
Их Монгол Улс байгуулагдсаны 810 жилийн ой, Хүннү гүрэн байгуулагдсаны 2225 жилийн ой, Ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааг өмнөх жилүүдийнхээс илүү өвөрмөц, шинэлэг хэв маягаар хийнэ гэж Монгол улсын төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарт Монгол түмэн итгэл дүүрэн найдаж суугаа биз ээ. Үүний зэрэгцээ иргэдийг маш том бухимдал хүлээж буй. Үндэсний баяр наадамдаа догдлон бэлдэж буй аав, ээж, өвөө, эмээгээ бодохоор нээлт, бөх, хаалтыг нь энэ насанд нь нэг бодитоор нь үзүүлчихмээр. Даанч үүний тулд бид цусгүй дайнд сайн дураараа орж ганц тасалбарын төлөө нэгийгээ үзэх хэрэг гардаг нь сэрдхиймээр. Халуун наранд өдөржин зогссон өндөр настнууд ухаан алдан унахад туслахыг хүссэн залуус дугаараа алдахгүй гэж дэмий л харж зогсдог.
Өнгөрсөн жилийн хувьд наадмын багц тасалбарын үнэ суудлын байршлаас хамааран 16000-24000 төгрөгийн хооронд байсан ч өнөө хэдэн шагчингууд нь 120.000-180.000 төгрөг болгон үнийг хөөрөгдүүлж байжээ. Халуун наранд хэдэн цагаар дугаарлаж зогссон ч билет авч чадаагүй хүмүүсийн дунд хөгшин аавыгаа бөх үзүүлэхийн тулд шагийн тасалбарыг 120.000 төгрөгөөр авч өгсөн хүн ч багагүй байсан юм
Хичнээн олон жил бухимдалтай баярлах вэ? Үүнийг шийдвэрлэх болоогүй юм уу? Өнөөдөр цахим сүлжээгүй газар гэж байхгүй болсон. Заавал айл бүр компьютертэй байж интернэт ашигладаг үе аль хэдийн ард хоцорсон. Бараг хүн болгон компьютер, интернэтээ “халааслаад” явдаг болсон цагт наадмын нээлт, хаалтын багц тасалбаруудыг цахимаар худалдаалдаг болгож өгөөч хэмээн олон түмэн хүсэж байна. Энэ удаа хэн ч Бөхийн өргөө, СТӨ-ний гадаа азаа үзмээргүй байгаа гэнэ.