
“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн хувьцаа худалдахтай холбоотой асуулт, хариултууд
Асуулт 1. Хэн хувьцаагаа худалдах боломжтой вэ?
Өмнө нь Хүний хөгжлийн сангаас 1 сая төгрөг аваагүй иргэд буюу ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бусад иргэний бүртгэлийн зөрчилгүй, хувьцааны эрх үүссэн иргэд хувьцаагаа банкинд хандан худалдах боломжтой.
Асуулт 2. Хувьцаа худалдах иргэд ямар нөхцлийг хангасан байх вэ?
“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн 322-оос доошгүй ширхэг хувьцаа эзэмшдэг байх.
Банкинд хүсэлт гаргасан өдрөө 18 нас хүрсэн байх.
Иргэний бүртгэлийн зөрчилгүй байх. (Овог, нэр, регистрийн дугаар зэрэг иргэний бүртгэлийн мэдээллийн зөрчилгүй)
Иргэний үнэмлэхийн хуулбар 3 хувь (Улсын Бүртгэлийн Газрын лавлагаа эсвэл ТҮЦ машины лавлагаа байж болно)
Тухайн банкинд данстай эсвэл данс нээлгэсэн байх.
Өөрийн биеэр ирэх.
Асуулт 3. Хувьцаагаа худалдахаар банкинд ирэхээсээ өмнө харилцагч юу хийх вэ?
Харилцагч та банкинд хүсэлт гаргахаар ирэхээсээ өмнө дараах зүйлсийг бэлтгэсэн байх нь таны цагийг хэмнэх болно. Үүнд:
Өөрт тань хувьцааны эрх байгаа эсэхийг шалгасан байх. /Таны нэр дээр хувьцаа байгаа эсэхийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн https://net.schcd.mn/registration/хаягаар шалгах боломжтой. Хэрэв танд хувьцаа худалдах эрх үүсээгүй бол харьяа аймаг, дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст хандан тодруулна./
Иргэний үнэмлэхийн хуулбарыг 3 хувь хэвлэсэн байх. /Улсын Бүртгэлийн Газрын лавлагаа эсвэл ТҮЦ машины лавлагаа байж болно./
Асуулт 4. Хувьцаа худалдах үйл ажиллагаа хэзээ хүртэл үргэлжлэх вэ? Яаравчлах хэрэгтэй юу?
Иргэдийн нэр дээрх “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн хувьцаа худалдан авах үйл ажиллагаа нь 2016 оны 6-р сарын 13-аас эхэлж байгаа бөгөөд хөтөлбөр дуусах хугацаа гэж байхгүй тул та өөрийн боломжит цагтаа банкинд хандан хүсэлтээ гаргаарай.
Асуулт 5. Иргэний бүртгэлийн зөрчилтэй иргэд хаана хандах вэ?
Хэрэв таны иргэний бүртгэл зөрчилтэй (овог, нэр, регистрийн дугаар зэрэг иргэний бүртгэлийн мэдээлэл зөрүүтэй) тохиолдолд та өөрийн харьяа Улсын бүртгэлийн газарт очиж мэдээллээ засуулсаны дараа банкинд хандан хүсэлтийн маягт бөглөөрэй.
Асуулт 6. Иргэд хувьцаа худалдсан мөнгөө хэзээ, хэрхэн авах вэ?
Хувьцаа худалдсан мөнгө нь хүсэлт гаргасан өдрөөс хойш долоо, долоо хоногийн давтамжтай 3 хуваагдан таны бүртгүүлсэн дансанд орох болно.
Асуулт 7. Хувьцаа худалдах эрх үүсээгүй, ямар нэг байдлаар хувьцааны мэдээлэл гарч ирэхгүй байх тохиолдолд харилцагч хаана хандах вэ?
Хэрэв танд хувьцаа худалдах эрх үүсээгүй бол харьяа аймаг, дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст хандан асуудлыг тодруулна.