АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар нийслэлээс хэрэгжүүлж буй “Туулын хурдны зам” төслийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт хотын дарга Х.Нямбаатар оролцоогүй бөгөөд түүний нэгдүгээр орлогч Т.Даваадалай уг төслийн талаар танилцуулсан юм. Тэрбээр “2013 оны наймдугаар сард Засгийн газраас Хурдны зам барих талбайн солбилцол батлах тухай тогтоол баталсан. 2025 онд Хот төлөвлөлт, судалгааны институтээс Туулын хурдны замын ТЭЗҮ, төсвийг шинэчлэн батлуулсан. Зургаадугаар сард байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайланг боловсруулан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулсан юм. Туулын хурдны замыг барьснаар Яармагийн гүүр орчимд 28-32, Яармагийн зам дагуу 10-12, Энхтайваны өргөн чөлөөнд 7-8 хувиар хөдөлгөөний ачаалал тус тус буурна” гэв.
З.БАТБАЯР: ХЭРЭГЖҮҮЛЭГЧ КОМПАНИ ЗУРАГ ТӨСЛӨӨ ИРҮҮЛЭЭГҮЙ ТУЛ ДҮГНЭЛТ ГАРГААГҮЙ
Үүний дараа Усны газрын дарга З.Батбаяр “Туул гол таван аймгийн 37 сум, нийслэлийн долоон дүүргийн нутагт дэвсгэрийг хамарч, 880 км үргэлжлэн урсдаг. Улаанбаатар хотын нутагт 115 км урт урсдаг. Усны тухай хуульд зааснаар аливаа усны барилга, байгууламжид Усны газраас мэргэжлийн дүгнэлт өгөх ёстой. “Туул хурдны зам төсөл”-д манай газраас дүгнэлт гаргаагүй байна. Төсөл хэрэгжүүлэгчээс хэд хэдэн удаагийн уулзалтаар дүгнэлт гаргуулах хүсэлт илгээсэн ч зураг төслийг ирүүлээгүй тул хүлээж аваагүй. Бид зөвхөн зураг төсөл, техникийн үзүүлэлтэд үндэслэн дүгнэлт гаргах ёстой.
Мөн усны мэргэжлийн судлаач дыг зураг төсөлд огт оролцуулаагүй. Туул гол дагуу 2-3 газар үерийн аюул учрах эрсдэлтэй байгаа. Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах тооцоолол гаргаагүй. Түүнчлэн төсөл хэрэгжүүлэгчийн үзүүлсэн зургаас харахад нийт гүүрийн 2574 тулгуураас 18ыг нь голдиролд, 2556-г нь голын татам хэсэгт байрлуулахаар байна. Татмын хэсгийн бүх тооцоог авч үзвэл 2556 цооног өрөмдөж, цемент суулгах нь. Гэтэл голын усны урсац, хөрсний усанд яаж нөлөөлөх тооцоолол нь дутуу байна. Үүнийг заавал гаргах ёстой. Урьдчилаад газрын гүний ус болон Туул голд нөлөөлөх нөлөөллийг гаргахын тулд ажлын зураг шаардлагатай” гэв.
О.АРИУНБИЛЭГ: ИРГЭДЭЭС ОГТ САНАЛ АВААГҮЙ НЬ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛ
“Хатан Туулаа аваръя” хөдөлгөөнийг төлөөлж, сэтгүүлч О.Ариунбилэг танилцуулга хийв. Тэрбээр “Бид гуравдугаар сарын 21-ний бямба гаргаас өнөөдрийг хүртэл жагсаж байна. Туул голын нөхцөл байдалтай танилцсан. 7000 гаруй иргэний гарын үсэг цуглуулж, 1000 орчим хүнийг нэгтгэж чадлаа. Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд, АТГ, БОУАӨЯнд албан шаардах бичиг гардуулсан. Хотын дарга Х.Нямбаатарт хариуцлага тооцохыг шаардаж, Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлсэн. Усны газрын дарга “Бидэнд дүгнэлт ирүүлээгүй, трассаа өөрчилсөн” гэсэн мэдээлэл өгсөн. Зөвхөн үүнээс харахад л энэ төслийг зогсоох ёстой. Гэтэл Туулын бургасыг хядсаар байна. Хоёр судлаачийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэнийг мэдэгдсэн. Иргэдээс огт санал аваагүй. Энэ нь зарим хуулийн заалтыг зөрчсөн үйлдэл юм” гэв.
Нийслэл болон “Хатан Туулаа аваръя” хөдөлгөөнөөс танилцуулга хийсний дараа АН-ын бүлгийн гишүүд, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөлөл асуулт асуув. Судлаач Ж.Мэндбаяр “Туулын хурдны замгүйгээр түгжрэлийг бууруулах олон шийдэл бий. 2003 оноос хойш би иргэдээс гаргасан гурван шийдлийг холбогдох албаны дарга нарт танилцуулсан. Тэд дэмжиж байна гэдэг ч албажуулж өгөөгүй. Туулын хурдны зам түгжрэлийг 30 хувиар бууруулах юм бол метро, трамвай, дүүжин тээвэр барих хэрэг байгаа юм уу” гэхэд Засаг даргын I орлогч Т.Даваадалай “Нийслэлд өдөрт 650 мянган машин хөдөлгөөнд оролцож байна. 2040 он хүртэл хүн амын өсөлтийг тооцож, олон төрөлт нийтийн тээврийг хөдөлгөөнд оролцуулахаар төлөвлөсөн” гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа байгаль орчны үнэлгээ, усны дүгнэлт гараагүй байхад 500 тэрбум төгрөг зарцуулчихсан нь төрийн албаны уялдаагүйг харуулж, иргэдийг доромжилсон хэрэг гэдгийг онцлов. Мөн нийслэл бүх өндөр дүнтэй төслийг лоббидож авч байгааг УИХ-ын гишүүн Ц.Баатархүү шүүмжлэв. Хот төлөвлөгч, архитектор Б.Батболд “Хоёр сая хүрэхгүй хүн амд зориулж, зургаан эгнээтэй, том замыг Туул голын эко системийг тасалж, дундуур нь тавих гэж байгаад харамсаж байна. Иргэндээ ээлтэй, эко системийг хадгалах бодлого гаргах, Япон, Солонгост төгссөн инженерүүдээ урьж хамтарч ажиллах хэрэгтэй” гэв.
Х.НЯМБААТАР: ТУУЛЫН ЗАМЫГ ЗОГСООСОН ХОРОМ БҮРЭЭР АЛДАНГИ ТООЦОЖ, ХАРИУЦЛАГА НЭХНЭ
Харин хотын дарга Х.Нямбаатар Туулын хурдны замын трасс дагуу өчигдөр ажиллав. Өмнөх өдөр нь илчлэгдсэн нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн групп чат дахь “зохиол”-ын дагуу тэнд “Туулын хурдны замтай болмоор байна” гэх уриа лоозон барьсан иргэд цуглажээ. Х.Нямбаатар “Туулын хурдны зам ирэх жилийн долоодугаар сард ашиглалтад орох ёстой. Үүнийг эсэргүүцэж байгаа нэр бүхий хүмүүсийн ажлын газар, гэрийн гадаа очиж, жагсаал хийнэ. Олигархиуд байшин барьж болдог, олон тү мэн зам барьж болдоггүй яасан хорвоо вэ. Нийслэлийн МАН-ын хороонд штаб байгуулъя. Г.Бум-Очир гишүүнийг эргүүлэн татах шаардлага хүргүүлнэ. Туул голыг бохирдлоос хамгаалах цэвэрлэх байгууламж нэмж барихаар ажиллаж байна. Бид Туул голоо аварна. Туулын замыг зогсоосон хором бүрээр алданги тооцож, хариуцлага нэхнэ. Би амархан бууж өгөхгүй” гэсэн юм.