Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв хэсгийн 8.4 га талбайд ботаникийн бичил цэцэрлэг байгуулахаар болсон. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, “Монголын байгаль орчны консорциум” төрийн бус байгууллага санаачилж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран уг төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Цэцэрлэг байгуулах нь ус, хөрс, агаарын бохирдлыг багасгаж, хөрс эвдэрч, цөлжихөөс сэргийлэх, ойн төрөл зүйлийг хамгаалах зэрэг ач холбогдолтойгоос гадна манай орны иргэд, ялангуяа хүүхэд, залууст ойн нөөц болон төрөл зүйлийг хамгаалах, тогтвортой ашиглах талаар мэдлэг олгох ач холбогдолтойг төсөл санаачлагчид онцолж байна. “Ази, Номхон далайн ойн тогтвортой менежмент ба нөхөн сэргээлтийн сүлжээ” олон улсын төрийн бус байгууллага 1.5 сая орчим ам.доллароор уг төслийг санхүүжүүлж буй аж.
Ази, Номхон далайн бүс нутгийн ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг нэмэгдүүлж, ойн экосистемийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицоход туслах зорилгоор 2008 онд тус байгууллага “мэндэлжээ”. Эл зорилгынхоо хүрээнд манай оронд ботаникийн бичил цэцэрлэг байгуулахад тусалж буй гэнэ. Төслийн хүрээнд 8.4 га газрыг тохижуулж, зам, талбай тавих аж. Гэрэлтүүлэг, усан сан, асар, хашлага, чулуун баримал, явган хүний болон дугуйн зам, авто зам, зогсоолыг олон улсын жишигт нийцэхүйцээр барихаас гадна ойжуулалт хийхээр төлөвлөж буй юм байна. Зам, барилгын ажлыг “Харцагат уул”, ойжуулалтыг “Амьд газар” компани гүйцэтгэж буй аж. Эхний ээлжийг ирэх сард болох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтаас өмнө дуусгаад, гадаадын зочид төлөөлөгчдийг урьж, цэцэрлэгтээ мод тариулахаар төлөвлөж байна. Дараагийн шатны ажлуудыг ирэх наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхээр бүрэн дуусгах юм.