
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хоёр жилийн өмнө Баянгол дүүргийн II хорооны 26-34 дүгээр байрыг шалгаад, газар хөдлөлтийг тэсвэрлэхгүй, хүн амьдрах боломжгүй, ашиглалтын шаардлага хангахгүй гэж дүгнэжээ. Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2014 оны долдугаар сарын 10-нд гаргасан энэхүү 01-01/05 дугаар дүгнэлтийг үндэслэн, нийслэлийн Засаг дарга энэ сарын 15-нд А/491 дүгээр захирамж гаргаж, 26-34 дүгээр байрыг дахин төлөвлөж, барилгажуулахыг Ерөнхий төлөвлөгөөний газарт даалгалаа. Нийтийн орон сууцны зориулалттай эдгээр есөн барилгад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хотын захирагч хориглов.