
Уржигдар оройноос орсон бороо өчигдөр Улаанбаатар хотыг усанд автууллаа. Нийслэлийн төвийн замууд, гэр хорооллын зарим гудамж бүхэлдээ усанд автжээ. Нийслэлийн Онцгой байдлын газар болон дүүргүүдийн онцгой байдлын хэлтсүүд иргэдэд яаралтай тусламж үзүүлж, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулсан юм. Тухайлбал, Баянзүрх дүүргийн VIII, XII, XVII, XXI хороонд нөхцөл байдал хүндэрчээ. Энэ талаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн мэргэжилтэн Ж.Энхтүвшин “Бид дөнгөж сая (өчигдрийн 16.30 цаг) VIII хорооны усанд автсан айлуудад тусламж үзүүллээ.
Одоо XXI хороонд ажиллаж байна. Ерөнхийдөө ус зайлуулах хоолой хангалтгүй. Тиймээс иргэд өөрсдөө ус зайлуулах хоолойн сувгийг нээж байгаа. Мөн хороод дотоод зохион байгуулалтаараа жижиг хоолой хийж байна” гэсэн юм. Сүхбаатар дүүргийн XIII хорооны 10 орчим гудамж усанд автжээ. Хэчнээн өрх усанд автсаныг хэлэх боломжгүй гэдгийг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн мэргэжилтэн Б.Анхбаяр хэлэв. Ямартай ч тэд шуудуу татаж, тогтсон усыг нь Сэлбэ гол руу урсгахаар ажиллаж буйгаа хэлсэн. Сонгинохайрхан дүүргийн хувьд мөн ийм байдал үүссэн байна. Нийслэлийн Онцгой байдлын газар болон “Улаанбаатар” нэгтгэлийн ажилчид тус дүүрэгт ус соруулах ажил зохион байгуулсан аж.

Харин Чингэлтэй дүүргийн хувьд бусад дүүрэгтэй харьцуулбал борооны ус бага байжээ. Уг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Я.Жаргалсайхан “Бид эргүүл хийж, иргэдийн дуудлагын дагуу ажиллаж байна. Зарим хэсгийн авто замын ажил дуусаагүй, шороо овоолсон зэргээс шалтгаалж айлын хашаа руу ус орох нөхцөл бүрдсэн байна” гэлээ.
Хотод үүссэн нөхцөл байдлын талаар нийтийн үйлчилгээний “Улаанбаатар” нэгтгэлийн мэргэжилтэн Ч.Цэнхэрцэцэгээс тодрууллаа.
-Хот нэлэнхүйдээ борооны усанд автлаа. Нэгтгэл ямар арга хэмжээ авч байна вэ?
-Бид далан сувгуудаа шалгалаа. Зарим газрын далан бөглөрч, борооны ус айлын хашаа руу урсах нөхцөл бүрдсэн байсныг цэвэрлэлээ. Тухайлбал, Баянгол дүүргийн XII хороонд байрлах тунгаагуурын хоолой битүүрсэн байсныг цэвэрлэсэн.
-Хотын ус зайлуулах байгууламж хэр хүртээмжтэй вэ. Бороо их орохоор л хот усанд автах юм.
-Борооны усны ихэнхийг зайлуулж байгаа. Гэхдээ үерийн байгууламж барих шаардлагатай хэд хэдэн газар бий. Тухайлбал, Дарь-Эх, Улиастай орчимд үерийн ус урсаж, байнга айл руу ордог. Мөн хуучин 22-ын товчооны орчимд байдаг гаргуур үерийн усаа хангалттай гаргаж чадахгүй байна. Түүнчлэн жижиг хоолойнуудыг томтой нь холбох шаардлагатай. Тэгэхгүй бол айлууд усанд автсан хэвээр байна.
-Борооны усны ихэнхийг зайлуулж буй гэсэн ч хотын төв бүхэлдээ усанд автчихлаа шүү дээ. Энэ юунаас үүдэлтэй юм бэ?
-Борооны усны тодорхой хувь хөрсөнд нэвчих ёстой. Гэтэл хотын төвөөр барилга байгууламж олноор баригдлаа. Ус зайлуулах хоолойг тухайн хэсгийн хөрсөнд шингэхээр тооцоолж тавьдаг. Гэтэл тэр хөрсөн дээр нь барилга барьчихаар хоолой нь ачааллаа дийлэхгүй байна. Өөрөөр хэлбэл, хөрсөнд шингэх ёстой ус зам руу ороод байгаа юм. Тэгэхээр авто замын шугамыг нэмэгдүүлэх нь зүйтэй.