
6 сарын 29-нд буюу энэ долоо хоногийн лхагва гаригт УИХ болон НИТХ-ын сонгууль болох гэж байна. Үүнтэй холбогдуулан Цагдаагийн Ерөнхий газраас мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү хэлэхдээ "УИХ болон НИТХ-ын сонгууль болох гэж байгаатай холбогдуулан сонгуулийн тухай хуульд зааснаар иргэдийн гомдол, хүсэлт хүлээн авах, шалгах, санал тоолох машиныг хамгаалалтад авах зэрэг ажлуудыг зохион байгуулж байна. Өөрөөр хэлбэл, ЦЕГ-ын даргын тушаалаар цагдаагийн ерөнхий газрын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин, нэмэгдэл эргүүлийн чиглэлд ажиллан, болзошгүй хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл цагдаагийн байгууллагад нийт 1051 гомдол мэдээлэл ирсэн. Үүнээс шүүхэд шилжүүлсэн 159, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан 36, зөрчил хэмээн тогтоогдоогүй 106, газар дээр нь шийдвэрлэсэн 11, одоо шалгагдаж буй 453 хэрэг бүртгэгдээд байгаа юм. Өнөөдрөөр сонгуулийн сурталчилгаа албан ёсоор дуусгавар болж байгаа. Маргаашнаас эхлэн цагдаагийн байгууллага хяналт тавьж ажиллана. Тиймээс сонгуульд өрсөлдөж буй нам, эсвэл, бие даагчид сонгуулийн тухай хууль тогтоомжийг биелүүлж ажиллахыг уриалж байна" гэлээ.