
2014 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Зүүн Хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ" гэх санаачилга дэвшүүлсэн байдаг. Тус санаачилгын хүрээнд жил бүр “Улаанбаатарын яриа хэлэлцээ” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагддаг болсон. III дахь удаагийн бага хурал өнөөдөр эхэлнэ.
Уг хурлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэн, Монгол Улсын ГХЯ-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулах бөгөөд эрдэмтэн судлаач, салбарын мэргэжилтнүүд оролцон харилцан санал солилцдог уламжлалтай. Энэ талаар Стратегийн судалгааны хүрээлэнгийн Оршин тогтнохуйн аюулгүй байдал судлалын төвийн эрхлэгч Г.Базарвааниас тодрууллаа. Тэрбээр “Зүүн Хойд Ази бол эдийн засгийн үлэмж чадавхтайн дээр эрчим хүчний түүхий эдийн баялаг нөөцтэй бүс нутаг. Гэвч тус бүс нутагт итгэлцэл, аюулгүй байдлыг бэхжүүлэх, эдийн засаг, дэд бүтцийн хамтын ажиллагааг хөгжүүлэх механизм өнөө хэр бүрэлдээгүй байна. Тиймээс хурлаар Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, учирч буй сорилт, бүс нутагт харилцан ойлголцол, итгэлцэл бий болгох тодорхой алхам, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих, дэд бүтцийн хэлхээ холбоог хөгжүүлэх талаар хэлэлцэнэ. Хамгийн гол нь Бүс нутгийн аюулгүй байдлын тогтолцоонд өөрсийн хувь нэмрийг оруулах зорилготой юм. Энэ удаа ОХУ, БНХАУ, АНУ, Энэтхэг, Өмнөд Солонгос, БНАСАУ, Япон, ХБНГУ, БНФУ, Австрали, Монгол Улсаас гадна НҮБ болон Швейцарийн Улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөл нийт 150 төлөөлөгч бүс нутгийн хүрээлэн буй орчныг хамгаалах, гамшгийн менежментийн хамтын ажиллагааны талаар анх удаа туршлага солилцохоороо онцлог.
Гол нь Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын нөхцөл байдал, хэрхэн итгэлцэл бий болгох, хүрээлэн буй орчин, дэд бүтэц, эдийн засаг, хамтын ажиллагааны талаар эрдэмтэн, судлаачид хэлэлцэж, шийдвэр гаргагчдын түвшинд хүргэх юм” гэлээ.