Б.Чойжилсүрэн сайдад өгсөн хугацаат үүрэг, Засгийн газартайгаа “хамт дууссан”-ыг тохиолдуулан дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах хуваарь гаргажээ. Идэр есийн хүйтэн, оргил ачааллын үе өнгөрчихөөд байгаа ч үхэр тэрэгний хурдаар хөгжиж буй эрчим хүчний салбарыг үнэн аргагүй л гүйцэж. Удахгүй халуун усгүй ч болцгооно. Манай хотын дарга нар сүүлийн жилүүдэд зуны гурван сарын хоёрт нь халуун ус тасалж, иргэдээ өлчиржүүлэх гэх үү, өмхийрүүлэх гэх үү сургалтад хүчээр хамруулж буй. Намар, өвөлжин хорт утаанд утуулж эм, эмнэлэгт мөнгөө үрсэн биднийг нэгдсэн журмаар ийнхүү “чийрэгжүүлэх”-ийг хичээх нь бас буруу ч биш. Бүр нэмээд зун “тог” таслаад өгөх учраас ус халаах ч аргагүй болно. Ер нь “Гадаа халуун, ус хүйтэн тусмаа сайн” гэдэг эрүүл мэндлэг уриалгыг нийслэл, Засгийн газраас дэвшүүлжээ гээд ойлгочиход гэмгүй.
Засгийн газар гэснээс уржигдар манай 35 дахь Ерөнхий сайд сонгогдлоо. 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш 36 дахь жилдээ 35 дахь Ерөнхий сайдтайгаа бид “учрав”. Энэ жил ахиад нэг солио хийвэл 36:36 гэсэн үлдэгдэлгүй хуваалт үүснэ. Хоёр дахиа сольчихвол 36:37 гээд бутархай тоо гарах нигууртай. Тоо дурдахын учир нь экс Ерөнхий сайд Г.Занданшатарыг тоо уншдаг, толгой сийрэг хэмээн магтаад сүйд. Тэрбээр анх гарч ирэхдээ л “Агуу Монголоо дахин агуутгая” хэмээх алдарт үгээ хэлсэн бол эдийн засгийн бодлогоо “5D зорилтууд”, хөрөнгө оруулагчдад өгөх амлалтаа “Сэтгэл ханамжийн ABCD загвар”, төр, хувийн хэвшлийн түншлэлийг “PPD” гэж тоон дотроо үсэг цохиулж томьёолсон нь биширмээр. Даанч сайхан үг, гайхам томьёоллууд биелж амжсангүй, засаг солигдлоо. Засаг солигдсоны балгаар сайд, дэд сайд хэмээн нэрээ бичүүлсэн, төрийн сүлд, бэлгэдэл бүхий 20 000 ширхэг нэрийн хуудас тараагдаж амжаагүй, шүүгээнд нуугдаж үлдсэн байна. Гэхдээ “20 000 нэрийн хуудас чинь их ч биш л дээ, хоёр л том цүнхэнд багтчихсан” хэмээн тус цүнхийг барьж явсан хүн нь өөрөө хэлсэн билээ. Нэрийн хуудаснуудаа шатаах үйлчилгээнд өгч, иргэдийнхээ бизнесийг дэмжихийг ташрамд уриалъя. Цүнх баригч гэснээс сүүлийн үед микрофон, өсгөгч баригч болон дэмжигч, жагсагч гэсэн шинэ ажлын байрууд улам бүр олширлоо. Үүний нэг жишээг Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын уржигдар хийсэн акцаас харж болно. Тэрбээр “Туулын хурдны зам” төслөө хэрэгжүүлэх хэрэгтэйг тайлбарлаж, “иргэдтэйгээ нэгдлээ”. Шөнийн цагаар ТҮЦ, гарааш нураах, эвдрээгүй замыг хуулж, ахин шинээр “боржуурдах”, төв талбайд мега асар босгон, хоол хийлцэх зэргээр үргэлж иргэдээсээ зөрж, хатуурхаж, ханхалзаж явдаг тэрбээр гэнэт л хохирогч болж орхив. Түүний үгийг дамжуулах, хүч хавсрах үүргийг төрийн албаныхан болон тэтгэврийн хөгшчүүл хүлээсэн нь хоржоонтой. Нэлээд хүнд жинтэй байрын өсгөгч, техник, хэрэгслийг хөлсөө дуслуулан дамжлахын зэрэгцээ “Би таныг өмөөрч лайв хийсэн” хэмээн даргаасаа ялимгүй ард алхацгаана гэдэг нарийн мэдрэмж шаардсан, хэцүү ажил байж таарна. “Туулын хурдны зам” төслийг байгаль сүйтгэх, ундны усны эх үүсвэрийг бохирдуулах ажил хэмээн хүмүүс эсэргүүцэнгүүт мээр Х.Нямбаатар эргүүлж “Террористууд, олигархууд, баян хүмүүсийн байшинг хамгаалагчид, томоохон төсөл, хөтөлбөрийг гацаагчид” гэж буруутгав. Туул гол дагуу гүүр, зам барихыг эсэргүүцсэн энгийн иргэн би бээр ч гэнэт олигархи болж хормын дотор амьдрал дээшиллээ. Олигархи гэж төрийн эрх баригчид, эрх мэдэлтнүүд, бизнесийн бүлэглэл, чинээлэг цөөнхийг нэрлэдэг гэдгийг хэнд хэлэх вэ.
Төсөл, хөтөлбөр гэснээс Улаанбаатарын иргэдийн хөл удахгүй л газар хүрэхээ больж, түгжрэл гэдэг үг бидний ой санамжид л үлдэх нь. Тухайлбал, Улаанбаатарын нийтийн тээврийн салбар гэнэт л гэрлийн хурдаар хөгжин, дүүжин замтай, трамвайтай, метротой бас “Туулын хурдны зам”-тай болохоор дуншиж байна. Гол нь манайд цахилгааны хязгаарлалт гэж аюул бий. Уг нь эхлээд суурь хангамж буюу цахилгаан, шатахуун болон бусад түлшний асуудлаа шийдэж, эдийн засгийн тооцоо, судалгаа хийх учиртай. Бас аль цэгээс, аль цэгт тухайн тээврээр хүрэх, иргэдийн зорчих урсгал, байгууллага, зах, худалдааны төвүүдийн нягтаршил хаана гэдэгт хариулт өгөх ёстой. Гэхдээ тэр бидэнд хамаагүй, яаж ийгээд түгжрэлгүй амьдрах л чухал. Тэгвэл түгжрэл яг хаана, аль замынх нь буурах юм бэ гэсэн асуулт урган гарч ирнэ. Тэр бас л хамаагүй. Бидэнд мега төсөл хэрэгжүүлэх эх орончид бас төслүүдийг эсэргүүцэгч олигархиуд, дайснууд л бий. Асуудал үүнд л байгаа юм.