
Хэрэглэсэн ус хэр олон шат дамжлага дамжаад, хаана хүрдгийг нарийвчлан мэдэхгүй. Цэвэрлэх байгууламжид очиж “ариусаад”, Туул голд нийлдэг гэдгийг тойм төдий ойлгоно. Ирж л байдаг, татахаар яваад л өгдөг, ямар нэгэн асуудал үүсээд, алга болчихгүй бол санаа тавиад байх эд төдийлөн биш мэт. Гэтэл ус ирэх, цаашлаад бохирдсоны дараа түүнийг цэвэрлэх үйл явц нарийн дэс дараа, ажиллагаатай гэнэ. Тэр бүхнийг хянаж, зохицуулж байдаг хүмүүсийн нэг нь Х.Чимгээ. Тэрбээр Ус сувгийн удирдах газрын (УСУГ)-ын Инженерийн бодлогын хэлтсийн бохир усны горим тооцооны инженер. “Чандмань эрдэнэ гэдэг усыг олзворлон ард иргэдэд түгээж, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулж, цэвэрлэх ажлыг манай байгууллагынхан гүйцэтгэж байна. Их буянтай ажил гэж боддог шүү” гэх Х.Чимгээ инженер салбартаа 27 дахь жилдээ ажиллаж буй аж. Тэрбээр мэргэжлээ эмчтэй зүйрлэсэн. Адилхан л хүнд амьдрал бэлэглэдэг болохоор тэр гэнэ.
Агаар, хөрсний бохирдлоо дийлэхээ больж, иргэдийг орон сууцжуулах зайлшгүй шаардлага тулгарч буй ч инженерийн дэд бүтцийн хүрэлцээ, хангамж бага, хуучирч муудсан нь элбэг. УСУГ-ыг 1959 онд байгуулсан. 1960 оноос цэвэр, бохир усны шугам тавьж эхэлсэн гэдэг. Тэр үеийн шугам сүлжээ өдий хүртэл “амьд” гэхээр ямар болсон нь тодорхой биз дээ. Хүнээр бол 60 хүрэх гэж явна. Гэсэн ч энэ асуудлыг үл харгалзан, юу ч болоогүй мэт усаа түгээсээр, бас авсаар байгаа хүмүүс бол усан хангамж, ариутгах татуургын инженерүүд. Тэд л хотын иргэдийг уух ундтай, бохироо гадагшлуулах эрх чөлөөтэй амьдруулж буй гэхэд хилсдэхгүй болов уу. Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа доголдож, Улаанбаатар дэлхийн хамгийн том жорлон болохдоо тулж байна гэж нэг хэсэг шуугисан даа. Арга барагдаж, хэцүүдсэн тэр үед нийслэлчүүдийг хэрэглээний усгүй болохоос аварсан хүмүүс нь усан хангамжийн инженерүүд л байсан. Тэдний нэг болох Х.Чимгээгийн “Нэг өдөр”-өөр аяллалаа.
08.30 цаг. УСУГ-ын Инженерийн бодлогын хэлтсийн өрөө. 24 цагаар ажиллаж, хотын хэмжээнд усан хангамжийн хэвийн ажиллагааг хянасан Диспетчерийн албаныхан өмнөх өдрийн нөхцөл байдлыг танилцууллаа. Тус газрынхан өглөө бүр мэдээллээ сонсчихоод ажлаа эхэлдэг. Ямар нэгэн асуудал гарсан бол цаашид (газар дээр нь шуурхай арга хэмжээ авчихсан учир) хэрхэн шийдвэрлэхийг, хөрөнгө мөнгийг нь яаж шийдэхийг хэлэлцэж ярилцдаг байна. Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн долоон эх үүсвэрийн гүний 218 худгаас хоногт дунджаар 145.000-160.000 шоо метр цэвэр ус олзворлон нийслэлийн 1.3 сая иргэн, үйлдвэр аж ахуйн газруудыг хангадаг. Тэр үйл явцыг байнга хянаж, алдаа дутагдал гаргах эрхгүй, хэрэглээний усыг тасалж болохгүй гэхээр амаргүй алба. Үүнээс гадна бохир усыг 170 км шугам хоолойгоор татан зайлуулж, цэвэрлээд байгальд нийлүүлдэг. Шугам сүлжээ бүрэн бүтэн байж, бохир алдагдуулахгүй байх нөхцөл бүрдүүлж, хянаж шалгаж, засаж сайжруулах үүрэгтэй, хотын “судас” баригчид гэсэн үг.
Өмнөх өдрийн нөхцөл байдлаар цэвэр усны долоон эх үүсвэрээс 139.056 шоо метр ус олзворлож, хэрэглэгчдэд түгээсэн бол Төв цэвэрлэх байгууламжид 151.407 шоо метр бохир ус иржээ. Бусдад (нийслэлийн хэмжээнд долоон цэвэрлэх байгууламж бий. Төв цэвэрлэхээс бусад нь бага оврынх) нь бага хэмжээний бохир ус ирж, технологийн дагуу цэвэрлээд байгальд нийлүүлсэн тухай Диспетчерийн албаныхан мэдээллээ. Гэнэтийн осол гэмтэл гараагүй, байгууламжууд хэвийн ажилласан тул инженерүүд өдрийн ажилдаа гарлаа. Бохир усны шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжийн горим тооцоог хийх, хэтийн төлөв гаргах нь манай гол баатрын үүрэг юм байна.
10.00 цаг. Х.Чимгээ инженер Хотын захиргааны намхан цагаан байшинд ирж, нэг давхар дахь бичиг хэрэгт нь албан бичиг өглөө. 2008-2009 онд Дунд голын араар бохир усны шугам тавьжээ. 24 дүгээр коллектор гэдэг нэртэй аж. Уг шугам ашиглалтын шаардлага хангахгүй байсан тул УСУГ (шинээр тавьсан шугам хоолой бүрийг тус газар хүлээн авч, цаашид ашиглалтыг нь хариуцдаг) хүлээж авахгүй байсаар өдий хүрсэн байна. Гэтэл нэгэнт тавьчихсан шугам учраас хэрэглэгчид тэндээс зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүйгээр өөр шугам холбож, салаалуулж өгчээ. Дайран дээр нь давс гэгчээр анхнаасаа муу шугам тавьснаас гадна олон талаас нь “чангаачихаар” ачаалал хэтэрч, бохир ус хөрс рүү нэвчиж, бөглөрөл үүссэн зэрэг олон асуудал тулгарч, 180 метрийг нь солихоос өөр аргагүй болсон гэнэ.