
Нийслэлийн Хан-Уул дүүргийн I хорооны нутаг буюу 120 мянгатын автобусны буудлын хойно байрлах 2.2 га талбайг засаж тохижуулан, цэцэрлэгт хүрээлэнг сэргээжээ. “Шинэ Хан-Уул” хэмээх уг цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт өчигдөр болов.
2011 онд энд “Алтай констракшн” ХХК барилга барихаар хашаа хатган, ногоон байгууламжийг нь сүйтгэж эхэлсэн түүхтэй. Тэндхийн оршин суугчид уг хууль бус үйл ажиллагааг эсэргүүцэн, шүүхэд хандсанаар хүүхэд тоглох, хөгшид нарлах газраа авч үлдсэн билээ. Усан оргилуур, хүрхрээ, хүүхдийн тоглоомын талбай, унадаг дугуй, тэшүүрийн зам бүхий уг цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, шинэчлэн засахад тэрбум 450 сая орчим төгрөг зарцуулсан аж.
“Дөрвөн жилийн өмнө бид энэ цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төслийг гаргасан. Орон сууцны гаднах талбайн 40 орчим хувь нь ногоон байгууламж байх ёстой” гэж “Кон-Инженерс” ХХК-ийн захирал Б.Онх ярив. Усан оргилуурын дундах цэнхэр даашинзтай гүнжийн барималд хүмүүс нүд унагаж байсан ч тэрбээр “Энэ баримлын хийц, материал нь тааруухан. Уг нь мөлгөр гадаргуутай бол эдэлгээ удаан байдаг” гэв.
Үнэхээр тийм бололтой, тус баримал захаасаа ховхорч унасан харагдана. Цэцэрлэгт хүрээлэнгийн гадна талыг тохижуулж буй “Монгол тохь” компанийн захирал Ц.Цэрэндулам “Бид япончуудаас туршлага судалж, тэдний технологиор ногоон байгууламжийн ажлаа гүйцэтгэж байна. Шинээр 4000 бутлаг ургамал, 157 шинэс, нарс, хус тарьсан. 1500 ам метр зам талбайг шинэчлэн тавилаа. Улаанбаатар хотын мод бутыг ногоон байгууламжид тохирно гэж япончууд үздэг. Тиймээс хуучин модоо хэлбэрт оруулан, арчилж тордсон. Ер нь том мод шилжүүлэн суулгах нь зөв. Жижиг, залуу мод өвөл нь хөлдөөд, олигтой ургадаггүй. Японд 400 настай модыг хүртэл шилжүүлж суулгадаг” гэлээ.