
MN мэдээллийн төвд Э.Бат-Үүлийн Чулуудай хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хурлаар сүүлийн үед өөрийг нь гүтгэн доромжилж буй хүмүүстэй хуулийн дагуу тэмцэхээ илэрхийллээ.
Тэрбээр хэлэхдээ “Өчигдөр оройноос эхлэн бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан намайг ямар ч ор үндэслэлгйүгээр гүтгэж байна. Би хууль хяналтын байгууллагад удаа дараа хандаж байсан, хандсаар ч байх болно. Гэхдээ энэ нь цаанаасаа асар их мөнгөний захиалгаар бичиж, ярьж байгаа нь олон нийтэд ил байгаа гэж бодож байна. Миний хамгийн их санаа зовж байгаа зүйл гэвэл аавын минь хийсэн энэ нийслэл хотын бүтээн байгуулалт, гэр хорооллын дахин төлөвлөлт болон “Сайн хашаа” хөтөлбөрийг зогсоох гэсэн оролдлого хийж байна. АН-ын нийслэлд хийсэн сайн бүхнийг зогсоох гэсэн бусармаг үйлдэл явж байна. Энэ бүхэнд сонгогчдыг төөрөгдүүлж, газрын хууль бус наймааны бүлэг хүмүүсийн хийж байгаа зориудын гүтгэлэг гэдгийг хэлэх нь зүйтэй. Би дахин хэлье.
Би Г.Ганбаяр гэдэг хүнийг луйвардаагүй, “Зуншин” гэх компанийг луйвардаж, ямар нэгэн хууль бус ажиллагаа явуулаагүй. Харин “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн үйл ажиллагаанд оролцсон минь үнэн. Гэхдээ түүнтэй холбоот 7 тэрбум төгрөгтэй холбоотой асуудал яригддаг. Энэ нь надтай огтхон ч холбоогүй. Төсөлд хамтран ажилласан консерциум түншлэлийн гэрээний дагуу 7 тэрбум төгрөгийн төлбөр орох ёстой тухайн байгууллагын дансанд орж, дэд бүтцүүд ч тавигдсан. Оффшор дансны тухайд “Стратежик майнинг” компани Британийн Виржинийн арлуудад данс үүсгээгүй болохыг мэдэгдсэн албан ёсны тайлбар бий.
Мөн түүнчлэн Г.Ганбаяр гэдэг хүн намайг өөрийг нь луйвардаж, 45 хоног шоронд хорьсон гэх мэдээллийг гаргасан байсан. Г.Ганбаяр гэдэг хүн бол өөрөө луйварчин хүн. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэгт орооцолдож байсан баримт нь ч байдаг. Би түүнийг бас хууль хяналтын байгууллагад өгч шалгуулна” гэлээ.
Түүний мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
"Иргэн Чулуудай миний бие 2013 онд нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмын дагуу БЗД-ийн 12-р хороонд болсон нээлттэй сонгон шалгаруулалтанд оролцсон билээ. Энэхүү нээлттэй сонгон шалгаруулалт нь БЗД-ийн 12-р хороо буюу Амгалан орчимд хийгдэх дахин төлөвлөлтөнд хамрагдсан иргэдийн оролцоотойгоор нээлттэй тэдний нүдэн дээр ил явагдаж хуулийн хүрээнд журмын хүрээнд ялсан байдаг. Түүнээс хойш Грандлайн компани болон миний бие тухайн иргэдтэй хамтран ажиллаж амласан амлалтаа биелүүлэхийн тулд энэ хугацаанд хичээж ажиллаж ирсэн. Гэтэл энэ хугацаанд олон давагдашгүй хүчин зүйл нөлөөлж ирлээ. Үүнд: Хамтран ажилласан консерциум компаниуд “Зуншин” “”Сайрам булган” компаниуд зорилгоосоо няцаж замын дундаас буцсан байдаг. Үүний дараа Грандлайн компани иргэдтэйгээ байгуулсан гэрээгээ дангаараа хариуцан хийхээр шийдвэр гарч сэтгэл шулуудан сэтгэл зүрхээ зориулан ажилласан. Энэ хугацаанд бид нийтдээ 6 сарын дотор нийтдээ 228 айл өрхөөс 215-тай нь буюу нийт айл өрхийн 95 хувьтай гэрээ байгуулсан. Ингээд бид ажлын графикийн дагуу тухайн газар дээр эхний ээлжинд 18 өрхийн газар дээр ажлаа эхлүүлсэн боловч тухайн газраас пестицит хэмээх хорт бодис илэрч барилгын ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Энэ хугацаанд бид бас дахин хөрөнгө оруулалт дээр хамтран ажиллах гадна дотны компаниудтай хэлэлцээр хийж БНТУ-ын "216 Яапиүрэти" ХХК-тай хамтран ажиллах гэрээг 2013 оны 12-р сард байгуулсан юм. Гэвч 2014 оны 5-р сар буюу дөнгөж гэрээ хэлэлцээрээ хийгээд хувьцаагаа шилжүүлж авсаны дараа "216 Яапиүрэти" компани хамтран ажиллах гэрээгээ ноцтойгоор зөрчиж эхэлсэн. Тухайлбал, бид гэрээний зүйл заалтан дээр хөрөнгө оруулагч хоёр тал бэлэн мөнгөөр энэхүү төсөлд хөрөнгө оруулна гэж тохиролцсон юм. Гэтэл Туркийн талаас бидэнд 216 Яапиүрэти компани шинэ хуучин нь үл мэдэгдэх өндөр үнэтэй бараа материалыг шахах гэж оролдсон нь Арбитрын шүүхийн хаалгыг татахад хүргэсэн. Энэхүү арбитрын шүүхийн маргаан нь өнөөдөр ч дуусгавар болоогүй байна. Энэ бол бас нэгэн давагдашгүй хүчин зүйл байсан юм. Үүний зэрэгцээ олон нийтийн хэвлэл мэдээллээр хотын захирагч Бат-Үүл хүүдээ газар өглөө, тендэр өглөө, гэр хорооллын дахин төлөвлөлт бүтэхгүй мөрөөдөлд үүнийг түүний хүү хэзээ ч хийж чадахгүй амбаар ч барьж үзээгүй гэх зэргээр миний болоод аавын минь нэр хүндэд халдаж эхэлсэн. Энэ нь сүүлдээ намайг залилан мэхэлсэн хууль бусаар газрыг дамалж наймаалж авсан, олон тэрбум төгрөгийг шамшигдуулж идсэн гэх зэргээр гүтгэн гүжирдэж өнөөдрийг хүртэл хууль ёсноос гажууд юм ярьж бүх ажилд маань саад тотгор учруулж уг төслөөс гарахад хүргэсэн. Цаашид энэ ажлыг үргэлжлүүлэх боломжгүйд хүргэлээ. Гэхдээ би хууль ёсны дагуу иргэдэд амласан амлалт гэрээгээ зөрчихгүй байхын төлөө олон компаниудтай дахин хэлэлцээр хийж дараагийн компанид шилжүүлсэн юм. Одоо энэхүү бүтээн байгуулалтын ажил маань хэвийн үргэлжилж байна. Анх гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг Монгол ардын намын эрхмүүд хэзээ ч бүтэхгүй мөрөөдөл гэж ярьж байсан. Гэвч тэр мөрөөдөл биелэж болдог гэдгийг манай төслөөс харж болно. Манай төсөлд хамрагдсан нэгэн иргэн 150 м кв орон сууцанд амьдарч байгаа. Үүнийг орон сууцны өнөөдрийн ханшаар м кв-ыг нь тооцон үзэхэд 225 сая төгрөгний үнэтэй бодит хөрөнгө болоод байга юм.
Эцэст нь Туркийн 216 Яапиаоүпи компанийг зуучилж надтай уулзуулж орчуулга хийж байсан иргэн Гөлгөөгийн Ганбаяр нь Монгол ардын болон тэдний гар хөл бологсдын захиалгаар иргэн миний биед мөн миний аавын нэр хүндэд ноцтойгоор халдаж өөрийг нь 45 хоног шоронд суулгаж хэлмэгдүүлсэн мэтээр захиалгат нэвтрүүлгийг өндөр үнэ төлж өчигдөр орой телевизүүдээр цацсан. Би Г.Ганбаярын талаар тодорхой хэлье. Иргэн Ганбаярын холбогдолтой 2014250006576 дугаартай тоот хавтаст хэрэг Эрүүгийн цагдаагийн газар байгаа болно. Энэ хүн шалгагдсан шалтгаан нь залилангийн хэрэг үйлдэж бусдад онц ноцтойгоор хохирол учруулсан явдал байсан юм" гэсэн байна.