Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулж буй.
Энэ парламентад эрүүгийн хэргийн яллагдагч атлаа бүрэн эрх гэх халхавчин дор орсон цөөнгүй хүн байдгийн нэг нь Нанзадын Наранбаатар. Үндсэн хуульд шүүх гэм буруутайг нь тогтоох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй зарчимтай учраас сонгох, сонгогдох эрхээ эдэлж ямар нэгэн байдлаар хууль тогтоох дээд байгууллагад суух тохиолдол олонтоо гарах болсон билээ. Дуулиант нүүрсний гэх хэрэгт холбогдсон, 2020-2024 оны УИХ-д гишүүнээр сууж байхад нь бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал улсын ерөнхий прокурор оруулсныг уншигчид санаж буй нь лавтай. Гэвч “Ажнай” хэмээх Д.Бат-Эрдэнэ нь “Өмнөговьчууд УИХ-д төлөөлөлгүй болох нь” гэснийг МАН-ынхан овжноор ашиглан намынхаа гишүүн Н.Наранбаатарыг авч үлдсэн юм даг.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс эхлээд хэдхэн хоногийн өмнө УИХ-ын дарга болсон С.Бямбацогтоор дараалуулсан цэргийн сургуулийн төгсөгчид парламент, төр засгийн эрхэнд цөөнгүй байдаг. Н.Наранбаатарын хувьд ч ялгаагүй энэ сургуулийн “бүтээгдэхүүн”. Өмнөговь аймгийн төвийн 10 жилийн нэгдүгээр сургуулийг 1992 онд төгсөөд тухайн үеийн Цэргийн их сургууль (ЦИС)-д элсэн эдийн засгийн чиглэлээр суралцаж төгссөн хүн. 1996 онд төгсөөд ЦИСдаа багшаар үлдэн хоёр жилийг үдсэн аж. 1998 онд Төрийн өмчийн хороонд мэргэжилтнээр ажиллаж байгаад 2002 онд Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн даргаар томилогджээ. 2004-2009 онд тус аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажилласан нэгэн.
нт Улс буюу оффшор бүсэд бүртгэлтэй, “Pusheng energy holdings limited” гэх компанийн хөрөнгө оруулалттай “Билэгтговь” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар дөрвөн жил гаруйн хугацаанд ажилласны дараа Өмнөговь аймгийн Засаг дарга болсон юм. Засаг даргын сэнтийд сууж байхдаа албан тушаалаа ашиглан өөрийн удирдаж байсан гадаадын хөрөнгө оруулалттай компанидаа давуу байдал олгосон хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан билээ. Тодруулбал, нүүрсний гэх хэргийг шалгах явцдаа прокурор, хууль хяналтын байгууллагынхан Н.Наранбаатарыг “Билэгтговь” компани болон түүгээр дамжуулан өөр бусад аж ахуйн нэгжид Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгойн орд газраас нүүрс олборлоход нь давуу байдал бий болгосон үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн хэмээн мэдээлж байв. Мөн “Ковид-19” цар тахлын жилүүдэд эрх мэдлээ ашиглан удирдаж байсан аж ахуйн нэгжийнхээ нүүрс тээврийн автомашинуудыг дараалал зөрчүүлэн хил нэвтрүүлсэн гэх үйлдэлд ч холбогдсон. Улмаар 2024 оны хоёрдугаар сард түүнд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн Нийслэлийн прокурорын газарт хэргийг нь хүргүүлсэн ч өнөөг болтол сураг алдраад байв.
Хамгийн сүүлийн үед авсан мэдээллээр, 2024 онд УИХын гишүүнээр дахин сонгогдсон, өдгөө Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж буй Н.Наранбаатарт холбогдох хэргийг прокурорын байгууллага түдгэлзүүлсэн гэнэ. Нутгийнхных нь “Өмнөговьд МАН, АН гэж байдаггүй. Харин “жижиг” Тавантолгойг тойрсон эрх ашгийн халаас нэгтэй бүлэглэлүүд л бий. Бүгд тэндээсээ санхүүжиж, эрх ашиг нь нэгддэг” гэж байлаа. Тэгэхээр Н.Наранбаатарыг “жижиг” Тавантолгойн ордоос ашиг хүртэгч нэгэн гэхэд хэтийдсэн болохгүй нь.
Орон нутгийн Засаг дарга байхдаа 2018 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, дараа жил нь Хууль зүйн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан тухай мэдээлэл намтарт нь бий. Хууль тогтоох дээд байгууллагад хоёр дараалан сонгогдож ажиллахдаа төслийг нь боловсруулж, өргөн мэдүүлж батлуулсан хууль үнэхээр байхгүй юм уу, эсвэл бичиж бөглөөгүй юү, ямар ч мэдээлэл гарч ирсэнгүй. Н.Наранбаатар хөрөнгө, орлогын мэдүүлэгт өөрийн орлого нь буурсан, гэр бүлийнх нь орлого болон банкан дахь хадгаламж нь өссөн, хоёр орон сууц, мөн тооны авто зогсоол, нэг зуслантай, эзэмжих эрхтэй хоёр, өмчлөх эрхтэй дөрвөн газартай, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Сэрсэнговь” ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшдэгээ мэдүүлсэн байна.