Шинэ өглөө” гэх нэрийн утга учир оюутан ахуй цагийн дурсамжтай холбоотой. Багш маань ангид натюрморт тавьж, бид түүнийг нь сар гаруй хугацаанд зурдаг байлаа. Хөдөлгөж болохгүй учраас тоос дараад өнгө нь хувирч бүрсийнэ. Тэгтэл багш “Та нар үүнийг өдөр бүр шинэ нүдээр харж, анх удаа зурж буй мэт сэтгэл хөдлөлөөр ханд” гэж сургадаг байсан. Үүнээс санаа авч, уран бүтээлч хүн бүхнийг шинээр харж, нийгэмдээ шинэ үеийн дуу хоолой нь болъё гээд “Шинэ өглөө” хэмээн нэрлэсэн.
-Таны гэр бүлийн хүн монументал уран бүтээлч шүү дээ. Нэг гэр бүлийн хоёр уран бүтээлч байхын давуу болон бэрхшээлтэй тал нь юу вэ?
-Уран бүтээлч бидэнд ажилгүй өдөр гэж байхгүй, бас яг тогтсон ажилтай цаг ч гэж үгүй. Бүхий л цаг хугацаанд бүтээлийнхээ тухай бодож, тархи үргэлж “асаалттай” байдаг. Бусад хүмүүс шиг гэртээ амарч, зурагт үзээд хэвтэх нь бидний хувьд ховор үзэгдэл. Алхаж явахад, эсвэл зүгээр л амарч байхад гэнэт шинэ санаа орж ирвэл тэр дороо л тэмдэглэж авдаг. Гэр бүлээрээ уран бүтээлч байхын нэг хэцүү зүйл нь тогтмол орлогогүй байх юм. Санхүүгийн иймэрхүү жижиг асуудлыг эс тооцвол давуу тал нь дэндүү олон. Бид үргэлж хамт байж, нэгнийгээ мэргэжлийн үүднээс бүрэн ойлгодог. Хэрэв би өөр салбарын хүнтэй гэрлэсэн бол намайг төдийлөн ойлгохгүй, уран бүтээлдээ бүх цаг заваа зориулахад хэцүү. Сүүлийн нэг сарын хугацаанд л гэхэд би үзэсгэлэндээ бэлдээд бараг урландаа амьдарсан. Энэ хугацаанд эхнэр хоол цай зөөхөөс эхлээд мэргэжлийн зөвлөгөө өгч, үргэлж дэргэд минь тулж түшиж байлаа. Ижил мэргэжилтэй байхын хамгийн том давуу тал нь энэ байх.
У.Цэцэг