
Улиасны унгирал энд тэндгүй хөглөрч, иргэдийн бухимдлыг төрүүлэх боллоо. “Модны хөвөн нүд загатнуулж, ам хамар руу орчих гээд түвэгтэй юм. Харшил хөдөлчихлөө” гэх хүн олон. Мэргэжлийн хүмүүс үүнийг улиас үрээ тарааж буй ердийн үзэгдэл гэдэг ч иргэдийн бухимдал, дургүйг хүргэдэг энэ ургамалд хэрхэн анхаарч байгаа талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн Л.Баатарцогтоос тодрууллаа.
-Модны хөвөн “аялалдаа” гарчихаж. “Харшил хөдөлчихлөө” гэж гомдоллох хүн олон байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба унгирлыг багасгахад хэр анхаарч байна вэ. Ямар ажил хийв?
-Улаанбаатар хотод есөн мянга орчим эм улиас бий. Түүний зургаан мянга нь цагаан хөвөн буюу унгирал тараадаг болохыг судалгаагаар тогтоосон. Угтаа бол энэ нь байгалийн энгийн үзэгдэл. Энэ үйл явцыг хүн, амьтантай адилтгавал үр, төлөө гаргаж байна гэсэн үг. Гэтэл хүмүүс тэгж хүлээж авдаггүй, ад үздэг. Бид өмнө нь улиасанд гар хүрдэггүй байж байгаад 2013 оноос “Ази, Европын Мон- Экологи” төвийнхөнтэй хамтраад молцгийг нь түүх болсон.
Өнөө жил дөрвөн бригад гарган, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд буй эм улиасны молцгийг бүгдийг нь түүлгэсэн. Одоо гадуур хийсэж, хүмүүсийн дургүйг хүргээд буй унгирлууд бол албан байгууллагын хашаан дахь модных. Бид тэдгээр байгууллагад унгирал багасгахад анхаарч, тодорхой ажил хийхийг шаардсан албан бичиг хүргүүлсэн.
-Хэрхэн хүлээж авч байна вэ. Албан бичиг хүргүүлээд л орхичихвол дүлий хүнд үг хэлсэнтэй адил үр дүнгүй хэрэг юм биш үү?
-Бидний үгийг тоож, хүлээн авахгүй байна. Албан бичиг хүргүүлээд зогсохгүй судлаачдаар хичээл заалгуулж, зөвлөгөө өгдөг. Тэглээ гээд хэрэгжүүлэх нь ховор. Үнэхээр яахаа мэдэхгүй байна. Зарим албан байгууллага хашаандаа өчнөөн олон улиастай хэрнээ зүглүүлэх ч үгүй байна. Ялангуяа Элчин сайдын яамд. Тэдний хашаанд 50, 60 настай хөгшин улиас нэлээд бий.
-Молцог түүж, унгирал багасгахад жилд хэдэн төгрөг төсөвлөж, хэдэн хүн ажиллуулдаг вэ?
-Үүнд төсөвлөсөн мөнгө гэж байдаггүй шүү дээ. Бид зэрлэг ургамал устгахад төсөвлөсөн мөнгөнөөсөө илүүчилж, 20 залуугаар молцог түүлгэдэг. Хэрэв санхүүгийн асуудлыг шийдээд, хүн хүчээр хангачихвал албан байгууллагын хашаа руу хүчээр ч болов орж молцгийг нь түүлгэмээр байгаа юм. Иргэд үүнийг ойлгох хэрэгтэй. Яах ч аргагүй байдал үүсчихээд байна.
-Яах ч аргагүй гээд энэ асуудлыг орхиж болохгүй байх. Энэ айхтар “эд”-ээс зарим иргэдийн харшил сэдэрдэг гэдэг шүү дээ.
-Унгирал харшилдаггүй. Харшил үүсгэх бодисгүй гэдгийг эрдэмтэн судлаачид нотолчихсон. Хүмүүсийн сэтгэл санаатай л холбоотой. Харин өөр зүйлээс харшилтай хүнд өдөөлт болдог. Өөрөөр хэлбэл, модны хөвөн нүүрэнд хүрэхээр ирвэгнэж, өдөөдөг. Үүнийг нь хүмүүс харшилж байна гэж эндүүрээд байдаг. Гэхдээ бид үүнийг харшил үүсгэдэггүй гээд зүгээр суугаагүй.