
БНСУ-ын Чежүгийн Аялал жуулчлалын газар болон нийслэлийн Аялал жуулчлалын газрын хамтын ажиллагааны хүрээнд нийслэл хот орчмын амралт, аялал жуулчлалын 2 бүсэд явган аяллын зам тохижуулах төслийн гэрээ байгууллаа. “Олле трэйл” стандартаар тавигдах эдгээр аяллын зам нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл хамгийн багатайд тооцогддог бөгөөд одоогоор Япон, БНСУ-ын 21 чиглэлд 422 км зам ашиглагдаж байна.
Нийслэлд аялал жуулчлал хөгжүүлэх “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/254 дүгээр тушаалын дагуу эхний ээлжид Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Чингис уул орчмын 6 км зам, Богдхан уулын дархан цаазат газрын Төр хурахын амаас Хүрэлтогоот хүртэлх 14 км замыг хамгаалалтын захиргаадаас тогтоосон чиглэлийн дагуу тохижуулна. Энэхүү төслийн санхүүжилтийг Чежүгийн аялал жуулчлалын газраас гаргах ба 2017 оны 7 дугаар сард нээхээр төлөвлөөд байна.