
5 дугаар сарын 31-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 151 дахь өдөр бөгөөд он дуустал 214 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +27 хэмийн дулаан бол шөнөдөө +9 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 25, есөн улаан мэнгэтэй харагчин үхэр өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал нүд бүрэлзэн улцайх гэнэ. Энэ өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 1996.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 30.80, юань 303.50, вон 1.69 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
-
11:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: Монголын Социал Демократ намаас УИХ-д нэр дэвшигчдээ танилцуулна.
-
МҮХАҮТанхимд5 Европын Холбооны болон Хятад улсын зах зээлд нэвтрэхэд тавигдах импортын шаардлагуудын тухай сургалтыг 9:00 - 16:00 цаг хүртэл 507 тоот хурлын зааланд зохион байгуулна.
-
Афганистанд явагдаж буй Умард Атлантын гэрээний байгууллагуудын тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх IV ээлжийн цэргийн бие бүрэлдэхүүний жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа 11.40 цагт Зэвсэгт хүчний жанжин штабын жагсаалын талбайд болно.
-
Хүнс, Хөдөө аж ахуйн яам, Монголын зөгийчдийн нийгэмлэгээс хамтран хэрэгжүүлж буй “Зөгийн бал” аяны нээлт 10:00 цагт ХХААЯамны байранд болно.
-
Чингисийн талбайд, Дэлхийн сүүний өдрийг Монгол улсад анх удаагаа "Эх орны сүү - эрүүл хүнс, амьдралын баталгаа" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Ёслолын ажиллагаа 11:00 цагт эхэлнэ.
-
“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт үеийн илрүүлэлт, оролцоо” төслийн эхний жилийн үйл ажиллагааны тайлангийн хурал 10:00-13:00 цагт Сэргээн засалтын үндэсний төвд болно.
-
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан ГХЯ, Чойжин ламын сүм музей хамтран 14.00 цагаас “Бүтээлч хүүхдүүд-2016” өдөрлөгийг Чойжин ламын сүм музей дээр зохион байгуулна.
-
БСШУЯ, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс хамтран “Соёлд суурилсан бүтээлч үйлдвэрлэлийн практик орчинг Монголд бий болгох нь” төслийн нээлтийн ажиллагаа 09:30 цагт НҮБ-ийн төв байрны хурлын зааланд болно.
-
Нийслэл хотынхоо нэр хүндийг алдаршуулж байгаа 27 сурагчыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит шагналаар шагнах ёслол Хангарди ордны 14 давхарт 14:00 цагт болно.
-
Монгол хүн сансарт ниссэний 35 жилийн ой, хүн анх сансарт ниссэний 55 жилийн ойн баярыг тохиолдуулан 13:00-15:00 цагийн хооронд Кемпинский зочид буудалд Унгарын элчин сайдын яам Ойд зориулсан хүлээн авалт зохион байгуулна. Мөн тус ойд зориулсан хэвлэлийн бага хурал болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр бол дэлхийн тамхигүй өдөр.
- 1961 онд Өмнөд Африкийн холбоо статусаа өөрчилж, Өмнөд Африкийн бүгд найрамдах улс болсон.
- 1985 онд АНУ-д хамгийн хүчтэй торнадо хуй салхи үүсч, жижиг том 41 торнадо үүсч, 76 хүний амийг авч оджээ.